2010.01.11

УИХ-ын гишүүд "Сэтгэлийн дэм" аян өрнүүлж байна

Өвөлжилт хүндрээд байгаа Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, "Сэтгэлийн дэм" туслах аян өрнүүлэх санаачилга гаргаснаа мэдэгдлээ. Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдийг төлөөлөн Г.Занданшатар гишүүн "Улсын хэмжээнд Увс, Ховд, Баянхонгор, Зөвхөн, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрээд байна. Зун бороо хур ороогүйгээс бэлчээрийн гарц муутай байснаас мал сүрэг тарга тэвээрэг авч чадаагүй.

Мөн малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүд нутгийн зөвлөлийнхөнтэйгээ хамтран "Сэтгэлийн дэм" туслах аян өрнүүлэхээр санаачлаад байна. Нийслэлд амьдарч буй нутаг нутгийн иргэд, нийслэлчүүддээ хандаж, цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад туслахыг хүсэж байна" гээд тусламжийн эхний цувааг хоёрдугаар сарын 1-нд сум сум руу явуулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд "Сайхан сэтгэлээр хандаж, малчдад хүргүүлэх нэг боодол шүдэнз ч багадахгүй гэдгийг хэвлэлийнхнээр дамжуулан иргэдэд хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа.

Говь-Алтай аймгаас сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн "Олон зам, даваа хаагдсанаас малчид, оторчдоос харилцаа тасраад байна. Нутгийн олондоо туслах хөдөлгөөнийг аймаг, сумдын нутгийн зөвлөлийнхөн зохион байгуулан идэвхтэй оролцож байгаа. Говь-Алтай аймгийн Халиун суманд суугаа малчин аав ээж, ах дүү, хамаатан садандаа хүргэх тусламжийг бид тэнд хүргэнэ. Засаг, төрийг харж суулгүйгээр rap сэтгэл нийлэн өвөлжилтийг хамтдаа даван туулъя" хэмээн нийт иргэдэд хандаж уриалж байгаагаа хэлсэн.

Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт гишүүн "Өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгооч гэсэн хүсэлтийг төр, засагг тавиад байгаа. Мөн малчид малаа нядалж байна. Тиймээс махыг нь экспортод гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Энэ удаагийн аян аль сумын хэнд гэж тусламжаа хаяглана тэр хүндээ очно гэдгээрээ онцлог" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүдийн зүгээс бололцоогоороо өвс, тэжээл ачуулахын төлөө ажиллаж байгаа аж. Мөн тэд тусламжийн барааг хүргэх зардлыг Засгийн газартай ярьж тохирохоор шийдээд байгаа юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.