УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн өвөлжилтийн талаар гаргасан хүсэлт нааштай шийдэгдлээ
2010.01.09

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн өвөлжилтийн талаар гаргасан хүсэлт нааштай шийдэгдлээ

Энэ хүсэлтэд Өмнөговь аймаг өвөлжилтийн байдал хүндэрч, нутгийн ихэнх хэсэг их хэмжээний бүрхүүл тогтож, хүйтний эрч урьд жилүүдээс чангарч байгаагаас Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан дугаар тогтоолууд гарган хэрэгжүүлж байгаагаа дурджээ.

Гэсэн хэдий ч өвөл, хаврыг гарз хохирол багатай даван туулахын тулд илүү эрч далайцтай ажиллах шаардлагатай байгааг өгүүлээд өвс тэжээлийн нөөцийг хүрэлцээтэй хэмжээгээр бүрдүүлэхэд болон малчин өрхүүдийн хүнсний барааны хангамж сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг асуудлаар хамтран ажиллахыг хүсчээ.

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага хамтран өвөл, хаврыг гарз хохирол багатай даван туулахын тулд БНХАУ-тай тал нэг сая юаны өвс, тэжээл нийлүүлэхээр болсон байна. Тус аймгаас бие төлөөлөгч гарч Баяннуур хотын хошуудад өвс, тэжээлийн төрөл, хэмжээг тохиролцох, дээж авч шинжилгээ хийлгэхээр ажилласан байна. Ингээд 2009 оны 12-р сарын 1-нд Монгол улсын шадар сайд М.Энхболдод “уг өвс, тэжээлийг хилээр нэвтрүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг” хүссэн байна. Энэхүү хүсэлт болон өвөл хаврыг даван туулахтай холбоотой захидлуудын хуулбарыг хавсаргаж, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус хүргүүлжээ. Хүсэлтэд шадар сайд шуурхай хариу өгч, хэрэгжүүлсэн байна.
Өвс, тэжээл импортлон оруулах зорилгоор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл-Уул гэдэг газарт хилийн түр гарцыг нэг удаа нээв.  Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор өвс, тэжээл, мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудлыг холбогдох яамдад даалгажээ.
Эдгээр ажлуудын үр дүнд одоогийн байдлаар ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Гашуунсухайтын боомтоор 600 тн орчим тэжээл орж ирээд байгаа аж.

Харин Альшаа аймгаас нийлүүлэхээр тохиролцсон өвс, тэжээлийн асуудал шийдэгдээгүй байгааг Монгол улсын Ерөнхий сайд Сү.Батболдод хандан хүсэлт гаргажээ. Хүсэлтдээ “Өвөлжилтийг даван туулах” тухай тогтоолуудын хэрэгжилтийг орон нутагт шуурхай зохион байгуулах, Хятадын талтай зөвшилцөх талаар холбогдох яамд, агентлагуудын удирдлагуудад дахин үүрэг даалгавар, чиглэл өгөхийг хүссэн байна. Хүсэлтийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Засаг даргын орлогч Д.Мөнхтулга нарт илгээжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.