Туулах Чадвар сайтай машинууд замдаа гарлаа
ЗИЛ-131, ГАЗ-66, УРАЛ-375 маркийн машиныг аймгуудын Онцгой байдлын хэлтэс цасанд хаагдсан зам, даваануудад зам гаргах, алслагдсан сум, багийн малчдад өвс, тэжээл, эм тариа, төрийн үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа зэргийг хүргэхэд ашиглана.
Автомашин хүлээлгэн өгөх ёслол 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, тус яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцов.
Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгч, тусламжийн гараа сунгаж байгаад Шадар сайд М.Энхболд Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлсэн байна.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласнаас гадна бэлэн байдлын түвшингээ нэмэгдүүлэхээр болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.