Д.Оюунхорол гишүүний санаачилгаар “Малчиддаа туслая” аян өрнөж байна
Завхан аймагт байгаль цаг уур хүндэрч хөдөөгийн малчин иргэд тун хүнд нөхцөлд зудын байдалтай байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сэтгэлийн дэм” хандивын аян зарласан билээ. Тус аяны хүрээнд Завхан аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс сайн санааны тус хүргэх Уриалга гарган “Малчиддаа туслая” аян зарлажээ.
Төвийн хамт олон малын нэмнээ, малтуур, дулаан дээл, хувцас, хөвөнтэй бээлий, дэгтий хийж энэхүү аяны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, биенес эрхлэгчид, мөн тус төвийн сургалтад хамрагдсан болон нийт иргэд, албан байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж, хандивын хайрцаг аялуулах, сэтгэл санааны дэм өгсөн, аяны үйл ажиллагааг дэмжсэн гарын үсэг цуглуулах ажлыг хийж эхэлсэн байна.
Сайн санааны аянд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгжийг шалгаруулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төвийн дурсгалын зүйл, гарын авлага, эрхэлж байгаа ажил, бизнесийнхээ сурталчилгааг телевизээр нэвтрүүлэх эрх, төвийн бойжигчдын бүтээгдэхүүний дээж зэрэг урамшууллыг олгох юм .
“Малчиддаа туслая” хандивын аянг 2010 оны нэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр сарын 21 хүртэл 10 хоногийн хугацаатай зарлаж байгаа ажээ.
Төвийн хамт олонтой 22168, 22199 утсаар холбогдохын зэрэгцээ хандивын дансыг Хаан банкны /5495366985/ дансанд нээгээд байгаа юм байна.