Р.Бурмаа: Их хуралд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь хувийн шинж чанартай байдаг
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.10.13

Р.Бурмаа: Их хуралд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь хувийн шинж чанартай байдаг

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Иргэдийн өргөдлийг хүлээн авч тухайн асуудлыг шийдвэрлэж өгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа Өргөдлийн байнгын хороо иргэдтэй ойр ажилладаг. Иргэдийн зүгээс ямар өргөдлүүд ихэвчлэн ирдэг вэ?

Өргөдлийн байнгын хороо УИХ-аас батлан гаргадаг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих асуудлаар ирүүлсэн өргөдлийг бүхий л салбараар хүлээн авч ажилладаг. Жилд 2000 гаруй өргөдөл иргэдээс ирдэг.

Байгаль орчны нөхөн сэргээлт, учирсан хохирлыг төлүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарлах, шүтдэг уул ус, малын бэлчээр, байгалийн дурсгалт газруудыг хамгаалалтад авахуулах, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудал, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүнсний аюулгүй байдал, боловсрол, газрын маргаантай асуудлууд гээд бүхий л чиглэлээр өргөдөл ирүүлж байна.

Уул уурхайн үйл ажиллагаанаас болж олон салаа зам гарч бэлчээр талхлагдан, тоосжилт үүсэх, мал, хүний өвчлөл нэмэгдэж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар хандаж байна.

Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, халамжийн асуудал, шүлхийн голомт дээр олон хоногоор ажилласан байтал ажилласан хугацааны цалин, вакцинжуулах ажил дээр ажилласан зардлыг өгөхгүй байна гэсэн өргөдөл ирж байна.

-Өргөдлийн байнгын хороонд ямар шат дамжлагаар иргэдээс өргөдөл ирдэг вэ?

Өргөдлийн байнгын хороо болон байнгын хорооны даргын нэр дээр хаяглагдсан бүх өргөдөл шууд ирнэ. Харин бусад байнгын болон дэд хороод Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлсэн өргөдлийг манайхаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бол бид хүлээн авдаг. УИХ-ын гишүүн өөрт ирсэн өргөдөлтэй эхлээд өөрөө танилцана.

Ингээд манай байнгын хороогоор шийдвэрлүүлэх үү, өөрөө шийдвэрлэх үү гэдэг түүний бүрэн эрхийн асуудал. Өргөдлөө шуудангаар, и-майлээр, ТҮЦ машинаар гээд өргөдөл хүсэлтээ гаргаж болох бүхий л хэлбэрээр хандаж болно. УИХ-ын цахим хуудас, манай байнгын хорооны цахим хуудас, facebook, twitter хуудсаар орж санал хүсэлтээ илгээж болно.

Өргөдлөө шуудангаар, и-майлээр, ТҮЦ машинаар гээд өргөдөл хүсэлтээ гаргаж болох бүхий л хэлбэрээр хандаж болно.
-Байнгын хороо ямар асуудлуудыг хэлэлцэх гэж байна вэ?

Байнгын хорооны дараагийн хуралдаанаар малын хулгайтай тэмцэх талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэнэ. Гэмт хэргийн тухай хуульд малын хулгайг бие даасан зүйл анги байлгах уу, өмчийн эсрэг бусад гэмт хэргийн хүрээнд шийдвэрлэж явах уу гэдэг дээр санал зөрүүтэй асуудал бий. Тусад нь зүйл анги оруулаагүй нөхцөлд нэг хонь хулгайлсан байлаа гэхэд хохирлын дүнгээрээ хэрэг үүсгэх хэмжээнд хүрэхгүй.

Тусгайлсан зүйл анги оруулчихаар малын хулгайг заавал ингэж онцлох уу, бас нийгэмд ямар эерэг, сөрөг үр дагавар авч ирэх вэ гэдэг асуудал байна. Малын хулгайн гэмж хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна. Цаашлаад Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Газрын тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой олон өргөдлүүдийг хэлэлцэхээр бэлтгэж байна.

-Байнгын хороонос иргэнд ашигтай ямар асуудлууд шийдвэрлэж чадсан бэ?

Өргөдлийн байнгын хороо 2014 он гарсаар иргэдийнхээ өргөдлийн дагуу 19 асуудлыг хэлэлцэж хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөөд байна.

Тухайлбал:

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоохтой холбоотой хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг арилгуулах, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах;

Боловсролын салбарт ажиллаад тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийг зарим шалтгаанаар олгохгүй явж ирснийг шалгаж, иргэдийг хохиролгүй болгох, хуулийн заалтыг хэрэгжүүлэх;

Төрийн албаны хуульд заасан төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг байгууллагаас олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчид тусламж үзүүлэх журмыг өнөөдрийг хүртэл батлан мөрдөөгүй явж ирснийг шийдвэрлэх, шаардагдах зардлыг төсөвт тусгах;

Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа асуудлуудаар 23 заалт бүхий тогтоолыг баталж, Засгийн газарт тус тус чиглэл өглөө.

-Танай байнгын хорооныхон Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандэлийн агуйн нөхцөл байдалтай танилцахаар яваад ирсэн гэсэн. Нөхцөл байдал нь газар дээрээ ямар байна вэ?

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдээс гаргасан өргөдлийн дагуу Байнгын хороо ажиллаж байна. Энэ бол олон иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж гаргасан өргөдөл. Их хуралд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь хувийн шинж чанартай орон гэр хүсэх, сургалтын төлбөр, эмчилгээний мөнгө хүссэн өргөдлүүд байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар их өргөдөл гаргаж байна.

Цагаан дэлийн агуй

Иргэд хувийн өргөдлөө шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандах хэрэгтэй. Ахуйн шинжтэй асуудлаар туслалцаа хүссэн өргөдлүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарахгүйгээс гадна хориглогдсон байдгийг ойлгох хэрэгтэй. Цагаан дэлийн агуйн асуудлыг манай байнгын хорооны төлөөлөгчдөөс гадна мэргэжлийн хяналтын байцаагчид, нөгөө талаас агуй судлаач эрдэмтдийг оролцуулан шалгаж судалсан.

Энэ орчмын газрыг лицензээр таван компани дамжуулан эзэмшиж ашигласан. Энэ хооронд бас нутгийн нэг иргэн энэ агуйгаас хууль бусаар ашигт малтмал олборлох явцдаа дэлбэлж, унаган төрхийг нь алдуулсан гэж байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлт удахгүй гарч байнгын хороогоор хэлэлцэгдэнэ.

-Цаашид яахаар болсон бэ?

Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авч өгөөч гэсэн иргэний хүсэлт байна. Гэвч орон нутаг энэ тухай шийдвэрээ гарган Их хуралд тавих ёстой. Одоогийн байдлаар орон нутгаас Их хуралд энэ талаар ямар нэгэн хүсэлт шийдвэр ирээгүй байна. Сумын тусгай хэрэгцээнд авсан байна. Мэдээж унаган төрх нь алдагдсан энэ агуйг сэргээх хэрэгтэй болно.

-Арева компанийн үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Нутгийн иргэд бол маш бухимдалтай байдаг шүү дээ?

Улаанбадрах сумын иргэнээс өргөдөл ирүүлэхдээ үхрээс бусад малын дотор эрхтэн усжилт явагдсан, уушги нь яр шархтай, элэг нь цагаан толботой болсон байдаг тул хүнсэнд хэрэглэдэггүй гэжээ. Мэргэжлийн байгууллагаар шалгуулж байж энэ талаар ярих боломжтой болно.

Бидний үйл ажиллагаа иргэд та бүхнээс ирүүлсэн өргөдөлд тулгуурладаг тул Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг шалгуулах, сайжруулахтай холбоотой бүхий л асуудлаар санал, хүсэлт гарган хамтран ажиллаарай гэж хүсч байна.