Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг уриаллаа
Энэхүү аялалыг Шинэ Зеландын иргэн Эндрью Паркер санаачилсан юм.
2014.10.14

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг уриаллаа

“Хүүхдийн төлөө өндөрт нисье” нэртэй дэлхийг тойрсон агаарийн бөмбөлөгтэй аялал Монголд ирлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү аялалыг Шинэ Зеландын иргэн Эндрью Паркер санаачилсан юм.

Тэрээр дэлхийн 100 гаруй орноор аялж, халуун агаараар ажилладаг нисдэг бөмбөлгийг хөөргөх бөгөөд ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд эдгээр хөтөлбөрүүдэд зориулан нэг сая ам.долларын хөрөнгө босгох юм. Аялалын хугацаанд тэрээр дэлхийн 200 гаруй сургуулиар зочилж, 80 000 гаруй хүүхэдтэй уулзах төлөвлөгөөтэй юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч чадахгүй гэсэн хандлагыг халж, харин тэр хүүхэд бусадтай хамт сурах боломжийг нь бүрэн хангасан сургууль, багш, орон нутгийг бий болгохын төлөө нийгмээрээ ажиллах ёстой гэдгийг дэлхийн улс орнууд уриалж, хэрэгжүүлж байна.

Улаанбаатарт болж буй арга хэмжээ Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө “Хамтдаа сурч, хөгжье!” уриан дор хийгдэж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо, “Түгээмэл хөгжил” ТББ, “Монголын Дауны холбоо” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, 29, 70-р дунд сургууль, Шинэ эрин сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар