Б.Жавхлан: Хэдэн даатгалын компаниа буланд шахчихаад дампуураг гээд орхивол салбар хөгжихгүй
"Мандал женерал даатгал" компаний иргэд хариуцсан захирал Б.Жавхлантай ярилцлаа.
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хууль батлагдаад гурван жил боллоо. Одоо харахад хуулинд юуг өөрчилж, хасч, нэмэх шаардлагатай байгааг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юу?
Уг хууль гарснаар олон давуу тал бий болсон. Даатгуулагчийн зүгээс харвал уг даатгалыг хуульчилсан учраас хүмүүс заавал даатгуулах хэрэгтэй болж санхүүгийн эрсдлээс гарах зам нээгдсэн. Өмнө нь хүмүүс даатгалыг татвартай адилтган хүлээж авдаг байсан бол одоо ач холбогдлыг нь ойлгодог болж.
Харин даатгалын компаниудын зүгээс үзвэл хүмүүс даатгалын мөн чанарыг ухаарч даатгуулдаг болсноор энэ зах зээл хөгжих боломж бүрдсэн. Гэхдээ жолоочийн албан журмын даатгалд хамгийн төвөгтэй асуудал бол хураамжийн хэмжээг бага тогтоож өгсөн явдал. Даатгалд нөхөн төлбөрөөс гадна тэр бүх үйл ажиллагааг явуулахад багагүй зардал гардаг. Тухайлбал өнгөрсөн жил жолоочийн албан журмын даатгалаас 15 тэрбумын сан бүрдүүлж бараг 11 тэрбумыг нөхөн төлбөрт өгсөн. Түүнчлэн даатгалыг зуучлалын компаниудаар дамжуулж бичдэг учраас зуучлагчдад 20-30 хувийн шимтгэл төлдөг. Тэгэхээр ашиг гэх юм бараг байхгүй. Дээрээс нь үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Зарим компаниуд хасах баланстай гарч байна.
Анх хууль гарангуут даатгалын компаниуд ашигтай байна гэж бодоод энэ зах зээл рүү хошуурсан. Гэтэл хуулиар 33 000 мянган төгрөгөөр хураамжийн хэмжээг тогтоохдоо цаашид болох инфляцийн нөлөөг огт авч үзээгүй учраас даатгалын сан тогтвортой байгаа ч нөхөн төлбөрийн хэмжээ жил ирэх тутам өсч байна. Байдал энэ хэвээр үргэлжилвэл компаниуд энэ даатгалыг хийхээ болино.
- Хуулинд заасан итгэлцүүрүүд хэрэгжиж байна уу?
Хуулинд заасан есөн итгэлцүүрийг тооцоолох ажил Санхүүгийн зохицуулах хорооны журмаар зохицуулагддаг. 33 мянган төгрөг гэдэг 2011 оны ханшаар тогтоосон тариф. Гэтэл гурван жил өнгөрөхөд сэлбэг, засварын үнэ өссөн. Тэгэхээр итгэлцүүрийн журмыг өөрчлөх хэрэгтэй.
- Даатгалаар дамжуулж жолоочдыг хариуцлагажуулах боломж бий юу?
2011 онд хүмүүс даатгалаас мөнгөө авч чадах болов уу гэсэн итгэлгүй байдлаар ханддаг байсан. Нэг жил өнгөрөхөд авч болдог юм байна гэдгийг ойлгосон. Харин 2013 оноос авч болж байгаа юм чинь ашиглах хэрэгтэй гэсэн хандлага ажиглагдсан. Осол гаргасан жолоочид даатгалаас мөнгийг нь өгчихөөр тэр хүний хариуцлага улам сулардаг. Замын цагдаагаас захиргааны хариуцлага зөрчсөн гээд багахан мөнгөөр торгодог ч энэ нь нөлөөлж чаддаггүй. Зарим жолоочид “даатгалтай юм чинь яадаг юм” гэсэн байдлаар замын хөдөлгөөнд маш болгоомжгүй оролцдог.
2013 оны судалгаанаас харахад 20 орчим мянган машин осолдсон. Нөхөн төлбөрийн дундаж хэмжээ 566 мянган төгрөг байна.
Ялангуяа хуучин солонгос машинтай таксинд явдаг жолоочид. Манай компаниас жилд 4, 5 удаа нөхөн төлбөр авсан хүмүүс байсан. Олон хавар нэгэндээ гэгчээр тэгж их осол гаргадаг жолооч хүн дайрчихвал яах уу? Тиймээс миний бодлоор захиргааны хариуцлага тооцох механизмыг чангатгах хэрэгтэй. Машин муу барьдаг маш олон хүн замын хөдөлгөөнд оролцож байна. Хөгжингүй орнуудын хувьд осол их гаргадаг жолоочийг даатгахаас татгалзах юмуу эсвэл маш өндөр үнээр даатгадаг. Даатгалгүй бол замын хөдөлгөөнд оролцох эрхгүй учраас жолооч замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцдог.
- Жолооч нарыг хариуцлагажуулах ажлыг Замын цагдаагаас санаачлах хэрэгтэй.
Нэг талаас даатгалын компаниудын хувьд энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд хураамжийн хэмжээг нэмэх хэрэгтэй гэсэн нэгдсэн байр суурьтай байна. Гэтэл нөгөө талаас манай улсын амжиргааны түвшин доогуур, замын хөдөлгөөн нь дэлхийд хамгийн аюултайд тооцогддог, автомашин, сэлбэг үйлдвэрлэгч орон биш учраас зах зээлийн шаардлага, бодит амьдрал хоёр зөрчилдөөд байна?
Жолоочийн албан журмыг даатгалыг нэгэнт эхлүүлсэн учраас үргэлжлүүлэх нь зүйтэй. Бид импортлогч орон учраас үүнийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ даатгал бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй нь гарцаагүй. Хэрвээ таны машиныг ямар ч төлбөрийн чадваргүй нэг хүн мөргөчихвөл яах вэ? Энэ тохиолдолд даатгал л хэрэг болно.
- Хохирлын үнэлгээний хувьд та юу хэлэх вэ?
Үнэлгээний компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авдаг. Даатгалын компаниудын хувьд өөрсдөө тухайн хохирлыг хэдээр үнэлэх талаар баримжаа байдаг. Тиймээс үнэлгээний компаниуд худлаа үнэлэх боломжгүй бөгөөд үнэлгээ зах зээлийн дунджийг барьдаг.
- Жолоочийн албан журмын даатгалын хууль гарахад даатгалын компаниуд өөрсдөө ухамсартайгаар энэ зах зээлд орсон. Үнэндээ энэ төрлийн даатгалаас татгалзах эсэх нь зөвхөн тэдний хэрэг биш гэж үү?
Даатгалын компаниудад нэг алдаа бий. Энэ салбарт өнөөдөр үнийн дайн явагдаж байна. Иргэдээс илүү их хураамж авахын тулд нэг нэгнээсээ өрсөөд бодит тооцооллоос доогуур үнээр даатгачихдаг. Энэ тохиолдолд нөөцийн сангийн зохистой түвшинг тодорхойлж байдаг актуарчид юу хэлэх нь компаниудад хамаагүй болчихдог.
Миний бодлоор удахгүй компаниуд эхнээсээ дампуурна. Санхүүгийн зохицуулах хороо ч бидэнд хамаагүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэдхэн компаниа буланд авааччихаад дампуураг гээд хаячихвал энэ салбар чинь хөгжихгүй. Нөгөө талаас хоёр гуравхан компани үлдвэл хохиролын дуудлагын ачааллыг даахгүй.