УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.10.30

О.Баасанхүү: Улсын эмнэлгүүд эмийн сантай байж яагаад болохгүй гэж

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийн сантай байх тухай / хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 34, эм ханган нийлүүлэх байгууллага 111, эмийн сан 1200 байгаа гэсэн судалгаа байна. Өнөөдөр иргэдийг чанартай, баталгаатай эмээр хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа.

Энэ талаар гишүүн хэлэхдээ “Эмийн бизнесийг эрүүл мэндийн яамнаас хууль бусаар монополчилсон байна гэж ард иргэдээс байнга шүүмжилдэг. Тэрийг л би  бас шүүмжилсэн. Хувийн эмнэлгүүд эмийн  сантай байж болж байна. Үүнтэй адил улсын эмнэлгүүд эмийн сантай байж яагаад болохгүй байгаа юм. Өвчтөн тодорхой эмчилгээг төрөөс даатгалаар авдаг бол эмнэлгийнхээ хяналтанд чанартай хямд эмийг авч болно. Үүнийг ярихад бүгд хэтэрхий улстөржөөд дэмжихгүй гэж байгаа нь их харамсалтай байна. 

Иймээс тухайн эмч өөрийн харьяа эмнэлгийнхээ эмийн сантай цахимаар холбогдож өвчтөнд ямар эм шаардлагатай байгааг хэлж, эмчилгээ явуулдаг байх нь үр дүнтэй, баталгаатай гэж үзсэн. Бусад улс орон бүгд энэ жишгээр ажилладаг. Харин гадуурх эмийн сангуудын үйл ажиллагааг хаах асуудлыг энд яриагүй.

Эмийн худалдаанаас эргээд ашиг нь орж ирдэг тул төсөвт хүндрэл үүсэхгүй. Өвчтөн, эмч хоёрыг холбодог эмийн үйлчилгээг үзүүлэхэд чанартай, баталгаатай эмийн сан хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн.