Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов
2016.05.20

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов

Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг эхэлж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар зарчмын зөрүүтэй зарим саналын талаар ажпын хэсгээс тодруулан асууж, зохих хариулт авсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулга авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад төслийн 9.1 дэх хэсгийг “9.1.Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эмийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг /цаашид “Эмийн зохицуулалтын байгууллага” гэх/ байна.” гэж өөрчлөн найруулж, 28.3 дахь хэсгийн “Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Эмийн зохицуулалтын байгууллагад” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Д.Сарангэрэл нар болон Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нар тайлбар өглөө.

Ингээд уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.2 хувь нь дэмжсэнгүй. Энэ санал дэмжигдээгүй учраас байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгах боломжгүй болсон тул Засгийн газраас бичиг иртэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар боллоо.