Т.Бадамханд: Би тэтгэвэрт гарчихаад өдөр нь ямаагаа хариулаад орой нь дээлээ оёдог байсан
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Ахуйн үйлчилгээний салбарын төлөөлөл болгож ахмад оёдолчин, үндэсний хувцас урлаач Т.Бадамхандтай ярилцлаа.
-Таны тэтгэвэр амьдралд тань хүрч байна уу. Ахуйн үйлчилгээний салбараас тэтгэвэрт гарсан ахмадуудын амьдрал хэр байна гэж боддог вэ?
Би улсын үйлдвэрлэл хоршооллын байгууллагад насаараа ажилласан хүн. Үндэсний дээл хувцас урлаж, жанжин малгай, хөөрөгний даалин, тоорцог гээд олон хувцсыг оёдог байлаа. Гучин жил ажиллаад, зургаан хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарсан. 1991 онд тэтгэвэр тогтоолгоод гарсан ч манай байгууллага намайг эргээд дуудаж 1992-1996 он хүртэл ажилласан. Тухайн үе зах зээлийн шилжилттэй байсан учир Шилмэл загвар маань хувьд шилжиж, хэцүү үеийг туулж байсан. Тэр үед би компаниа орхилгүйгээр хүчин зүтгэсэн. Тэрний хүчинд миний тэтгэвэрт компанидаа л өндөр тогтож байсан юм.
Тэгээд 1996 онд өвгөн маань хотын зах руу гарч, хийдийн харуул хийж, ямаа өсгөе гэсэн учир ажиллахаа больсон.
Би тэтгэвэрт гарчихаад өдөр нь ямаагаа хариулаад орой нь дээлээ оёж амиа тэжээж байсан. Таван хурууныхаа авьяасаар л амьдарсан. Би нийт 67 жил юм оёж байна. Торгоны өөдсийг хүртэл хайрлаж, дээгүүр нь гишгэдэггүй.
-Өнөөдөр та хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг вэ. Юунд зарцуулдаг вэ?
226 мянган төгрөг авдаг. Жоохон мах аваад, цагаан идээ авахаар тал нь байхгүй болчих юм. Тиймээс тэтгэврийг нэмбэл нэмсэн шиг нэмвээр байна. Хэрвээ 500 мянган төгрөг болгочихвол автобусанд үнэгүй явуулахаа больж болно шүү дээ.
Түүнээс биш 300 мянган төгрөг болговол хаанаа ч хүрэхгүй. Өнөөдөр тэтгэврийн хэдэн төгрөгөөр хоолоо л залгуулахаас биш түлээ түлш авья гэвэл хэцүү.
-Одоо ахмадуудыг илүү сайхан амьдруулахын тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ. Хууль эрх зүйн үүднээс сайжруулах зүйл юу байна?
Ахмадын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Би дэмжиж байгаа. Би дүүргийн ахмадын хороон дээр орсон чинь бэлэг тэмдэг шиг ажилладаг юм билээ. Харин Ахмадын чөлөөт холбоо ёстой хүчтэй байгууллага.
Энэ байгууллагыг төр засгаас дэмжээсэй гэж боддог. Ахмадууд бидэнд дэмжлэгээс гадна боломж хэрэгтэй байна.
-Ямар боломж вэ?
Миний хувьд монгол үндэсний хувцас, хээ хуар, угалзыг яг ном журмынх нь дагуу хүмүүст сургахыг хүсдэг. Тийм ч утгаараа биднийг амьд байгаа дээр ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн хичээл дээр зөвлөх багшаар ажиллаж, эсвэл лекц уншихыг хүсдэг. Угалз, хээ тавих учир чинь их жанцантай. Заримдаа буруу заагаад л байна уу гэж бодогддог. Монгол гэсэн юм бүхэн нар зөв тодотголтой явдаг гэдгийг анхаараасай.
-Та юугаараа бахархдаг вэ?
Би дөнгөж наймдугаар ангийн боловсролтой гэхэд их зүйлийг санаачсан. Малчдад зориулсан олон хувцасыг хийсэн. Жолооч малгай, авагддаг нударга, тэмээчний цув гээд зохион бүтээгч, эсгүүрчидтэйгээ хамтраад олон сайхан бүтээл хийж байсан.
Би үндэсний хувцас хийдгээрээ бахархдаг. Монгол хүн байсан цагт монгол дээл байхгүй болно гэж байхгүй. Үүнийг хийхээс өөр аргагүй юм гэдгийг их бодож явдаг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
Надад одоо гурван зорилго бий. Эхнийх нь Хуримын ордныг Монголын бүх ястныхаа дээл хувцастай болгох, монгол хүн дээлээ өмсөөд хуримаа хийгээсэй гэж боддог. Дараагийн зорилго маань баруун аймгийн малын нэхийгээр малчиддаа зориулж, хуучин монгол аргаар бэлтгэсэн нэхийгээр малчны хувцас хийх юмсан гэж санадаг. Сүүлчийнх нь аавдаа зориулж дуу хийлгэх юмсан гэж хүсдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны хүсэл биелэх болтугай.
-Баярлалаа. Танай хамт олон бас ажлын амжилтыг хүсье. Түмний төлөө хийж байгаа ажил үргэлж бүтдэг юм шүү.