Г.Агар-Эрдэнэ: Ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах нь хамгийн чухал асуудал
Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ
2014.10.31

Г.Агар-Эрдэнэ: Ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах нь хамгийн чухал асуудал

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ ч үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй дэлхийн хүн амын насжилтын байдал, ирээдүйд тулгарах бэрхшээл болон ахмад настны эрхийн талаар ярилцлаа.

-Олон улсад ахмад настан гэж ямар хүнийг тодорхойлдог юм бэ? Ингэж асуусны учир нь манай улсын хууль тогтоомжоор эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хүрч тэтгэвэрт гарчихсан мөртлөө ахмад настан гэсэн ангилалд оролгүй олон хөнгөлөлт, чөлөөлөлтөөс хоцордог.

Дэлхийн улс орнуудын соёл, шашин шүтлэг, зан заншил зэргийн ялгаатай байдлаас хамааран ахмад настныг тодорхойлох асуудал мөн ялгаатай. Тиймээс үүнийг харгалзан үзэж НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын зүгээс тэднийг он цагийн нас (chronological age)-аар нь тодорхойлох хандлагыг илүүтэй баримталж байна. Энэ нь бусад улсуудын хувьд ахмад настныг тодорхойлоход хэрэглэх нэг мөр аргачлал болох давуу талтай.

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хороо “ахмад настан” гэх нэршлийг (францаар – personnez agees; испаниар – personas mayores) сонгосон ба Ерөнхий Ассамблейн 47/5, 48/98  тогтоолд энэ нэр томьёог ашигласан байдаг. НҮБ-ын статистик мэдээллээс үзэхэд уг нэр томьёонд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийг хамруулдаг.  65 нас бол тэтгэвэрт гардаг нийтлэг нас буюу түүнээс дээш насанд тэтгэвэрт гарах хандлагатай байдаг учир “ахмад настан” гэх нэр томьёонд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг ойлгоно гэж Европын Холбооны статистикийн үйлчилгээний Евростат үздэг.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар ихэнх хөгжингүй орнууд хамгийн багадаа 65 настай хүнийг ахмад настны ангилалд хамааруулж байгаа. Энэ нь тэтгэвэр тогтоолгох насны хязгаартай холбоотой. Үүнтэй адил НҮБ хөгжингүй орнуудад 60, хөгжиж буй орнуудад 50-55 насыг ахмад нас гэж тооцож болохыг зөвлөсөн байдаг.

-Дэлхийн хүн амын бүтцэд өндөр настан, ахмадуудын эзлэх хувийн жин ихэсч байна гэдэг. Энэ нь хэр бодитой вэ. Манай улсын хувьд насжилт хэр байх бол?

Дэлхийн хүн амын насжилт харьцангуй тогтворжих хандлагатай байна. Үндсэндээ 2050 он гэхэд дэлхийн хүн амын 20-иос илүү хувийг 60 ба түүнээс дээш настай хүмүүс эзлэх тооцоо гарсан.

60 ба түүнээс дээш настны тоо 2001 онд 600 сая байсан бол 2025 онд 1.2 тэрбум болж өснө гэсэн судалгаа хийсэн. Энэ үед ахмад настны 70 хувь нь өнөөгийн хөгжиж буй орнуудад амьдарч байх болно гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо таамагласан байдаг.

Харин түүнээс дээш настай нь 2004 онд 50 сая болж өссөн бол, цаашид ч эрчимтэй өссөөр 2025 онд 137 саяд хүрэх магадлалтай байна. 1950- 2025 оны хооронд 60 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүс зургаа дахин, нийт хүн ам гурав дахин өснө гэсэн тооцоотой харьцуулбал 80 ба түүнээс дээш насны бүлгийн хүмүүсийн тоо 10 дахин өснө гэж үзвэл хүн амын хамгийн хурдацтай өсөж байгаа бүлэг нь ахмад настнууд гэдгийг илтгэж буй юм.

-Манай улсын хувьд ямар байна вэ?

Монгол Улсад ч мөн адил ахмад настнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Одоогоор нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 8 орчим хувийг эзэлж байгаа бол 2025 он гэхэд энэ тоо 10 гаруй хувь болж нэмэгдэх хандлагтай байна.

-Насжилт нэмэгдэх нь нийгэм эдийн засагт ямар үр нөлөөтэй байдаг вэ. Ирээдүйд үүсэх эрсдэл нь юу байх бол?

Эдгээр тоо томоохон өөрчлөлтийг дүрслэхийн зэрэгцээ багагүй үр дагавар, урьдчилж тааварлашгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Ирээдүйд улс орон, олон  улсын түвшинд нийгэм, эдийн засгийн бүтцэд нөлөөлөх хандлагатай нь ойлгомжтой. Иймд олон улсад нийгмийн эмзэг, анхаарал шаардсан бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цагаач иргэдээс дутахгүй ахмад настны эрхийг мөн адил онцгойлон анхаарах шаардлага үүснэ.

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо аж үйлдвэржсэн улс орнууд нийгэм, эдийн засгийн бодлогоо, тэр дундаа нийгмийн хамгааллын бодлогоо хүн амын насжилтад тохируулан боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу л явах ёстой.

Манайх шиг хөгжиж буй улс орнуудад хүн амын залуу бүлгийнхний дунд цагаачлал ихэссэн, гэр бүлийн уламжлалт үүрэг алдагдсан, ахмад настай хүмүүст үзүүлэх дэмжлэг суларсан зэргээс хамааран ахмад настнууд нийгмийн хамгаалалд тэр бүр хамрагдаж чадахгүй байх, эсвэл тааруу хамрагдаж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

Тэр дундаа ахмад настан өөрийн эдэлбэл зохих эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдээ хангалттай эдэлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй ханддаг.

-Нийгэм, эдийн засаг, соёлын эрхэд ямар эрхүүд ордог юм бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Өдгөө НҮБ-аас баталсан олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, гэрээ, конвенцуудад ахмад настны эрхийг тусгайлан зохицуулсан нь үгүй. Харин бүс нутгийн шинжтэй олон улсын гэрээнд, тухайлбал, Хүний эрхийн тухай Америкийн конвенцийн Нэмэлт протоколийн 17 дугаар зүйл, Европын холбооны суурь эрхүүдийн тухай дүрмийн 25 дугаар зүйл, Хүний ба ард түмний эрхийн тухай Африкийн дүрмийн 18 дугаар зүйлд ахмад настны эрхийн талаар заасан байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ чиглэлээр цөөнгүй зөвлөмж гаргасныг дурдаж болно.

1991 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ахмад настнуудад чиглэсэн “Нэгдсэн Үндэстний зарчмууд”-ыг гаргасан. Энэ нь прагматик байдлаараа тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон чухал баримт бичиг болсон гэж үздэг. Зарчмууд нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад заасан эрхүүдтэй нягт хамааралтай таван хэсэгт хуваагддаг.

Нэгдүгээрт, “Бие даасан байдал” гэсэн хэсэгт хүрэлцээтэй хоол хүнс, ус, орон байр, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж орно. Эдгээр үндсэн эрх дээр нэмээд цалин хөлстэй ажиллах боломж, сурч боловсрох бололцоо орно.

Хоёрдугаарт, “Оролцоо” гэсэн хэсэгг ахмад настнууд өөрсдийн сайн сайхан амьдралд нөлөөлөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцох, залуу үетэйгээ өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах мөн эвлэлдэн нэгдэх, хөдөлгөөнд оролцох боломжийг тусгажээ.

Гуравдугаарт, “Халамж” гэсэн хэсэгт ахмад настнууд гэр орондоо, эсхүл эмнэлэгт байх үедээ гэр бүлийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж, хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстойг илэрхийлсэн байна.

Дөрөвдүгээрт, “Санасан зүйлдээ хүрэх” гэсэн хэсэгт ахмад настнууд өөрсдийн нийгэм дэх боловсрол, соёл, оюун санаа болон нөхөн сэргээх нөөц бололцоог хүртэх замаар өөрсдийгөө бүрэн хөгжүүлэх боломж эдлэх ёстой гэсэн зарчим байна.

Эцэст нь “Нэр хүнд” гэсэн хэсэгт ахмад настнууд бусдаар хүндлүүлэн, аюулгүй амьдарч, мөлжпөг, биеийн болон сэтгэл санааны дарамтаас ангид байж, нас, хүйс, яс үндэс, арьсны өнгө, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл, эд хөрөнгийн байдал, бусад нөхцөл байдлаас үл хамааран эрх тэгш байх ёстой бөгөөд эдийн засагт оруулсан хувь нэмрээсээ үл хамааран үнэлэгдэх нь зүйтэй гэж үзсэн байна.

-Цаашид НҮБ-аас ахмад настны эрхийг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бол?  

Сүүлийн жилүүдэд НҮБ-аас ахмад настны эрхийг хамгаалсан бие даасан конвенц батлах нь зөв гэж үзэж өдгөө конвенцийн хэрэгцээ, зорилгыг тодорхойлох ажил үе шаттай хийгдэж байна. Бие даасан конвенцтой болохоос өмнө ахмад настны эдэлбэл зохих тэрхүү эрхүүдийг нарийн тогтоож, тодорхойлохыг чухал гэж үзэж энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил нилээд хийж байна.

2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65/182 дугаар тогтоолоор Нээлттэй ажлын хэсгийг (ОЕ\Л/С) байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь ахмад настны эрхийг баталгаажуулж, зохицуулж буй олон улсын хэм хэмжээнд судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох зорилготой ажилласан болно. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67/139 дүгээр тогтоолын хүрээнд Нээлттэй ажпын хэсгийг “ахмад настны эрх, эрхэмсэг оршихуйг , хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын эрх зүйн хэм хэмжээг, үндсэн элементүүдийг агуулсан санал бэлтгэхийг...” хүссэн байна.

Нэмж хэлэхэд, 2013 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 24 дэх хуралдаанаарааахмад настны бүхий л хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэх чиг үүрэг бүхий бие даасан шинжээчээр Роза Корнфилд Матег томилох шийдвэрийг гаргасан юм. Энэхүү шинжээчийн ажпын үр дүнгээс хамааран Ахмад настны эрхийн тухай бие даасан конвенцтой болох эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Бие даасан шинжээч ажпын анхны тайлангаа 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 27 дахь хуралдаан дээр танилцуулсан ба дэлгэрэнгүй тайлангаа тус зөвлөлийн 33 дахь хуралдаан дээр танилцуулах болно. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, стандартуудыг удирдлага болгон авч үзвэл Ахмад настны эрхийн тухай конвенцийн зорилго нь “Бүхий л ахмад настны хүний эрх, үндсэн эрх чөлөөгөө ижил тэгш, бүрэн, дүүрэн эдлэх явдлыг хөхиүлэн дэмжих, хамгаалах, хангах болон тэдний эрхэмсэг оршихуйг хүндэтгэхэд чиглэх учиртай гэж олон улсын шинжээчид үзжээ.

Улмаар конвенц нь дараах тодорхой зорилтуудад чиглэж болно. Дурдвал:

-               Ахмад настан нь нийгмийн бусад гишүүдийн нэгэн адил хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаатай эдлэх явдлыг хүлээн зөвшөөрөх

-               Ахмад настан нь халамж хүртэгчид, нийгмийн хөгжилд саад учруулагч гэсэн хэвшмэл ойлголтыг халж, нийгмийн амьдралд идэвхитэй хувь нэмрээ оруулагч, эрх эдлэгчид гэсэн үзэл хандлага руу шилжих

-               Насжилт нь байгалийн, жам ёсны, түгээмэл үйл явц болохыг хүлээн зөвшөөрөх

-               Оролцоонд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, ахмад настныг нийгмийн өдөр тутмын амьдралд оролцуулах

-               Ахмад, залуу бүхий л үеийнхнийг оролцуулсан эв нэгдэл, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зэрэг байж болох юм.

-Манай улсын хувьд олон улсын гэрээ пактын дагуу ямар үүрэг хүлээж байгаа вэ?

Эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг хүн амын бусад бүлгүүдийн нэгэн адил ахмад настны эрхийн талаарх олон улсын Конвенц хараахан батлагдаагүй байгаа энэ үед Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактад заасан эрхийг ахмад настнуудад тууштай эдлүүлэх үүрэг улс орон бүрийн өмнө тавигдаж байна.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо тус Пактад нэгдэн орсон улс орнууд ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахад анхаарал хандуулж, үе шаттай арга хэмжээ авах ёстой гэж үздэг.

Тодруулбал, манай улсын хувьд тус хороонд тайлан хүргүүлэхдээ дан ганц нийгмийн хамгааллын тухай заасан 9 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлсэн тухай мэдээллээс илүүтэй Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад заасан бусад бүхий л эрхүүдийг ахмад настнуудын түвшинд хэрхэн хангаж ажиллаж байгаагаа тодорхой тайлагнах үүрэгтэй бөгөөд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос өгсөн зөвлөмж ч үүнд чиглэж байна.

-Ахмадын хөгжлийн талаар, ирээдүйн насжилтын асуудлаар улс орнууд ямар бодлого барих ёстой вэ?

Ахмад настнууд нь хүн амын бусад бүлгийн нэгэн адил өөр хоорондоо ялгаатай байдаг. Тиймээс тэдний нөхцөл байдал нь бүхэлдээ улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн ам зүй, байгаль орчин, ахуй соёл, ажил эрхлэлтийн хүчин зүйлээс хамаардаг бол хувь хүний хувьд гэр бүлийн нөхцөл, боловсролын түвшин, орон нутаг эсвэл хотод амьдарч байгаа, ямар газар ажиллаж тэтгэвэрт гарсан эсэхээс хүртэл хамаардаг.

Эрүүл мэндийн хувьд сайн, санхүүгийн бололцоотой ахмад настнууд байдгийн зэрэгцээ шаардлагатай тусламж, дэмжпэгийг авч чаддаггүй, хамгийн эмзэг, хамгаалалтгүй бүлэгт багтах ахмад настнууд хөгжингүй орнуудад ч олноор амьдарч байна.

Мөн эдийн засгийн хямрал болон өөрчлөлт, шинэчлэлтийн үед ахмад настнууд эрсдэлд орох магадлал өндөр байдаг гэж үздэг. Гэхдээ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын оролцогч улс нөөц бололцоо хүнд байгаа үед ч гэсэн нийгмийн эмзэг гишүүдийг хамгаалах үүрэгтэй болохыг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос зөвлөсөн.

-Манай улсын хувьд Ахмад-настны нийгмийн хамгаалалтай холбогдох харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их хурал 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Засгийн газар 2009 оны 156 дугаар тогтоолын хавсралтаар Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратегийг тусгайлан баталсан нь  сайшаалтай. Гэхдээ тэдний бусад бүхий л эрхийг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн төрийн бодлого хэрэгтэй юм.

Иймд ахмад настны эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас төрийн холбогдох байгууллагуудад хяналт шалгалт явуулах замаар нөхцөл байдал, цар хүрээг тодорхойлох, шаардлага хангахуйц бодлого, хөтөлбөрийг уялдаатай боловсруулах, гарцаагүй тохиолдолд хууль тоггоомж батлан гаргах, ялгаварлан гадуурхалтыг нөхцөпдүүлсэн хууль тогтоомжийг өөрчлөх, төсвийн холбогдох дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 22, 23 дугаар зүйлд заасан олон улсын хамтын ажиллагааны хүрээ нь хөгжиж буй Монгол Улсын хувьд тус Пактаар хүлээсэн үүргээ биелүүлэх хамгийн чухал арга замын нэг юм.

-Ярилцсанд баярлалаа.