Ц.Сарантуяа: Ахмадын хотхонг олноор нь барих хэрэгтэй
Та одоо хэдэн жил наслах вэ, тэтгэвэрт гарсан хүнд зээл өгөхгүй гэдэг
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ ч үүднээс ахмадуудын дуу хоолойг хүргэж байна. Олон улсын зурхайч, Монголын Ахмадын чөлөөт холбооны гишүүн Ц.Сарантуяатай ярилцлаа. Тэрээр Монголын ахмадын чөлөөт холбоо байгуулагдах үеэс эхэлж ахмадын эрх ашгийн төлөө идэвхтэй тэмцэж иржээ.
-Сайхан намаржиж байна уу?
Сайхан намаржиж байна.
-Та тэтгэвэрт гарсан уу?
Ирэх 11 сарын нэгэнд өндөр настаны тэтгэвэртээ гарах гэж байна. Би Монголын ахмадын чөлөөт холбоонд 2004 онд элсч, тэргүүн Г.Баасантай хамт ахмадын эрхийн талаар арван жил тэмцэл хийж явна. Эхлээд бид нар 2004 онд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр тэмцэж, бага багаар нэмүүлсээр одоо 207’000 төгрөг болгоод байна.
-Монголын ахмадууд маань сэтгэл хангалуун сайхан амьдарч чадаж байгаа болов уу?
Зах зээлийн эдийн засагт ахмадууд үнэхээр дорой амьдарч байна. Би олон хүнтэй уулзахад сэтгэл эмзэглэмээр олон жишээтэй таарсан. Дал, наян нас гарчихаад тэтгэврийн зээлтэй гээд гудамжинд жин тавиад суух хүнтэй олон тааралдсан. Тэр хүний тэтгэвэр хаана байна вэ? Үр хүүхдүүддээ л зээлээд өгчихсөн. Хоёр гурван жилээр авчихсан.
Сайхан амьдралтай байсан бол ингэж явахгүй. Зах зээлийн нийгэмд хэн хөдөлгөөнтэй нь амьдарна гэдэг ч нэг намын бодлогоор ерөн жил явж ирсэн манай улсын хувьд ахмадуудын хүрээнд хүртэл намын талцал, улс төржилт их байгааг шүүмжилмээр байна. Аль нэг намын ажилд идэвхтэй явдаг нь хороо, дүүргээс зохиож буй ажилд оролцож, тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт боломжийг эдэлдэг.
Мань мэтийн намгүй, танил талгүй ахмадууд бүх боломжийн гадна хоцорч байгаа юм. Тиймээс шударга, ялгаваргүй байх үүднээс хорооноос зохиогдож буй үйл ажиллагаа, ахмад руу чиглэсэн тусламж, хөнгөлөлт чөлөөлөлтийг хэн хэн авч байгаа нэрсийг ил тод зарламаар байна. Үүнийг хуульчилж өгөөч гэж хүсч байна.
-Та одоо тэтгэвэрт гараад юу хийх вэ. Таны төлөвлөгөө юу байна?
Эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гараад үр хүүхэд, ач зээгээ харахаас өөр ажил алга. Харж байж үр хүүхдээ ажилд нь явуулж, хоол ундтай нь залгуулж байна. Гэтэл ингэсээр байгаад нөгөө хөгшин нь бүр сульдаад эм тарианы л хүн болох жишээтэй.
Монголын нийт ахмадуудад очоод амарчихдаг, насны хязгаар, намын ялгаа байхгүйгээр 55 хүрсэн ч амралт, сувилалд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй. 60 нас хүрээд сувилалд явахаасаа өмнө хорвоогийн мөнх бусыг үзчих гээд байна шүү дээ. Тиймээс шинэ ахмадын хуулинд 55 хүрээд тэтгэврээ тогтоолгосон бол ахмадын харьяалалд орж, амралт сувилалд адилхан явдаг болгомоор байна.
Тэгэхгүй бол ардчилалаар нүүрээ тахлуулсан ардуур нь намын үзлээр ахмадуудыг ялгаж байгаа байдал арилахгүй. Энэ нийгмийг цэвэрлэх хэрэгтэй.
-Ахмадуудад чиглэсэн нэлээдгүй олон ажлыг дүүрэг хороо, төр засгийн зүгээс явуулдаг. Тэр бүрт хамрагдаж чаддаг уу?
Дүүрэг хороодод Амьжиргаа дэмжих зөвлөл байдаг ч дандаа албан тушаал намаар л явдаг. Ахмад настанг хүндэллээ гэхэд монголын цагаан сараар эсвэл ахмадын баяраар л төр засаг ахмадуудаа нэг л их хайртай болж, харж үзэж байгаа юм шиг жүжиглэдэг. Бусад харьяалалгүй ахмадууд гудамжиндаа суудгаараа сууж, гуйлга гуйдгаараа гуйгаад үлддэг. Ийм амьдралтай л байна. Гэтэл бусад улс орны төр засаг ахмадуудаа бодлогоор их сайн нийгмийн орчныг бүрдүүлдэг байх юм.
Гэтэл манай ахмадууд ичмээр амьдарч байна.
Тэтгэвэр тэтгэмж нь амьдралд нь маш сайн хүрдэг бөгөөд илүү гарсанаар нь очихыг хүссэн улс орондоо аялж байна. Монголд ирж буй жуулчдын 60 гаруй хувь нь гадны ахмад настнууд байна ш дээ. Халамж сайтай, тэтгэвэр өндөр болохоор шамбалын оронд залрахдаа сэтгэл амар очдог байх.
Гэтэл манай ахмадууд ичмээр амьдарч байна. Урлаг уран сайхнаар явсан сэхээтэн ахмадууд нь өөрсдөө байгууллага байгуулаад ажил үйлс хийгээд, боломжийн байхад нөгөө хэсэг нь өөрийгөө хөгжүүлж чадахгүй байна.
-Таны бодлоор ахмадуудын төлөө хийх ёстой хамгийн эхний ажил юу вэ. Танд юу хэрэгтэй байна?
Одоо би 8 хувийн зээлд хамрагдья гэхээр та одоо хэдэн жил наслах вэ, тэтгэвэрт гарсан хүнд зээл өгөхгүй гэдэг. Тэтгэврийн хүмүүсийг хязгаарлачихсан. Санаа байвч сачий хүрэхгүй л байна.
Юм хийе гэсэн ч боломж олгохгүй байгаа учир хүн наснаасаа эрт хөгшрөөд, мөхөж байна. Уг нь нийгэмд юм бүтээх юмсан, залуу үедээ туршлагаа хуваалцах юмсан гэсэн бодолтой ахмадууд олон байдаг. Даанч боломжийг олгохгүй байгаа учир сэтгэл нь унтарч байна. Тэгэхээр ахмадын гэсэн тодотголтой сургалт, хөгжлийн газар, амралт, сувиллын газар их хэрэгтэй.
Гэхдээ манай ахмадууд сайхан амны билэгтэй. Монолчууд болж байна, төр засгаасаа тэтгэврээ аваад сайхан байна гэдэг. Гэхдээ сүү мах, нүүрсэндээ л тэтгэвэр нь зарцуулагдаж байхад тэр яаж сайхан амьдрах юм бэ.
-Одоо дүүрэг, хороонд ахмадад зориулсан төвүүд байдаг шүү дээ?
Хороонд ахмадын хороо гэж байдаг. Нэг өрөөнд ганц нэгхэн хөл гар хөдөлгөдөг төхөөрөмж тавьчихаад, хөгжим тавьж хэдэн хөгшчүүлийг бүжиглүүлсэнээ ажил хийсэнд тооцоод байгаа нь инээдтэй. Дорвитойхон цогц ажлыг хиймээр байна. Тухайлбал зуун айлын 32-ийн тойрогт байрлах
Улаанбаатар хотын 5 байршилд “Ахмадын орон сууцны хотхон” барьж байгуулахаар төлөвлөсний эхнийх нь түр сууц нэрээр баригдсан дээрхи орон сууц болж байна.
Ахмадын хотхонг нэмж барих хэрэгтэй. Хүрэлцээгүй байна. Уг нь тэнд би өргөдлөө өгсөн байгаа. Тэнд амьжиргааны түвшин дорой, өмчгүй, машингүй, улсаас байр аваагүй ахмад орох эрхтэй.
-Та яагаад тэнд амьдрах гээд байна вэ?
Ухаан санаа саруул байгаа дээрээ үр хүүхэд ач зээдээ дараа бололгүйгээр нэг гэрт багталцахгүй байгаа учраас бие даах амьдрах эрхийнхээ дагуу ахмадын түрээсэн хотхонд сайхан аятай, таатай амьдарч байгаад сэтгэл амар нүд анимаар байна.
Тэнд тэтгэврээсээ тодорхой хэмжээний түрээс төлөөд сайхан амьдрах боложмтой. Одоо ихэнхи ахмадууд гэр хороололд ус зөөж, нүүрс түлээд амьдарч байна. Гэтэл үр хүүхэд нь тэр бүр усыг нь зөөж, нүүрсийг нь оруулж өгч чадахгүй, ажилтай учир ахмадууд өөрсдөө л зутруу амьдардаг. Тиймээс ахмадын хотхоныг олноор нь барих хэрэгтэй.
-Манай төрийг халамжит эцгийн дүртэй гээд л цоллодог. Үнэхээр тийм халамжаа өгч чадаж байна уу?
Манайхан халамжлахаараа буруу халамжилдаг. Халамжлахаараа ертөнцийг харах гэгээгүй, нүдгүй сохор болсон, хөл гараа тайруулсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн мөртлөө ил биш ч гэсэн бамбай булчирхайны дутагдалтай хүний группыг хасчихдаг. Уг нь тэгмээргүй л байна. Хуулиа зөв болгож, хэрэгжүүлж ажилламаар байна.
Халамжит төр маань тэтгэврийг нэмэх ёстой. Өнгөрсөн оны 3 сард ийм асуудлыг хуульчилья гээд Улсын их хурлын гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн. Хуульчлаад өгчих хэрэгтэй.
-Тэтгэврийн хэмжээг хэд хүргэвэл тааламжтай болох вэ?
Нэмээд нэмээд 350’000 төгрөг боллоо гэхэд цаана нь 700 мянгаас нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг нэг намаар олон жил явсан, үзэл сурталтангууд нь байсаар байгаа. Тиймээс тэгш болгох хэрэгтэй.
-Та арван жилийн турш ахмадын эрх, сайн сайхны төлөө тэмцэж байгаа. Энэ хугацаанд намчирхсан, улс төржсөн хандлага байдаг гэдгийг биеэрээ мэдэрсэн гэсэн үг үү?
Биеэрээ үзчихээд л ингэж хэлж байгаа. Амны дор хагархай гэгчээр хамаагүй ярьж болохгүй. Бодит амьдрал дээр өнөөдрийг хүртэл өөрийн биеээр үзэж явна.
Жишээлбэл би БЗД-ийн Оюутны хотхоны 6-р хороонд 2000 оны 6 сарын 23-нд шилжиж ирчихээд алга дарам ч газаргүй, өнөөдрийг хүртэл айлын түрээсийн гэрт амьдарч байна. Уг нь шилжиж ирсэн даруйдаа л харьяа дүүрэгтээ газрын өргөдөл өгсөн ч өдийг хүртэл айлын нэр амьдарлаа.
Яагаад гэвэл миний үзэн ядаж байгаа нэг намын бодлогын гар хөл бологсод, энэ Г.Баасангийн хүн, Ардчилсан намыг дэмждэг юм билээ гээд ялгаварлан гадуурхаад жорлонгийн ч газар өгөөгүй. Сонгууль болоход сонгуулийн сурталчилгаа хүртэл манайхаар тараагддаггүй гээд бод. Тийм аймаар намчирхаж байна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Улсад хичнээн жил ажилласан бэ?
Үндсэн мэргэжил хөгжимчин. Мөн нарийн боовны технологич мэргэжлээр Завхан аймгийн нарийн боовны үйлдвэрт 27 жил ажилласан. 2000 оноос хойш олон улсын зурхайч хийж байгаа.
-Ахмад болж байгаа хүний хувьд өөрт хамааралтай хууль эрх зүйн мэдлэг хэр байгаа вэ?
Мэддэггүй байсан. Ахмадын холбоонд хамрагдсанаар мэддэг болсон. Ахмадын эрх ашгийг хамгаалах гэсэн тамга тэмдэгтэй ТББ их байгаа мөртлөө юу ч хийж чаддаггүй.Манай ахмадын чөлөөт холбоог төр засаг дэмжээд өгөөсэй хүсч байна.
-Та удахгүй тэтгэвэрт гарах гэж байна. Ахмад болоход ямар нийгмийн орчин угтаасай гэж хүсч байна?
Хүүхэд харах ажил хиймээргүй байна. Уураг тархиа хгөжүүлмээр байна. Гадны ахмадууд 25 настай залуутай адилхан хэмжээний тархины хөгжилтэй байгаа нь юунд ч санаа зоволгүй амьдарч байгаагийнх байдаг. Түүн шиг л санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсдэг. Гэтэл монголын ахмадууд ач зээгийнхээ сургалтын төлбөрт туслах юмсан, хүүгээ ажилтай болгох юмсан, найман хувийн зээлд хамрагдуулаад гурван жилийнхээ тэтгэврийг аваад өгчих юмсан гэсэн бодлооос салахгүй байна. Тиймээс зөв хууль гаргаж, хуучин хуулийг анхаарч өөрчлөх хэрэгтэй.
Түүнээс гадна зөвхөн нэг цагаан сар, ахмадын баяраар ахмадын тухай ярилгүй, байнгын асаргаа сувилгаа, халамжийг сайжруулах хэрэгтэй.
Миний хань 54 настайдаа зүрхний шигдээсээр явчихлаа. Монгол эрчүүд ихэвчлэн хүнд хүчир ажил хийж байгаад 60 настай тэтгэвэрт гараад 61 настайдаа нас барчихаад байна. Энэ бол инээдэм биш. Үлдсэн ханьд нь яагаад тэтгэврийг нь өгч болдоггүй юм бэ. Үүнийг нэг төр засаг анхаарч, хуулийг нь батламаар байна.
Тэтгэврийн мөнгө авах гээд шунаад байгаа хүн алга. Нийгмийн талаас нь сайн харах ёстой. Энэ хуулийг маш олон хүн хүлээж байна.