УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.10.03

С.Эрдэнэ: Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал ахмадуудын томоохон асуудлыг шийдэх боломжтой

“Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.

-Шинэчлэлийн Засгийн Газраас ахмад настны талаар баримталж буй бодлогоор ямар ажлыг хийж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Өнөөдөр олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр. Нийт ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье. Ахмад настны нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тулгамдаж буй асуудлын талаар Шинэчлэлийн Засгийн Газраас нилээн олон зүйлийг авч хэрэгжүүллээ.

Нэн тэргүүнд ахмад настны нийгмийн баталгааг хангах, эрхийг хамгаалах, ахмад настны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй их хуралд өргөн барихад бэлдэж байна. Энэ хуулиар бол ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал, насан туршийн боловсролын асуудал гээд маш олон асуудлыг хуульд тусгаж өгөхөөр бэлдэж хуулийн төслийг боловсруулсан.

Ахмадын хувьд хамгийн гол асуудал тэтгэврийн асуудал байдаг. Бидний тавьж буй гол зорилго бол тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх тухай асуудлыг авч үзэж байгаа.

-Таны санаачилж УИХ-д өргөн барьсан хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл байгаа. Энэ төслийн ажил ямар шатандаа явагдаж байна вэ. Анхны хэлэлцүүлэг ямар үр дүнтэй байна.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад  багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр жилийн өмнө санаачилсан. Анхны хэлэлцүүлэгт бэлдээд явж байгаа. Намрын чуулганы эхээр энэ хуулийг эхний хэлэлцүүлэгт оруулна. Энэ хууль батлагдсанаар ахмад настны томоохон тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

-Олон нийтийн дунд явж буй хэлэлцүүлэг ямар үр дүнтэй байна гэж та бүхэн харсан бэ. Ямар санаа оноо илүүтэй гарч байгаа вэ. Тэтгэврийн асуудлыг шийдэж чадаагүй байж юун хамтын тэтгэвэр гэдэг шүүмжлэл их гарч байсан л даа ?

Анх энэ хуулийг санаачлаад өргөн барихад янз бүрийн үзэл бодол уур амьсгал гарч байсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг гол зорилгыг ойлгоогүй, сайн уншиж судлаагүйгээсээ болоод энэ хуулийн талаар буруу ярих ийм байдал нилээн гарсан. Энэ нийгэмд нилээн хэлэлцүүлэгт орсон.

Эцэст нь олонхийн дэмжлэгтэйгээр өргөн баригдсан. Энэ хуулийн гол зарчим бол гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, насан туршдаа нэг гэр бүл байх, насны эцэст хань ижлийнхээ бий болгосон хуримтлалыг хэн нэгэн үлдсэн нь хүртэх гэдэг бол зүй ёсны асуудал юм гэдэгт бүгд санал нэгдсэн. Тэтгэвэр тогтоолгох асуудалтай огт хамаагүй.

-Тэтгэврийн тогтолцоог өөрчилнө гэж олон жил ярьж байна. Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юм бол?

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү