Асрамж, халамжийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж, асрамжийн 30 гаруй байгууллагын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж, уулзлалт хийлээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар оролцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндийг хүргье. Монгол Улсын маань ирээдүй хойч үе болсон Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг цогцлоох бяцхан иргэдийг маань асран хамгаалж, хүмүүжүүлж байгаа та нартаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэдэг үгийг хэлэх хэрэгтэй.
Та бүхэн бидний ачааг маш их хөнгөлж, хариуцлагатай, буянтай сайхан ажил хийж байгаа” хэмээн тодотгон хэллээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн газруудыг хотын захиргааны зүгээс үргэлж дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр асрамж, халамжийн байгууллагын удирдлагуудыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.