Төрийн бодлого хүнийхээ сэтгэл рүү нь өнгийх ёстой
Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2014.11.10

Төрийн бодлого хүнийхээ сэтгэл рүү нь өнгийх ёстой

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болгож Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа. 

-Манай улсад ахмад настнуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалдаг юм бэ. Хэрхэн хангаж байна гэж боддог вэ?

Социализмын үеэсээ л өнөөгийн хүртэл ахмадуудын эрхийг хамгаалах, хүндлэх нь төрийн бодлогод нэг их тусгагдаагүй гэж хэлж болно. Харин монголчууд маань өв уламжлал, ёс заншлаараа ахмадуудаа хүндэлж, дээдлэн, сургаалийг нь сонсдог.

Харин ардчилсан нийгэмд шилжсэнээр энэ бүхэн бага багаар арилсаар байгаад харамсдаг. Ахмадын чөлөөт холбоо арван жилийн өмнө галаа асааснаас хойш ахмадуудад тулгарч буй олон асуудлыг гаргаж ирсэн. Ахмадуудын тэтгэвэр маш бага, тэд хамт олонгүй ганцаардаж байсан. Ахмад хүний үгийг сонсохгүй, ахмад хүн гэдэг бол социализмын үеийн үлдэгдэл, хуучин намын бүтээгдэхүүн гэж хардаг байсан. Тийм ч болохоор ахмадууд маш ядуу, нийгэмдээ үнэлэмжгүй байсан.

Ингээд хамгийн түрүүнд ахмад хүн эдийн засгийн баталгаатай байсан цагт сайхан амьдрах ёстой гэдгийг ойлгосон. Гэтэл хорьхон мянган төгрөгний тэтгэврээр бүтэн сар амьдарна гэдэг бол маш чанга. Ахмадуудын дийлэнхи нь 2004 онд ийм л тэтгэвэртэй байсан. Олон хүүхэдтэй ээж нар, хамт олонгүй хүмүүс, дайнд оролцсон ахмадууд анх тэмцэл жагсаал хийж гарч ирсэн. Гэхдээ бид юу юугүй жагсаал хийхийг хүсээгүй. Тухайн үеийн засгийн газар ахмадуудын үгийг сонсоно гэж бодсон, найдсан. Гэтэл асуудлаа хэлсний төлөө нийгмийн шаар шавхруу мэтээр ахмадуудыг хүлээж авсан.

Уг нь ардчилсан нийгэмд ард иргэд нь өөрсдийн  асуудлаа гаргаж тавихад тухайн засаг төр үг дуугүй сонсч, судалж, шийдвэрлэх учиртай. Гэтэл ард иргэд олноороо тэр үгийг хэлж байхад төр засаг тоохгүй байсан  нь ардчилсан нийгэм биш гэдгийг нотолсон. Тийм ч болохоороо биднийг ид жагсч байхад буюу 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийг өрөөсгөл баталсан. Ахмадуудаас нэг ч санал аваагүй.

Олон улсын хэмжээнд ахмад настны баталгаатай эдэлдэг таван эрх байгаагаас манай улс нийгмийн хамгаалал, халамжийг эрхийг л хуульчилсан. Тэгсэн мөртлөөө энэ хууль нь үндсэн хуулийг маш их ноцтой зөрчсөн.

-Яг яаж зөрчсөн бэ. Та дэлгэрэнгүй ярина уу?

Хүнийг ялгаварлан гадуурхсан, албан тушаалтнуудад илүү үйлчилсэн, энгийн ахмадууд хамрагдах боломжгүй, хүртээмж халамж хайр нь Амьжиргаа дэмжих зөвлөлөөс дамжиж дарга нарын гараар ордог, цензуртай олгодог зүйл болчихсон. Гэтэл хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй бол яах юм гэдэг хариуцлагын тогтолцоо байхгүй.

Тиймээс манай холбооноос өнөөгийн амьдарч буй ахмадууд ирээдүйн ахмадууд ч ялгаагүй дэлхийн ахмадуудтай хөл нийлүүлэн амьдрахын тулд төр засгийн гол анхааралд байхын тулд баталгаатай эдэлдэг таван эрхийг шингээсэн, ойлгомжтой, хэнийг ч ялгаварлан гадуурхаагүй, хүн бүрт тэгш үйлчилдэг, энэрэнгүй ёс нь хангагдсан, хуулийг хэрэгжүүлээгүй зөрчсөн бол хариуцлага хүлээдэг тийм хуультай болохыг хүсч байна.

Ахмад боллоо гэхэд хүний эдлэх ёстой эрхээ эдлээд, сэтгэл тайван амьдардаг байлгахыг зорьж байгаа.

-Манай хэлэлцүүлэгт оролцож байгаа ахмад настнуудын төлөөлөлтэй уулзахад, сэтгэл хангалуун бус байгаа нь мэдрэгдсэн. Төр засгаас олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлдэг ч гэлээ ямар нэгэн зүйл дутагдалтай байгаа нь мэдэгддэг. Хууль эрх зүйн орчин тааламжтай биш байна гэсэн үг үү?

Хүний сэтгэлд гал байвал зууханд гал бий. Миний хувьд Монголын ахмадын чөлөөт холбоонд есөн жил ямар ч төсөвгүй сэтгэл зүрхээрээ л явж ирсэн. 21 аймгаар явж ахмадуудтай уулзсан. Өмнөх Ахмадын холбоо арван жилийн хугацаанд 788 сая төгрөг авсан  мөртлөө яагаад хөдөө орон нутгаар явж ахмадуудтайгаа нэг ч удаа уулзсангүй вэ, ахмадын зовлон яагаад ахмадын холбооны зовлон болсонгүй вэ.

Ахмад болгон уйлчихсан, сэтгэл гундуу, нийт ахмадуудын ганцхан хувь нь хангалуун амьдарч, сэтгэл нь эерэг байна. Гэтэл үлдсэн 99 хувь нь гутрангуй үзэлтэй, бүр аминаасаа уйдаж байна.

Түмэн олон нь хүндлэхээ байчихсан, төр засаг нь хүн гэж тоохгүй, гэр орондоо хүний тооноос хасагдчихсан, авсан тэтгэврээ үр хүүхэд, ач зээдээ өгчихдөг, өөрөө гар дээрээ ямар ч эдийн засгийн баталгаагүй, хамт олонгүй, эмнэлэгт үзүүлье гээд мэргэжлийн эмч нар  байхгүй, ахмад хүнд өнөөдөр гишгэх орон зай алга. Итгэл үнэмшилтэй амьдрах боломж алга. Амьдарч байгаа ардчилсан нийгмийнхээ үнэ цэнийг мэдэхгүй байгаад маш их харамсч байна.

Нэг ахмад настан уй гашуутай, уйлж хорвоог орхиж байна гэдэг нь эмгэнэл юм. Өнөөдөр үнэтэй машин унаж, өчнөөн хаустай хүмүүс өөрсдөө ахмад ирээдүйд ахмад болно гэдгээ санаж, эмээ өвөөтэй, ээж аавтай хүмүүс гэдгээ ухаарч туйлж ядарсан ахмадуудаа сэтгэл хангалуун амьдруулахад тусална гэж бодож байна.

Бид бүгдээрээ монголчууд, монгол хүн ямар байхаас монголын хувь заяа шалтгаална. Нэг ч гэсэн ахмад үхэхээсээ өмнө энэ хуулийн шинэчлэлийг хараад, сэтгэлд нь оч бадраад үхээсэй гэж бодож байна.

-Монголд өнөөдөр 300 мянган ахмад байгаагийн бараг тал хувь нь  55-60 насныхан. Тэр хүмүүсийн цаашдын ажил хөдөлмөр эрхлэлт, сурах эрхийг хэрхэн хангах вэ. Тэдэнд асар их нөөц бололцоо байгаа гэдгийг олон хүмүүс хэлдэг, өөрсдөө ч хэлдэг. Тэтгэвэрт гарчихаад орцны жижүүр, ресепшн цэвэрлэгч, худалдагч гээд олон ажлыг хийсээр байдаг шүү дээ?

Ахмадын хуулийн шинэчлэлд ахмадуудыг хэдэн нас хүрсэн ч хамаагүй ажил хийж, сурах боломжийг нь хангаж өгөөсэй гэж хүсч байна. Туршлагаа хуваалцах боломж нь байгаасай, төрд үгээ хэлэх эрх нь байгаасай.

Бид өнөөдөр ахмадын баталгаатай эдэлдэг бүх эрхүүдийг шинэ хуулинд тусгаж өгсний дараа тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа. Нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учир нэг нэгээр нь дуустал нь шийдэх ёстой. Энэ бол миний зарчим. Бушуу туулай борвиндоо баастай гэж хэлдэг. Хоёр туулай хөөвөл хоосон хоцорно.

20 гаруй жилийн хугацаанд монголчууд маш их өөрчлөгдөж, бие биенээ үзэн ядах үзлээр хүмүүжиж, нэгийгээ алах устгах хэмжээнд хүртэл болсныг хараад миний сэтгэл урагдаж явдаг. Тэгэхээр төрийн бодлого хүнийхээ сэтгэл рүү өнгийх ёстой. Би монгол хүн, энэ миний эх орон, энд миний ирээдүй байгаа, мөнх орших ёстой гэдэг итгэл үнэмшилтэй байх ёстой.

-НҮБ-аас дэлхийн насжилт Ази руу чиглэж байгаа учраас улс орнууд бодлого, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн байх шаардлагатайг анхааруулсан. Манайх үүнд бэлэн байна уу. Шинэчлэлийн засгийн газраас Хүн амын хөгжлийн цогц бодлого хэлэлцэгдэж байгаа. Танайхаас ямар санал өгсөн бэ. Ахмад настны хөгжлийн талаар хэрхэн тусгах ёстой вэ.

Сая насжилтийн олон улсын индексийн  10 сарын мэдээгээр насжилт бодитой явагдаж байгаа 96 орны 72-т манай улс орж байна. 2050 он гэхэд манай хүн амын 40 хувь нь настан болох гэж байна. Үүнд бэлдэх ёстой. Өнөөдөр хүн амын 10 хүрэхгүй хувь нь ахмад байхад ингэж зовоож байгаа юм чинь 40 хувь болоод ирвэл одооноос анхаарахгүй бол хэцүүднэ. Асуудал үүснэ. Аливаа нэг зүйлийг гараад ирсний дараа арга хэмжээ авах бус, өмнө нь бэлтгэлтэй байх ёстой.

Төрийн том хараа хяналт, ур ухаан, холын хяналт хэрэгтэй. Өнөөдөр 15 настай хүүхэд ч гэсэн би ирээдүйд ахмад болоход намайг ямар амьдрал угтах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Манай ахмадын чөлөөт холбоонд хэдэн ч настай хүн хамрагдаж болно. Ахмадын чөлөөт холбоонд нас, нам хоёр хамаагүй. Нийлж асуудлаа шийдэх нь хүн бүрт нээлттэй.

-Ахмадуудад тулгарч буй олон асуудлыг шийдэхэд хуулийн өөрчлөлт чухал байгаа. Ирээдүйд хүлээгдэх үр дүнг та юу гэж харж байна?

Ахмадуудыг хэрхэн орон сууцтай болгох вэ, зохистой хоол хүнсээр хэрхэн хангах вэ, ямар эрүүл мэндийн үйлчилгээтэй байх вэ гэдэг нь хуулиар баталгаажих юм. Хуулиа дагаж эдийн засаг нь баталгаажиж, эдийн засгаа дагаж тэр хүн амьдарна.

Төр засаг аливаа нэг чухал шийдвэр гаргахдаа ахмадуудынхаа үгийг түрүүлж сонсч байвал яасан юм. Арай илүү амьдрал үзсэн, арай илүү туршлагатай шүү дээ. Ахмадуудыг ганцаардуулахгүй байхын тулд гэр бүл, хорооны зүгээс юу хийх ёстойг тусгая. Ахмадуудын нэр хүндийг хамгаалья.

Настай ээжийгээ зодож байгаа үр хүүхдэд нь ямар хариуцлага тооцох юм, бусад ахмадууд эдлээд байхад эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр алслагдсан суманд амьдардаг азай буурлын алдагдсан боломжийг нь яаж олгох юм гээд шийдэх олон асуудал байна. Бүгдийг нь хуульчлах хэрэгтэй. Эцэстээ ахмад настантай хамааралтай болгон энэ хуулинд зоолттой байгаасай гэж хүсч байна. Тэгж байж манай ахмадууд итгэл үнэмшилтэй сайхан амьдарна.

-Сайн хууль байлаа ч ухсан нүхийг тагалдаггүй гэдэг. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлж байгаа таниулж байгаа арга барил, төрийн албан хаагчид, ТББ юу хийх ёстой вэ?

Хуулийг сайн батлуулж чадвал бид энэ хуулийн хэрэгжилтэд сайн хяналт тавина. Бүх хуулийг ахмадуудад таниулна. Хэрэгжүүлээгүй буруу хэрэгжүүлвэл хариуцлага тооцно. Гажуудуулсан хүнд хариуцлага тооцно. Энэ хуулин дээр олон улсын конвенцийг зөрчсөн бол Олон улсын шүүхэд хандаж, Үндсэн хууль зөрчсөн зүйл оруулвал Үндсэн хуулийн цэцэд хандана.

Тэгэх л гэж ахмадын байгууллага байгаа. Хөдөө орон нутгаар явж байхад хуулийн талаар мэддэггүй, бүр гутарсан, банкин дээр очихоор тэтгэврийн хүнд зээл өгөхгүй гэсэн гээд асуудлаа хэлдэг. Хоёр жилийн дотор 55 настай хүнийг үхнэ гэдгийг банкны диллер яаж мэдээд байгаа юм бэ. Яагаад өнөөдөр хүн болгон тэгш эрхтэй гэсэн мөртлөө тэр хүнд зээл олгохгүй байгаа юм.

Дарга нарын томилгоо, албан тушаалын л маргаан үүсээд шүүхээр хэлэлцээд, нийгмээр сенсаци болгодог мөртлөө иргэд яаж зовж байгаа, хүний эрх яаж зөрчигдөж байгаа, иргэдийн нэр хүндэд халдсан, амьжиргаанд нь халдсан ямар зүйл яваад байгаад асуудал үүсэхгүй байгаа юм бэ. 

-Ахмадууд маань ийм хүнд нөхцөлд байгаа ч гэсэн өчүүхэн зүйл дээр хүртэл баярладаг юм билээ. Нийтийн тээврээр үнэгүй явуулдагт баярлалаа гэж дал гарсан хөгшин хэлж байсан.

Хүн бол сэтгэлийн амьтан. Хүнийг зүгээр л сайхан хүндэлсэн байхад маш их энерги авч, өөдрөг байдаг. Сэтгэл өөдрөг байхаар эрүүл байж, орчинтойгоо сайхан харьцаж, итгэл дүүрэн хүндлэлтэй ханддаг. Тэгэхээр манай засаг төр энэ хуулийг дэмжээсэй гэж хүсч байгаа.

Жишээлбэл монголд суугаа бүх 90 настангуудаа “Хүндэт иргэн” болгоосой гэж хүсдэг. Нас насална гэдэг буян юм. Настай хүмүүс гэдэг бол буянтай хүмүүс гэсэн үг. Би 75-аас дээш настнуудаа “Эрхэм иргэн” болгоосой. Хэдхэн л хүн байна. Монголчууд бид нар л бие биеэрээ бахархаж, бие биедээ нэмэх цэнэг өгөхгүй бол энэ эх орон дуусна.

-Танай холбоо өнгөрсөн жилээс эхлээд төрөөс тодорхой төсөв аваад ажиллаж байгаа. Энэ хүрээнд ямар ажлыг хийж байна вэ. Энэ талаарх мэдээллээ нийтэд ил тод зарладаг уу?

Төр засгаас ахмадуудыг илүү хайрлаж хамгаал, үгийг нь сонсч, ахмадуудыг төрийн хайр халамжид нэг номерт байлгах ёстой гэдгийг хэлж, Засгийн газартай гэрээ байгуулсан. Төсөв авснаас хойш одоо байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийг бүх ахмадын гарт хүргүүлж чадлаа.

Өмнөх холбоо арван жил болоход нэг ч удаа хуулийг сурталчилж байгаагүй юм билээ. Бид арван жил хийгээгүй ажлыг хйиж чадлаа. Хоёрдугаарт 21 аймагт нэг ч ахмадыг орхигдуулалгүй, анхаарлынхаа гадна үлдээлгүй гэр орноор нь орж, судалж, уулзаж, ярилцаж, судалгаа авлаа.

Гуравдугаарт тэтгэврийн асуудал чухал учир доод тэтгэврийг дээд хэмжээтэй нь ойртуулах замаар нэмээч гэдгийг маш хүчтэй тавьж чадаж байгаа. Тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа учраас банкны төлөөлөлтэй, нийгмийн даатгалын газартай уулзаж, Улсын их хурлын гишүүдэд асуудлыг танилцуулсан.

Дээр нь манайх гарцаагүй шагнал авах ёстой байтал шагналыг нь өгөөгүй ахмадуудад шагнал урамшууллыг нь олгох асуудлыг тавьж, жил гаруйн хугацаанд 400 гаруй ахмадын төр засгийн шагналыг нь энгэрт нь зүүж өглөө. Ахмадууд их баяртай байгаа.

42 жил сувилагч хийчихээд салбарынхаа шагналыг аваагүй уйлаад суугаа хөгшдөд шагналыг нь өглөө. 47 жил багш хийчихээд боловсролын тэргүүнийг аваагүй багш байна. МАЧХ олон нийт рүү, төр лүү, ахмад руугаа чиглэсэн мэдээллийг түгээж, тэдэнд үйлчилдэг болохоос биш аль нэг намын талд үйлчилдэг газар биш.

Манай холбооны салбарууд сайн ажиллаж байгаа. Ahmad.mn гэсэн сайттай болсон. Идэвхтэй явж байгаа. Мөн 7000-1181 гэсэн утсыг ажиллуулж ахмадуудын асуудлыг нээлттэй сонсч байна. Хэвтрийн ахмадуудыг гэрээр нь очиж үйлчилж, зөвлөгөө өгдөг. Гэх мэтчилэнгээр ахмадуудын төлөө нойр хоолгүй ажиллаж байна.

-Ахмадууд руу чиглэсэн ямар сургалтын зохион байгуулдаг вэ?

Ахмадууд зориулсан гар утас, компьютерийн хэрэглээний жижиг програмыг хийлгүүлээд, Боловсролын яаман дээр батлуулсан. Удахгүй энэ сургалт хэрэгжинэ. Ахмадууд маань утсаа асааж унтрааж, мессеж бичиж сурах ёстой. Орчин үетэйгээ хөл нийлүүлэх ёстой.

 -Ярилцсанд баярлалаа.