1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг харж үзээч
Ахмад багш Д.Долгор
2014.11.04

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг харж үзээч

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Ахмад багш Д.Долгортой ярилцлаа. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд 35 жил ажиллажээ.

-Та одоо хэдэн настай вэ. Ахмадын орон сууцанд хэзээ нүүж ирсэн бэ?

Би одоо 72 настай. 1992 онд тэтгэвэрт гарсан. Энэ сууцанд энэ жилийн наймдугаар сард ирсэн.

-Та яагаад энд амьдрах болов оо. Хүүхдүүд тань тусдаа амьдрахад хэрхэн хандсан бэ?

Зургаан жилийн өмнө хашаа байшин минь газарт ороод аль ч үгүй хоосон хоцорсон. Хөгшин хүн айлын гар харж амьдарна гэдэг хэцүү юм билээ. Нэг хэсэг зутруу байсан. Харин дүүрэгт өргөдөл өгөөд хөөцөлдөж байгаад энэ байранд орлоо. Түлээ түлш гэхгүйгээр нэг талаараа дулаахан байранд амьдрах нь хөгшчүүдийн нэг талын жаргал юм байна. Ийм байранд орохыг хүссэн ахмадууд их байгаа. Дандаа л хөгшчүүд орсон нь зөв сонголт хийсэн юм шиг санагддаг.

Хүний гарт орсноос өөрийн дураар байх шиг сайхан зүйл байхгүй. Хүүхдүүд маань эхлээд дургүй л байсан л даа. Манайх ийм түрээсийн юманд сөрөг ханддаг болохоор тэгж байгаа байх. Гэхдээ би үр хүүхдүүддээ дараа бололгүй, амьдралд нь оролцохгүйгээр байя гэсэн ухааныг гаргасан юм.  

-Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ. Тэтгэврээсээ түрээс төлдөг гэсэн үг үү?

Анх тэтгэвэрт 80 мянгаар гарсан ч одоо нэмэгдсээр 250 мянга болсон. Одоо би сард 100 мянгыг нь байрныхаа түрээст өгөөд үлдсэнээр нь хоол унд, эм тариагаа авдаг. Амьдралд хүрдэггүй. Үлдсэнийг нь үр хүүхдээсээ татаж чангаадаг даа.

1995 оноос өмнөх тэтгэвэр гарсан хөгшчүүдийн тэтгэвэр дэндүү багаар тогтоогдсон. Тэрнээс хойшхи нь гайгүй байдаг. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор холбогдож ялгаатай байсан байх ч гэлээ 35 жил ажилласан багш тэтгэвэрт гараад 500 мянга авч байхад би 250 мянган төгрөг авч байна. Ийм ялгаатай байдлыг харж үзэж, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг харж үзээч гэж хүсмээр байна. Барьцаж байгаа юм биш. Хохиролтой байгаа учраас хэлэхээс өөр арга олдсонгүй.

Би гэхдээ төр засагтаа баярлаж явдаг нэг зүйлээ хэлмээр байна. Энэ хөгшчүүдийг нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй явуулна гэдэг маш сайхан үнэхээрийн буянтай, халамж анхаарал тавьж байгаа ажил гэж боддог. Хэрвээ энэ байхгүй бол бид юугаараа хүссэн газар луугаа явах вэ дээ.

Гандан хийд орж, эмнэлэгт үзүүлж, үр хүүхдийнхээрээ зочилно гээд газар мундахгүй. Үнэгүй явуулдаггүй байсан бол мөнгөө төлөөд явж чадахгүй учир гэрийн мухар сахиад л, ганцаардаад суухаас аргагүй болох байсан.  

-Тэтгэвэрт гарснаас хойш та юу хийсэн бэ?

Сургуульд ажилладаг байсан учраас тэтгэвэрт гарсан ч гэсэн нааш цааш явж, цагийн ажил хийсэн. Бага ангийн багшаар 35 жил ажилласан. Тэрнээс хойш арваад шахуу жил сургуулийн орчинд ажилласан. Чөлөөндөө суугаад арав гаруй жил болж байна.

Ахмад гээд зүгээр суухыг хүсдэггүй

Би хар залуугаасаа л эвлэл, холбооны хуралд идэвхтэй суудаг байсан учир чөлөөнд гарсан ч ахмадын холбооны үйл ажиллагаанд оролцдог.

Ахмадууд бид өнгөрсөн жил хуучин хувцас, материал ашиглаж хувцас хийгээд Мааньтийн хөгшдөд бэлэглэсэн. Мөн Цонжин болдог хөшөөний ойролцоо мянган мод тарьсан. Ахмад гээд зүгээр суухыг хүсдэггүй.

-Нийгмийн үйлчилчээ, эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүртэж байгаад хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Эмнэлэгт даралтаа үзүүлж, эмээ хөнгөлөлттэй үнээр авдаг. Манай Сүхбаатар дүүргийн эмнэлэг сайхан хүлээж авч, уриалгахан байдагт баярладаг. Сэтгэлд ойрхон хандаж харьцах нь бидэнд таатай байдаг. Өрхийн эмнэлэг ч их сайхан. 11-р хороондоо бас их баярлаж явдаг.

-Ахмад руу чиглэсэн ямар үйл ажиллагааг түлхүү явуулаасай гэж боддог вэ?

Ахмадуудын орон сууцны талаар анаарах нь нэн чухал гэдгийг ойлгосон. Энэ талаар хуулиндаа ч тусгаж өгөх хнэрэгтэй. Настай хөгшин хүн өөрийн гэсэн гэр оронгүй явна гэж юу гэсэн үг вэ. Энэ бол байж болохгүй асуудал. Хүний амьдрал дандаа дардан байдаггүй, дээшилж доошилно. Тиймээс ахмадуудыг орон сууцжуулах асуудлыг өргөжүүлээсэй гэж хүсч байна. Миний таньдаг орон гэргүй хөгшид олон байдаг. Хувийн түрээсийн байраар л амьдардаг болохоор их өрөвдөлтэй.

-Та цаашид юу хийх вэ

Санаа бол Богд уулыг өргөж тавиад хааш нь бол хааш нь тавьмаар байгаа ч биеийн хүч тэнхээ нь хүрэхгүй. Гэхдээ чадалтай, боловсролтой ахмадуудын хүчийг улс ашиглаасай гэж хүсдэг. Дөч гарсан тэтгэврийн хүмүүс байна. Дөрөө дарсан ат шиг ид жагсдаг настай байгаа хүмүүс зөндөө байна. Ийм үед нь тэтгэвэрт гаргахаар тэр хүн яаж насыг барах вэ. Тиймээс үүнд бодлого хэрэгтэй.

Нарийн мэргэжилтэй ахмадуудыг цуглуулаад нэг газар байгуулаад ажиллуулж болно шүү дээ. Үгүй бол газар өгөөд газар тариалан эрхлүүлж болно.

-Таны бахархал юу вэ?

Эх орноороо л бахархдаг. Хүний эх орныхоо ширхэг элс тэр чигээрээ л эх орны баялаг шүү дээ. Миний ард түмэн их сайхан.  Миний эх орон гавьяатай.

-Ярилцсанд баярлалаа.