Хотын захиргаа Каваи хөгжмийн компанитай хамтарч ОУ-ын үйл ажиллагаа зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи нар
2014.11.12

Хотын захиргаа Каваи хөгжмийн компанитай хамтарч ОУ-ын үйл ажиллагаа зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг  болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ.

Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Харин Япон Улсын “Кавай” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи “Биднийг хүлээн авч уулзсан танд талархал илэрхийлье. Манай компани нь 50 жилийн арвин түүхтэй, дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай.

Бидэнд хамтран ажиллах санал тавьж байгаад маш их таатай байна. Төгөлдөр хуурын нэгдсэн фестивалийг хамтран зохион байгуулахад бид бэлэн байна” гэлээ. Энэ асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган дахин уулзахаар талууд тохиролцлоо гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.