Ц.Даваасүрэн: Бид сөрөг хүчний үүргийг гүйцэтгээд явахад цөөдөхгүй
УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар баталгаажуулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа.
Тэгвэл УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн хувьд засагт ямар нам, эвсэл төлөөлөхийг хэлэхэд эрт байна. Харин Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах ёстой гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Бид нэг л зүйлийг хүсч байгаа. Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах ёстой. Хоног хугацаа алдахгүйгээр Ерөнхий сайдаа тодруулаад явах хэрэгтэй. Харин Засгийн газрыг хэрхэн байгуулагдахыг хэлэхэд эрт байна.
Гэхдээ сөрөг хүчингүй парламент байгуулна гэж байгаа бол бид гурав хяналтаа тавиад явна. Тэр үүргийг бид гүйцэтгээд явахад цөөдөхгүй. Үүнээс өөр арга байхгүй.
Хяналтгүй парламент, хяналтгүй төр гэж байж болохгүй. Түүнээс биш хорлон сүйтгэгч гэдгээр болж байгаа юмыг болгохгүй байна гэхгүй. Аль болох тогтвортой байдлын хангаж ажиллана” гэсэн юм.