2014.11.18

Д.Ганбат: Нэгэнт хагарсан дугуйтайгаа цааш явах аргагүй

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

Таны нэрийг АН-ын бүлгээс ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон бэ. Та үүнийг юу гэж хүлээж авсан бэ?

АН-ын бүлэг дээр хэд хоногийн өмнө ҮЗХ хуралдаад АН-аас Засгийн газраа байгуулах  ажлыг яаралтай хийх ёстой учраас гурван хүнийг нэр дэвшүүлсэн. Үүний дараагаар би шийдвэр гаргаж нэрээ татах нь зүйтэй юм байна гэж шийдсэн.

Амаржаргал гишүүнд та ямар итгэл хүлээлгэж байна ?

Амаржаргал гишүүн бол 1996-2000 оны хооронд нэг жилийн хугацаатай ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед эрч хүчтэй ажиллах шаардлагатай байна. Тиймээс Амаржаргал гишүүнд эдийн засгийг өөд нь татаж, Монгол орны төлөө ажиллах ёстой шүү гэж хэлээд нэрээ татсан.

АН бүлэг доторх фракцын зөрчил яагаад ингэж хурцдаад байна ?

Фракц гэдэг зүйл бол үзэл бодол, итгэл үнэмшил, танил талаараа нэгдсэн зүйл байдаг. Зөрчил хурцдаж байгаа нь нөхцөл байдал санасан хэмжээнд хүрэхгүйгээс тайлбарлаж болно. Миний хувьд фракцын зөрчлийг сүртэй зүйлд бодохгүй байна. 

АН-ын ажил хэрэг болохгүй хэмжээнд хүрсэн бол дараагийн хүнээ сонгоод л явах ёстой. Үүнийг машинаар төсөөлөн бодвол ачаа ачин явсан машины дугуй хагарлаа гэж бодоход дугуйгаа солих хэрэгтэй. Запас дугуйгаа хийн хурдан явах ёстойгоос биш хагархай дугуйтайгаа зогсоод байж болохгүй. Үүнтэй л адил юм.