Ц.Даваасүрэн: Нэг бол живнэ, эсвэл маш том лидер болж чадна
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн асуусан асуулт, мөн саналыг хүргэж байна.
Ч.Сайханбилэг: Миний хувьд аливаа ажлыг сайн менежер нугалдаг гэж боддог.
Ц.Даваасүрэн асуув: Өмнөх Ерөнхий сайд нилээд давхар, давхар дээлтэй байсан. Өнөөдөр Та намын даргын “давхар дээл” –ээ тайлсан. Өөрөөр хэлбэл улстөрийн хувьд дархлаа буурчихсан байж магадгүй. Улстөр өнөөдөр хүндэрчихсэн, АН улстөрийн хатуу сорилыг давж чадахгүй, төр авч явах хэмжээнд биш юм шиг төсөөлөл төрж байна. Энэ нөхцөл байдлыг та ямар байдлаар төсөөлж байна вэ, хэрхэн ажиллах гэж байна вэ?
Эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Ийм үед Ерөнхий сайд хүнийг нилээд эдийн засагч, энэ талаар мэргэжсэн байх ёстой гэж Би байр суурьтай байдаг. Та ийм нөхцөлдсул талаа яаж нөхөж ажиллах вэ? Давхар дээлгүй, мэргэжлийн бага бүрдүүлж чадах уу?
Ч.Сайханбилэг хариулав: Эдийн засгийн хямрал, Улстөрийн хямрал болж магадгүй гэсэн таны болгоомжлолтой санал нэг байна. Тийм учраас энэ болгоомжлолыг цааш даамжруулахгүй байхын тулд шинэ Засгийн газар ажил үйл, шийдвэрээрээ л хариулт өгнө.
Миний хувьд аливаа ажлыг сайн менежер нугалдаг гэж боддог. Энэ сайн менежер байхын тулд өөрийн сурсан мэдсэн, мөн УИХ дээрх олонхи дээрээ тулгуурлан ажиллана.
Ц.Даваасүрэн: Нэг бол живнэ, эсвэл маш том лидер болж чадна
Ц.Даваасүрэн санал хэлэв: Оюутолгой 118 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ, үүнээс 8.7 тэрбумыг татвараар өгнө. 34 хувийг нь зарчихъя гэвэл нүгэл болно. Тийм юм руу явж болохгүй шүү. Өнөөдрийнхөөрөө хүн амьдарч болохгүй, фракцийн сэтгэлгээнээс гарах цаг болсон.
Чи, бид төрийн мөнгөөр гадаадад суралцсан. Нэг удаа олон түмнээ бод. Энэ үгийг санаж яв, найз нөхөддөө хэл. “Одоо чадахгүй” гэж... Манай улстөрчдөд нэг алдаа бий, албан тушаал эрх мэдэлд хүрэхээрээ олон түмэнд амласнаа мартдаг. Олон түмнийг харахаараа гэнэн цайлган ард түмнийг хардаг, нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ. Ардчилсан намынхан фракцийн сэтгэлгээнээсээ гараад, улс орны хэмжээнд сэтгэгдэг болохгүй бол энэ хямралын ард гарахгүй. Нэг бол живнэ, ард нь гарвал том лидер болно. Тийм том хариуцлага өмнө чинь хүлээж байна.