С.Буянхишиг: Эмийн зах зээлд төрийн зохицуулалт хэрэгтэй байна
Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Буянхишиг
2014.11.24

С.Буянхишиг: Эмийн зах зээлд төрийн зохицуулалт хэрэгтэй байна

Монголчууд зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэнээр олон сайн талууд гарсан ч түүнийгээ дагаад сөрөг зүйл ч их. Үүний нэг нь импортын эм, бэлдмэл тэдгээрийн үнэ, чанарын асуудал. Тиймээс уг асуудлын хүрээнд Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Буянхишигтэй ярилцлаа.

-Монгол улсын эмийн зах зээл импортоос хэт хараат болчихсон. Үүнийг өөрчлөх боломж бий юу. Өөрөөр хэлбэл тухайн импортоор оруулж байгаа эмийг монголд үйлдвэрлэх боломжтой юу ?

Манайд эм үйлдвэрлэдэг. Тэр бүү хэл чанартай эм бэлдмэлүүд байдаг. Гэхдээ зайлшгүй нөхцөлд буюу тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэх боломжгүй үед л гаднаас импортоор оруулдаг. Түүнчлэн улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдалд хэрэгтэй үед хүчин чадлын хувьд боломжгүй бол нэмж авах тохиолдол их байдаг.

Харин иргэдийн хувьд тэр эм сайн, энэ дажгүй гэх сэтгэлгээ давамгайлдаг учраас гадны эм бэлдмэл рүү хошуурдаг. Тэгэхээр гол нь эмч хаанахын эмийг ямар жороор хэрэглэх вэ гэдгийг хатуу баримтлах ёстой. Тэгэхгүй надад энэ эм маш сайн таарсан үүнийг хэрэглэчих гээд нэг найздаа зөвлөдөг. Гэтэл тухайн хоёр хүний бие организм өөр байгаагаас болж сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бишгүй олон.

-Тэгэхээр зах зээл хэт чөлөөтэй үед үнийн асуудал яригдаж эхлэнэ. Нэг үгээр хэлбэл өрсөлдөөн. Нэг төрлийн эм хоёр өөр эмийн сангуудад өөр өөр үнэтэй байлаа гэж бодоход хэрэглэгч аль хямдханыг сонгоно. Гэтэл эмийн сангууд хугацаа нь дөхсөн үед эмийг хямдруулдаг. Ийм тохиолдолд хяналтыг хэрхэн сайжруулах вэ ?

Яг энэ асуудлаар ЭМЯ-ны Эм бодлогын хэлтэс, Эм зүйн байгууллагуудын “Эм” холбоо, эм зүйн хангамжуудын нэгдсэн холбоо нартай хамтарч саяхан бид уулзалт зохион байгуулсан. Үнэхээр эмийн үнэ харилцан адилгүй байгааг нуух аргагүй. Жишээ нь чихрийн шижинд уудаг эм жилийн өмнө дөрвөн ширхэг нь 1500-2000 төгрөг байсан. Гэтэл энэ жил 3500 болсон байх жишээтэй.

Харин иргэдийн хувьд тэр эм сайн, энэ дажгүй гэх сэтгэлгээ давамгайлдаг учраас гадны эм бэлдмэл рүү хошуурдаг. 

Нэг жишээ. Түүнчлэн хаана зарагдаж байгаагаас шалтгаалж эмийн үнэ харилцан адилгүй. Өөр нэг зүйл нь тухайн эм захын дүүргийн гэр хороололд байрладаг эмийн санд зарагдаж байлаа гэхэд хотын төвийнхөөс хамаагүй үнэтэй байх жишээтэй.

Яагаад үнэтэй байгаа юм бэ гээд асуухаар энд гүйлгээ бага гэдэг. Бас өөр нэг зүйл нь валютын ханшны өсөлттэй холбоотой. Энэ бол зөвхөн эм гэлтгүй бүх л импортын бүтээгдэхүүн дээр яригдаж байдаг. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж зайлшгүй үнээ нэмдэг.

-Тэгвэл үүнийг хэрхэн шийдэж ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй ?

Иргэдийнхээ амин чухал хэрэгцээ, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг төр үнийн цогц бодлогоор зохицуулах хэрэгтэй. Мэдээж зах зээлийн өрсөлдөөн дунд үнэтэй, хямдхан байна уу гэдэг асуудал биш. Хоёр өөр үнэтэй эм байлаа гэхэд иргэд өөрсдөө сонгоно.Гэхдээ төр үнийг түвшинг тогтоох, эсвэл татварын бодлогоор зохицуулалт хийж болно.

Татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг бодлого явуулах хэрэгтэй . Эсвэл импортоор эм оруулдаг аж ахуй нэгжийн валютийн зөрүүг олгож болох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлвэл зохино. Түүнээс биш аналгин тийм үнэтэй байх ёстой гэж зах зээлийн хуулиа зөрчиж байна гэсэн үг.

-Эмийн сангуудад ямар хяналт, шалгалт хийж байна вэ ?

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамтай хамтраад эмийн бөөний төв, эмийн сангуудаар үзлэг хийж, хорь гаруйг нь хаасан. Зарим эмийн сангуудын шатла, зэрэглэлийг хүртэл бууруулсан.

-Үнэ дагаж чанар гэдэг. Эмийн сангуудад эм худалдаалж байгаа эм зүйчдийн хариуцлага давхар яригдах байх ?

Эм бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал. Орчин үед дэлхий нийтээрээ эмийн зохистой хэрэглээ, эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэх шаардлага улам их гарч байна. Монголчуудын хувьд толгой, гэдэс өвдлөө гэхэд эмийн сангаас очоод дураараа эм авчихдаг.

Үүний шалтгаан нь нөгөө нэг төрийн зүгээс эмийн зах зээлийг нээлттэй тавьсантай холбоотой. Энэ бол эмийн бодлого дах маш том доголдол . Үүнээс гадна эмийн жор найруулагч нар анхааралгүй, мэдлэг муутайгаас болоод хэрэглэгч нарт буруу эм өгч хохироох асуудал ихээр гарч байна. Мөн сүүлийн үед эмийг дуурайлган хийх, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдэх, тунгийг нь багасгаж байна.

Тиймээс эмэнд тавих хяналтыг хүчтэй болгохоос өөр аргагүй. Дээр нь нэмээд хэлэхэд техник технологи хөгжсөн энэ үед эмийн жор найруулдаг асуудлыг цахимжуулах нь зүйтэй.

Тиймээс эмэнд тавих хяналтыг хүчтэй болгохоос өөр аргагүй.

Жишээ нь эмч жор бичээгүй үед өвчтөн эмийн сангаас эм авах үед тухайн эмийн санч дур мэдэн сайн гэгдэх борлуулалт сайтай эмээ зарчихдаг. Гэтэл тэр эм нь тухайн хүний бие организмд таарахгүй тохиолдол их байдаг. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

-Нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүйнэ. Жишээ нь би эмнэлэгт үзүүлэхэд эмч жор бичээд энэ эмийг тэр эмийн сангаас авна шүү гэдэг. Гэтэл эмч, эмийн санч хоёрын хооронд бизнесийн харилцаа аль хэдийн үүсчихсэн. Үүнээс болж иргэдийг хохироодог асуудлыг хэрхэх вэ ?

Наадах чинь ёстой муухай зүйл. Үүнийг иргэд ч мэдэж байгаа. Үүнд нэг л жишээ хэлье. Гэмтлийн эмнэлэгт ихэвчлэн осол аваарт орсон, яаралтай хагалгаанд орох хүмүүс ирдэг. Гэтэл эдгээр хүмүүст маарал, бэнтээс авахуулаад авах зүйл их. Тэгтэл тэр том эмнэлэгт ганц л эмийн сантай.

Тэнд зарагдаж байгаа маарал гэхэд жирийн эмийн санд байгаа маарлаас гурав дахин байх жишээтэй. Тэр эмнэлэгт үргэлж яарч сандарсан хүмүүс ирдэг. Тэгэхдээ үнийг нэг их тоолгүй авчихдаг зэрэг асуудал байдаг.

Тиймээс төрийн зүгээс томоохон эмнэлгүүдийн ойролцоо эмийн сангуудыг олноор нь байршуулах арга хэмжээг авбал эдгээр асуудал жаахан ч гэсэн цэгцрэх байх.