"Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг байнгын хороо дэмжлээ
Хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр танилцуулав.
2014.12.03

"Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр танилцуулав.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна.

Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.