Х.Тэмүүжин: Би Р.Амаржаргалаас, Ч.Сайханбилэгээс ч сайдын суудал гуйгаагүй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын даргад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төслийг өнөөдөр чуулганаар эцэслэн хэлэлцэх бөгөөд маргаашнаас танхимын сайдуудын нэр яригдах учиртай.
Уг хуулийн төслийн хүрээнд нэлээдгүй олон бүтцийн өөрчлөлт хийгдэх бололтой. Тэр дундаа Хуульзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Тахарын албыг татан буулгах нь тодорхой болжээ. Энэ мэдээлэл чамгүй олон хүнийг бухимдуулж байгаа гэнэ.
Тухайлбал, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Би Р.Амаржаргалаас ч тэр, Ч.Сайханбилэгээс ч сайдын суудал гуйгаагүй. Хуулийн салбарын шинэчлэлийг ахиулдаггүй юм гэхэд хүрсэн төвшингээс нь битгий унагаасай гэж хүссэн.
Харамсалтай нь хүний эрхийг сандал ширээнээс дор харж байна даа. Улс төрийн бялуу болсон дэд сайдуудаа хасаад захиргааны байгууллагын тансаглалыг хязгаарлахад л гэрч хохирогчоо хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах зардлаа гаргаад ирэх боломжтой юм шүү дээ” хэмээн жиргэжээ.