Д.Ганбат: Шинэ засгийн газар торгуулийн суман шиг ажиллах ёстой
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2014.12.04

Д.Ганбат: Шинэ засгийн газар торгуулийн суман шиг ажиллах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн хугацаа нь хэд хоног байдаг вэ. Өргөн барих хугацаа нь баасан гаригт дуусах уу?

Засгийн газар тэргүүнгүй нэг сар гаруй хугацааг үдсэний эцэст ямартаа ч Ерөнхий сайдыг томилж чадлаа. Шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг өргөн барьснаар томилгоо явагдаж ажил эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийг томилох, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхой болгох тал дээр ажил тийм ч шуурхай явж чадахгүй байна.

Ямар ч байсан Засгийн газар нь хуралдаанаа хийж нийгэм, эдийн засагт хэрэгтэй зүйлсээ хэлэлцэн баталж байгаа. Өнөөдрийн улс төрийн нөхцөл зөв үү, буруу юу гэдгийг хэсэг хугацааны дараа ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарснаар нь тодорхойлогдоно.

Гэхдээ энэ байдал зөв юмаа гэдгийг ам.долларын ханшийн бууралтаас харж болно. Ам.долларын ханш 20-30 төгрөгөөр буурчихлаа. Тиймээс бид зөв зүйл рүү явж байна гэсэн үг.

-Хуулийн хугацаандаа амжиж Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрийг өргөн барьж амжих уу?

Амжих байх гэж найдаж байна. Гэхдээ болж бүтэхгүй байгаа зүйлсээ ярьж тохироод явах байх. Аль аль нам нь өөрсдийн шаардлагыг тулгаж байгаа ч буулт хийх зүйл дээрээ буултаа хийж явах байх гэдэгт итгэж байгаа.

-АН, МАН-ын ажлын хэсгүүд зөвшилцөж байгаа ч гацаанд орчихоод байна. Ардын нам Засгийн бүтэц дээр 13 яам, 16 сайдтай байх ёстой гэж байгаа бол танай намынхан 16 яам, 19 сайд байхад болно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гэнэ. Үнэн юм уу. Дахиад л данхайлгах гээд байгаа юм уу?

Би ажлын хэсэгт ороогүй л дээ. Хоёр намын зүгээс зургаа зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдрөөс (өчигдөр) байнгын хороо, бүлгүүд хуралдаад эхэлсэн. Гэхдээ хоёр талын байр суурь нэгдэж чадахгүй байгаа. МАН өмнөх Засгийн газрыг данхайсан бүтэцтэй байна гэж шүүмжилж байсан.

Энэ удаагийн Засгийн газарт парламентад суудалтай бүх намууд ороод шийдлийн гэх Засгийн газар байгуулах юм байна гэж ойлгосон. Яамд болон сайдуудын тоо өмнөх шигээ данхайсан байж болохгүй гэж Ардын нам үзэж байна. Ардын намынхан өөрсдийгөө тулхтай улс төрийн хүчин гэдэг. Тэр утгаараа өмнөх байр сууриа хадгалж байгаа болов уу.

Зөвхөн албан тушаал, сандал ширээний төлөө Засагт орж ирээгүй юм байна гэдэг нь ам.долларын ханшийн бууралтаас харж болохоор байгаа юм. Ардчилсан намын зүгээс төрийн ажил л сайн явж байвал яамдын тоонд төдий л ач холбогдол өгөхгүй байна. Одоо ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм чинь хоёр талын байр суурь нэгдэх байх аа.

-Танай намынхан энэ Засгийн газраа авч үлдэхийн тулд МАН-д хамтрах санал хүргүүлсэн байх. Тийм үү. Ардын намынхан ард түмнийхээ эрх ашгийг бодож Засагт орсон гэдэгт итгэх хүн алга?

Ард түмнийхээ төлөө байна уу, албан тушаалын төлөө явна уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Ардчилсан нам, Ардын нам аль аль нь сүүлийн 25 жил хийгээгүй ажлаа хийх ёстой.

Шинэ Засгийн газар торгуулийн суман шиг ажиллаж хийх ёстой зүйлсээ амжуулж чадах уу, “шийтгэлийн" бөгөөд “шийдвэр гаргах" энэ Засгийн газар өмнөх зорилгодоо хүрээд ажиллавал мэдээж сайн шүү дээ. Тэгж чадахгүй бол ард түмэн түүхэн дүнгээ тавиад явна.

-2008-2012 оны Ардын намын засгийн газарт АН орсон хэдий ч сонгуулийн өмнө гараад явчихсан. Ардчилсан намынхан аятайхан байхгүй бол Засгаас гарна гэдгийг МАН-ын гишүүд хэлж байх юм?

Тэр үеийн нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал хоёр өөр. 2008 оны сонгуулиар ард түмэн МАН-д хангалттай санал өгч 45 суудлыг тэд эзэмшдэг байсан. Гэсэн ч МАН Ардчилсан намыг Засгийн газарт урьж ажилласан. Үүнд олон шалтгаан байсан байх. Ард түмний зүгээс “Сонгууль явуулах шаардлага байгаа юм уу. Хоёр гурван нам болж хуваагдан өчнөөн зардал чирэгдэл болоод байна.

Ард түмний дэмжсэн нам нь Засгаа байгуулахгүй хамтарч байгаа нь буруу. Энэ чинь ардчилал мөн юм уу” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Тухайн үед 45 суудалтай мөртлөө Засгийн газраа өөрсдөө байгуулаагүй, хамтарсан нь Ардын намынхны өөрсдийнх нь шийдвэр байсан юм. Магадгүй долдугаар сарын 1-ний үймээн самууны буруутан хэн байв гэх мэт асуудал байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал бүрэн гүйцэд шийдэгдээгүй байна.

“шийтгэлийн" бөгөөд “шийдвэр гаргах" энэ Засгийн газар өмнөх зорилгодоо хүрээд ажиллавал мэдээж сайн шүү дээ.

Гэтэл 1990 онд хүн бүү хэл оготнын хамраас ч цус гаргалгүй Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг хийж чадсан. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-нд юу боллоо. Таван хүний эрдэнэт амь эрсдэж олон хүн бэртэж гэмтсэн. Энэ асуудал хэзээ нэгэн цагт дахин хөндөгдөж хариуцлага тооцох байх. Монгол хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Үймээн самуунаас гадна Оюутолгойн асуудлыг шийдэх гэх мэт хамтрах асуудал байсан байх.

Одоо бол АН 35 суудалтай. Яагаад ч Засгийн газрыг байгуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Хуулийн дагуу хамгийн олон суудалтай нам бусад намууддаа урилга өгөх ёстой. Өмнөх Засгийн газар Ардын намд урилга өгөөгүй. Өнөөдөр бол улс төр болон эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул урилга хүргүүлээд явж байна. Ардын намынхан ч гэсэн урилгыг хүлээн авсан нь зөв.

Энэ Засгийн газар “Шийтгэлийн” байна уу, “Шийдлийн" байна уу гэдэг нь чухал биш. Ард түмний хүсэн хүлээгээгүй шийдвэрүүд гэж байдаг. Дараа нь харин түүнийг нь ойлгодог тийм шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Шийдлийн гэгдээд буй Засгийн газар шийдвэрүүдээ гаргаж чадах уу гэдгийг харж байна. Ерөнхий сайд хэн байхдаа гол нь биш. Намайг хүртэл нэр дэвшүүлээд би нэрээ татсан.

-Одоо юу хийх ёстой вэ?

Өрийн хязгаарыг бушуухан авч хаях ёстой байсан. Бидэнд цаг хугацаа маш бага байгаа. Алт шиг үнэтэй цаг хугацаагаа ашигла. Бид ардчиллын замаар замнасан 25 жилд олсон зүйл их ч алдсан зүйл ч мөн бий. Эцсийн бүлэгтээ хэн нэгнийгээ буруутгаад байх шаардлагагүй. Монголчууд өөрөө өөрсдөдөө л гай болж байгаагаас биш биднийг хөгжүүлэхгүй, хойш нь татаад байгаа юм алга.

Одоо өрийн хязгаарыг авчихъя л даа. Заавал өртэй байх гээд тэгээд байгаа юм биш үү. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байна. Түүндээ тааруулаад явах хэрэгтэй.

Мөн Оюутолгойн хоёрдугаар ээлжийг яаралтай оруулах ёстой. Тавантолгойгоо бид хөдөлгөх шаардлагатай. Хувийн хэвшлүүдээ дэмжих нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна шүү. Энэ бүхнийг эхнээс нь хийгээд явахад хэл ам гарна. 200 жил Манжийн дарлалд зүдэрсэн, 70 жил коммунист нийгэмд амьдарсан манайхан үүнийг хүлээж авах нь тийм ч амар биш байх болно.

Австралийн нүүрсний орд усанд автаад БНХАУ коксжсон нүүрсийг өндөр үнэтэй авахад манай эдийн засаг өмнө нь байгаагүй хэмжээнд хүртэл өссөн. Тухайн үед бид дурдангаар ачаа татаж, торгоор хөлөө ороож явсан. Халамжийг хэтрүүлсэн. Ард түмэн яг тийм халамжийн сэтгэхүйтэй болчихсон. Иргэдийн энэ сэтгэхүйг улам хөгжүүлэх биш амьдрах ухааныг зааж өгөх хэрэгтэй.

Бид боловсролдоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Хийх ажил маш их бий. 25 жилийн хугацаанд хийгээгүй ажлыг хийх “Шийтгэлийн" Засгийн газар гэж ойлгож ажиллаасай. Үүнийгээ хийж чадахгүй бол цаашид улс орны хувь заяаны тал дээр энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Нэг жил зургаан сарын хугацаанд бүх ажлыг хийж амжихгүй тул голлох томоохон хэдэн ажлыг л хийчих хэрэгтэй.

Эдийн засгийн либерал бодлого явуулбал үр дүн гарах боломжтой. Би Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн алтны хэсгийг ахлан ажилласан.

-Өнөө жил алтны тушаалт эрс нэмэгдсэн гэж байна лээ...

Сүүлийн мэдээллээр бидний ад үзээд байдаг гар аргаар алт олборлогч 1600 гаруй хүн Монголбанкинд гурван тонн алт тушаасан байна. 2013 онд улсын хэмжээнд дөрвөн тонн алт тушаагдсан бол 2014 оны эхээр батлагдсан хуулиас хойш 12 тонн алт тушаагджээ. Алт Монголдоо үлдэж, валютын ханшийг барихад их нөлөө үзүүлж байна шүү дээ.

-Энэ Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ. Ардын нам Засагт орсноор эдийн засгийн хүндрэлээс гарчих юм шиг тэд ярьж байсан?
Эдийн засгийн либерал бодлого явуулбал үр дүн гарах боломжтой.

2014 он бидний хувьд чамлахааргүй амжилттай он жил боллоо. Нэг сарын дотор хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилсан. Урд хөршийн төрийн тэргүүн хамтдаа хол явъя гэсэн бол хойд хөршийн төрийн тэргүүн Халх голын түүхэн ялалтын ойдоо орчихоод буцлаа. БНХАУ дэлхийд тэргүүлэх эдийн засагтай гүрэн болчихлоо. Бид хамтдаа зөв төлөвлөөд явж чадвал маш их ирээдүй байна.

Өнөөдөр Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.доллар байна. Энэ дундаас арай дээгүүр гэсэн үг. Ойрын хугацаанд 10-15 мянгад хүргэх боломж байлаа. Гэхдээ одоо ч гэсэн боломж бий. В.Путин Ерөнхийлөгчийг айлчлахад бид визгүй зорчих боломжтой болж саяхан бид визгүй яваад эхэллээ.

Буу шийдэмтэй мафи нь орж ирээд байгаа юм алга хүмүүс ирж бараа таваар худалдан авч нэг хэсэг байхгүй болж байсан эдийн засгийн харилцаа сэргээд ирлээ. Хаа хаанаа бид шалбаагны ус шиг байгаад байвал улс орон хөгжихгүй. Аль болох хамтарсан зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй.

Хуучин бол бие биедээ барьцаалагдсан мэт өр авлагатай харагддаг байсан. Одоо шинэ хүн, шинэ бодлогоор л явах нь чухал. Ардын нам, Ардчилсан нам аль нь хуучин арга барилаасаа салмаар байна. Түүхий эдийн үнэ олон улсад унасан хэдий ч зөв бодлого гаргаад явбал боломж нээлттэй гэдэг нь харагдаж байгаа шүү.

-Сайд болох хүмүүсийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа харагдсан. Давхар дээлтэнгүүд нэлээд орж ирэх нь үү гэж харагдаж байна?

Бидний яваагүй зам, даагаагүй газар болгон сайхан харагддаг шүү дээ. Уг нь дан дээлтэй явуулаад үзэхэд буруутах зүйл байхгүй. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь тус тусдаа бие биенээ хянаад явбал болохгүй гэх газаргүй. Гэхдээ өнөөдрийн хуулийн орчин УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хашиж болно, хийхгүй ч байж болно гэсэн заалттай.

Үүнийгээ тохироод явах байх. Одоо байгаа яамдаа нэг их хөдөлгөөд байлгүй байгаа байгаадаа тааруулаад явбал аль алиндаа зүгээр юм болов уу. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалдаа тулгуурлан бага зэрэг өөрчлөлт хийж болно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрмээр байх юм.

-Парламентад суудалтай улс төрийн намууд Засагт орчихоор хэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх юм бэ. Гурван бие даагч сөрөг хүчин болно гээд байгаа ч тэгж чадах юм уу ?

Өнөөдөр ард түмний сэтгэхгүй ямар байгаа билээ. Үүн дээр популизм буюу таалагдах улс төрийг хийж байна. Энэ нь явцгүй болж байгааг ард түмэн ч мэдээд эхэлчихсэн. Өнөөдрийн сөрөг хүчин нийлж байгаад Оюутолгойгоо хөдөлгөж, өрийн хязгаарыг авч, Тавантолгойгоо явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний яриад байдаг нүүрс чинь үнс болчихно. Дэд бүтцээ тавьж төмөр замтай болчихоод ажлаа урагшлуулж байхад шүүмжлэх жижиг зүйлс гарах л байх. Дараа нь бид сонгодог замаар явж болно. Тэгэхгүй бол өнөөдөр популизм л явна уу гэхээс сонгодог улс төр, намын байр суурийг бий болгож чадахгүй.

-Та тойрогтоо ажилласан гэсэн. Орон нутгийн иргэд улс төрчдийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Орон нутгийн иргэд бас л улс төржиж байна шүү. Баянхонгор аймгийн Засаг даргыг төрийн албанд хоёр гурван жил ажиллаагүй гээд МАН-ынхан нь хэл ам хийгээд бүтэн сар даргагүй явуулсан. Шүүх хяналтынхан харин буцааж ажилд нь оруулсан. Баянхонгор аймагт 20 жил хийгдээгүй бүтээн байгуулалт сүүлийн хоёр жилд хийгдлээ. 20 сумын гурав нь цахилгаангүй байсан бол цахилгаанд холбогдлоо.

Хоёр шинэ сум байгуулсныг улсын комисс нь хүлээгээд авчихсан. Монгол Улсын хөдөө ямар байхыг тэр хоёр сумаас харж болно. Хөдөөний малчид аймаг сумандаа найман хувийн хүүтэй орон сууцанд орох боломжтой болсон. Орон нутгийн иргэд нэлээд зээлтэй бөгөөд хүү нь өндөр байна. Орон нутагт малчдын залуу халаа их хүнд болсон. Малчид эмэгтэй хүүхдүүдээ хот руу сургууль соёлд явуулж эрэгтэй хүүхдүүдээ мал дээрээ аваад үлдчихсэн. Иймэрхүү дүр зураг их байна даа.