2014 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.12

2014 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг   Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид / 2014.12.11 / өргөн барилаа.

 Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хуулийн төслүүдийг өргөн барьлаа

Нийгмийн даатгалын сангийн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй иргэдийн тооны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг танилцуулсан.

 Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд: Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх,

Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.