УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2016.11.18
Л.Оюун-Эрдэнэ: Гадны банк оруулж ирэх нь зөв
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-МАН-ынхан сөрөг хүчин байхдаа жил бүр алдагдалтай төсөв баталлаа гэж шүүмжилдэг байсан. Гэтэл өөрсдөө түүнээс ч их хэмжээний алдагдалтайгаар ирэх оны төсвийг баталлаа. Цаашилбал, УИХ зардлаа танаж чадсангүй гэх шүүмжлэл өрнөж байна. Эдгээрт та ямар байр суурьтай байна вэ?
Улсын нэгдсэн төсөв бол орлого, зарлагын тэнцэл. Төсвийн тодотголоор 18 хувийн алдагдалтай байсныг ирэх оны төсөвт нэлээд хэмжээгээр бууруулсан. Үнэндээ УИХ төсвийн алдагдлыг чадлаараа бууруулсан нь тэр. Харин миний харж байгаагаар орлого талдаа нэлээд эрсдэлтэй харагдаад байгаа юм.
Зарлагаа бууруулж чадаагүй гэдэгт миний хувьд зарим зүйл дээр санал нэг байгаа. Тухайлбал, концесстой холбоотой олон зардлыг танах боломж байсан. Түүнчлэн зарим улсад байгаа шаардлагагүй Элчин сайдын яамыг татан буулгахтай холбоотой зардлыг танаж болох байсан.
Нөгөө талаараа оффисын зай талбай буюу ашиглалтаа сайжруулах, төрийн албан хаагчдыг илүү мэргэшсэн, цөөн тооны бүрэлдэхүүнтэйгээр ажил гүйцэтгүүлэх буюу төрийн өмчит үйлдвэрийн газруудын орон тоог цомхотгож болох байлаа. Энэ мэт цөөнгүй боломж байсан. Миний хувьд ажлын хэсэгт ажиллах үеэрээ саналаа хэлж байсан ч дэмжлэг аваагүй л дээ. Гэхдээ энэ удаагийн төсөвт хэд хэдэн онцлог бий.
-Тухайлбал?
Он гарангуут Олон улсын валютын сантай гэрээ хийж таарах байх. Ингэснээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал төсөвт тодотгол хийж таарна. Гэхдээ төсвийн суурь зүйлүүдийг өөрчлөхгүй. Энэ мэтчилэн амаргүй цаг үед батлагдсан төсөв учраас тодотгол зайлшгүй хийнэ.
-Олон улсын валютын сангийн зүгээс нэг их хатуу шалгуур тавихгүй байгаа юм билээ. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдахаас татгалзах зүйлгүй юм шиг санагдсан?
Ер нь “Стэнд бай” хөтөлбөрийн хатуу байсан үе өнгөрчихсөн. Манайхан энэ талаар жаахан буруу ойлголттой байгаа юм. Энэ хөтөлбөрийн онцлог нь төсвийг “эмчилдэг”. Мэдээж тухайн улс оронтой уулзаж ярилцаад тодорхой хэмжээний шалгуур тавьдаг.
Миний хувьд яг өнөөдрийн хүнд цаг үед энэ хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж үзэж байгаа. Учир нь, аль нэг улсаас хараат байдлаар, томоохон хэмжээний зээл авна гэдэгт бүх найдвараа тавьснаас илүү олон талын эх үүсвэртэй буюу хараат бус хөндлөнгийн, олон улсын байгууллага байвал эрсдэл багатай гэж бодож байгаа.
-Олон улсын валютын сангаас гадна цөөнгүй улсаас тодорхой хэмжээний зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Гэтэл эдгээр зээл ороод ирвэл гаднаас авсан зээлүүдээ эргүүлж төлөхөд зарцуулна гээд байх юм. Тэгэхээр хүссэн хэмжээнийхээ зээлийг гаднаас авч чадахгүй тохиолдолд бондынхоо төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд байна гэсэн үг үү?
Ирэх оноос эхлээд гаднаас авсан их хэмжээний зээл, бондын төлбөрийг төлж эхэлнэ. Үүнд ямар нэгэн байдлаар эх үүсвэр гаргахгүй бол дефольт болно. Өөрөөр хэлбэл, тухайн улс гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгааг олон улсад зарлана л гэсэн үг. Ингээд дефольт болчихвол Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд навс унана. Гэтэл ийм байдлаас гарах гэж зарим улс 25-50 жил зарцуулсан байдаг.
1974-2014 онд гадаад өрийн дампуурал зарласан улс орнуудын гадаад зээлийнх нь харьцаа ДНБ-ий 80 хувиас доош байхад тохиолдсон. Гэтэл манайх 80 хувийг аль хэдийнэ давчихсан. Тийм учраас дефольт болох эрсдэл 80-аас дээш хувьтай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, маш хариуцлагатай цаг үе ирээд байна. Яг ямар эх үүсвэрээс, хаанаас зээл авах талаар УИХ-д албан ёсоор оруулж ирээгүй учраас тодорхой мэдээлэл алга.
Энэ талаар Засгийн газрын гишүүд илүү мэдээлэлтэй байгаа байх. Ер нь Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эргэлтэд орж, олон намын системд шилжсэнээс хойш анх удаа л ийм их хэмжээний гадаад өртэй болчихоод байна. Гэхдээ энэ байдлыг ямар ч байсан давах ёстой. Үүний тулд Засгийн газар илүү хурд, зангараг, шийдэлтэй ажиллах хэрэгтэй байна. Бидний хувьд нөхцөл байдал ийм байна гэж яриад их удчихлаа. Одоо шийдлээ л ярих хэрэгтэй байна.
-Тэгэхээр та тодорхой алхам хийхгүй байна гэж хэлэх гээд байна уу?
Тодорхой алхам хийж байгаагийн нэг илрэл нь ирэх оны төсвөө баталсан явдал л даа. Цаашлаад Олон улсын валютын сангийнхантай уулзалтууд хийсэн, эцсийн шийдлээ хүлээж байна. Засгийн газраас хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Онцгой төлөвлөгөөг гаргасан, ажлын хэсэг ажиллаж байна. Харин УИХ-д ч юмуу ард түмний хүлээлтэд нийцэхүйц хэмжээний хурдтай ажиллахгүй байна гэж хэлэх гээд байгаа юм.
Тийм учраас бид эцсийн мөчийг хүртэл бүх талаар Засгийн газраа дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг бол шүүмжлэл. Үүнийг зөв өнцгөөс ойлгох хэрэгтэй. Нөхцөл байдлыг олон өнцгөөс харах тусмаа Засгийн газар илүү хурдтай ажиллаж чадна. Ингэхгүйгээр ямар нэг байдлаар вакум хэлбэрт ороод бодит нөхцөлөөс хазайсан 1-2 алхам хийх л юм бод бид дефольт руу орох магадлалтай.
-Ирэх оны мөнгөний бодлогын хүрээнд гаднын банк оруулж ирэх саналыг тусгасан байна лээ. Энэ нь эдийн засгийг дэмжих бодит хөшүүрэг мөн үү. Үүнээс гадна банкинд цус сэлбэхийг та ямар байдлаар хүлээж авдаг вэ?
Миний бодлоор гаднын банк оруулж ирэх нь зөв гэж үздэг. Учир нь, бид дундаж давхаргыг зузаан болгож байж л эдийн засгийн хүндрэлийг давна. Энэ бол хямралаас гардаг дэлхийд шалгарсан арга. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрөө өөртөө жижиг ажлын байрыг бий болгож чадаж л байвал эдийн засаг тогтвортой байна гэсэн үг. Нэг юмуу 2-3 компаниас хамааралтай байх тусмаа улс орны эдийн засаг хүндэрдэг. Өнөөдөр 16-17 хувийн хүүтэй зээл аваад Монголын жижиг зах зээлээс ашиг олоод амжилтад хүрнэ гэдэг амаргүй. Энэ үүднээс авч үзвэл, гаднын томоохон хөрөнгө оруулалтын банкуудыг оруулж ирэх ёстой. Гэхдээ гуйвуулаад байгаа учраас тайлбар хийх хэрэгтэй байх.
Гаднын банк гэдэг нь заавал “Bank of China” байх албагүй. ОХУ-ынх юмуу АНУ-ынх ч байх албагүй. Дэлхийд олон улс бий. Швейцарь, Швед, Английн банк ч байж болно. Гагцхүү аль болох олон талын өрсөлдөөн үүсэх тусмаа л үндэсний банкууд илүү үнэ цэнэтэй болно, магадгүй олон зүйлд суралцана шүү дээ. Жишээлбэл, хэдхэн жилийн өмнө л “Шангрилла”-г оруулж ирэх нь, дотоодын зочид буудлуудаа дампууруулах нь гэж ярьж байсан.
Энэ зочид буудал маш их хэмжээний мөнгийг гадагш нь гаргаж байгаа ч маш том хэмжээний чанарыг авчирсан нь үнэн. Цаашилбал, “Шангрилла” байгаа учраас олон улсын төвшний хурал зөвлөгөөн болоод, тэр хэрээр Монголд хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь үнэн шүү дээ. Үүний дараагаар “Туушин”, “Холидэй” гэх мэтээр орж ирлээ. Ингэж өрсөлдөхийн тулд олон улсын стандартыг авна гэдэг нь чухал юм. Энэ хэрээр манай улсад олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах суурь болно шүү дээ. АСЕМ ч мөн нэг жишээ нь.
Тэгэхээр бид олон талаас нь нухацтай судлаад олон улсын банк санхүүгийн байгууллага Монголд орж ирэх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэнд чөлөөтэй өрсөлдөөн бий болохоос гадна манай банкууд суралцана. Банкуудын зээлийн хүү ч илүү зохист харилцаанд орох юм. Цаашилбал, хүчирхэг итгэлтэй банкуудаар дамжуулаад томоохон байгууллагууд Монголд хөрөнгө оруулах таатай орчин бүрдэнэ.
-Гаднын банк оруулж ирэхэд юу саад болоод байгаа юм бэ. Монголд монополь болчихсон банкууд хүчтэй лобби хийж байна гэх хардлага ч байдаг?
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг байдлаар асуудалд хандаад байгаа юм л даа. Гэхдээ энэ бол шийдэж болохгүй асуудал биш. Сайн судлах хэрэгтэй. ҮАБЗ юмуу УИХ, Засгийн газраас ажлын хэсэг гаргаад судлах хэрэгтэй байх. Энд нэг зүйлийг хэлэхэд, бид аливааг сургаар шийдэж ирсэн нь нууц биш. Яг юу болохыг олон талаас нь судлах хэрэгтэй байгаа юм.
Гаднын банк оруулж ирэх тухайд гэхэд л зөвхөн арилжааны банкуудын байр суурийг сонссоноор шийдчихэж болохгүй. Гэхдээ бас сонсохгүй байж ч чадахгүй. Гагцхүү зохистой харилцаа нь юу юм бэ гэдгийг л авч үзэх хэрэгтэй байна. Ер нь тэгээд улс орнууд бие биеэсээ харилцан хамааралтайгаар өөрчлөгдөж байна шүү дээ.
Дэлхийн хүчний харилцааны төвүүд ч өөр болж байгаа тохиолдолд бид аль болох олон улсын стандартад бизнес, төр засгийн байгууллагын хурд, засаглалын индексийг сайжруулахгүйгээр дэлхийтэй хөл нийлүүлэхгүй. Бусад улс орон урагшаа яваад байхад бид шал өөр замаар явна гэвэл бүтэхгүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад орон мэргэжлийн сэлэлтээр сэлж байхад бид “нохой самардаж” байгаагаас ялгаагүй зүйл болно шүү дээ. Тэгэхээр ялангуяа эдийн засаг, бизнесийн жам ёсны эргэлт, онол руу явахгүй бол болохгүй.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Богино хугацаанд эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэсэн атлаа хэт тунхагийн шинж чанартай, нарийвчилсан тооцоо судалгаагүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
Нийлж байгаа. Гэхдээ УИХ-ын нэг гишүүн хэвлэлд ярилцлага өгч байхдаа хямрал давах хөтөлбөрийг ингэж сайжруулах хэрэгтэй гээд хэлчихдэг юм биш. Энэ бүхнийг ярихаар миний анхдугаар чуулган дээр илэрхийлж байсан байр суурь улам л батжаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, томоохон улс төрийн шийдлүүд хэрэгтэй байна.
Үүний тулд намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг хүн байх ёстой гэдэг зарчим үгүйлэгдэж байгаа юм. Магадгүй, үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж ч болох юм. Төрийн бүх тогтолцоог шинэчлэхтэй холбоотой, эдийн засгийн төрөлжилт ч хэрэгтэй байна. Сэргээгдэх эрчим хүч гаргаж авах, аялал жуулчлалынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг ямар байдлаар хийх ёстой юм.
Цаашлаад хоёр хөршийн харилцаагаа хэрхэн эргэж харах вэ. Ийм байдлаас бид яаж өрнөөсөө гарах вэ. Энэ бүгдийг харахаар энгийн байдлаар буюу урсгалаараа яваад бид өрнөөсөө гарахаас нэгэнт өнгөрсөн. Гольдролыг магадгүй сөрж сэлэх хэрэгтэй болсон байна. Цаг хугацааны хойноос хөөцөлдөх биш угтаж өөр замаар явах хэрэгтэй болжээ. Үүний тулд улс төрийн томоохон шийдэл, зангараг зайлшгүй хэрэгтэй байна.
-Тухайлбал?
С.Баяр даргыг энд ярьж болно. Энэ хүний шийдэл Монголын эдийн засгийг 17.3 хувьд хүргэж байсан нь үнэн шүү дээ. Энэ бол дэлхийд байхгүй өсөлт, бараг илбэ ч гэж хэлж болно. Тухайн үед ийм нөхцөл байдлыг хэн ч олж хараагүй. Үүний адилаар том лидерүүдийн байр суурь дандаа л боломжгүйн дундаас боломжийг бий болгосон байдаг. Харин боломжтойг зохицуулна гэдэг бол менежерийн ажил. Тийм учраас манай намын хувьд 65-уулаа, улс төрийн эрх мэдэлтэй байгаа энэ цаг үедээ илүү дорвитой, шинэчлэлийн чанартай, магадгүй эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй байна.
-1.8 жилийн хугацаанд эдийн засгийг сэргээнэ гэж байгаа. Энэ хэр боломжтой хугацаа юм бэ?
Энэ асуултын тухайд биднээс илүү Засгийн газрын гишүүд дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаатай байгаа байх. Тэдэнд баг ч байгаа шүү дээ. УИХ-ын хувьд илүү зохистой байдлаар зааж зөвлөх л үүрэг хүлээдэг. Миний хувьд нэгэнт байгуулсан Засгийн газрыг ажлаа аль болох хурдтай хийхэд нь дэмжих ёстой гэж үздэг. Ингэж байж л хүндрэлээс гарах ёстой. Миний эмээж байгаа нэг зүйл бол манайд болж байгаа олон сонгуулиас болж бид их цаг алдаж байна. УИХ-ын сонгуулийн дараа томилгоо гээд баахан цаг алдчихсан. Дараагаар нь томилгоо гэж цаг алдлаа.
Магадгүй цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль гээд цаг алдахыг үгүйсгэхээргүй байна. Үүнтэй холбоотойгоор томоохон шийдлүүдэд цаг алдвал Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад бид сэхэл авч чадахгүй хэмжээнд хүрэх магадлалтай. Улс төрийн шийдэл ярилгүйгээр зээл аваад асуудлыг шийдчихэж болно. Гэтэл тэр зээл ирээдүйд ямар үр дагавар авчрах вэ гэдгийг л сайтар тооцоолох хэрэгтэй. Хоёр том гүрний дундах жижиг эдийн засагтай улсын хувьд энэ нь маш чухал асуудал.