Шадар сайд Д.Тэрбишдагва,  БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай  уулзлаа
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.06.24

Шадар сайд Д.Тэрбишдагва, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Энэ сарын 24-26-нд өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрээр өнөөдөр  Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд  Д.Тэрбишдагватай уулзлаа. Уулзалтын эхэнд БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Шадар сайд онцлоод, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж өндөр дээд түвшний айлчлал уулзалтаар тохирсон ажлууд хурдацтай явж байгаад  сэтгэл хангалуун байна гэлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын асуудлыг хариуцдаг нь их чухал байна. Манай улс гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа.

Бид хамтдаа хөгжих бүрэн боломжтой.

Монгол улс нь байгалийн их нөөцтэй, тэр их нөөцийг манай улс сонирхож байна. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Одоогийн байдлаар хоёр орны харилцаанд үлгэр жишээ болохуйц  томоохон төсөл алга  байна. Бид цаашид харилцан ашигтай улам дотно хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм. 

Өнгөрсөн жилийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр яригдсан нүүрс хийжүүлэх төслийн ажлын явц нэлээд сайн явж байгаа. Энэхүү төсөл нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдоно. Манай улсын эдийн засгийн хөгжилд, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Таны хэлснээр үлгэр жишээ томоохон төсөл одоогоор алга байна гэдэгтай санал нэг байна. Хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол Хятадын зөвлөл болгохоор Засгийн газрын шийдвэр гарсныг уулзалтын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва  дуулгасан.

Уулзалтын төгсгөлд манай улсад айлчлах БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр том төслийн асуудлаа оруулж шийдвэрлүүлэх боломжийг монголын тал  алдаж болохгүй шүү гэдгийг Ван И  сануулсан.