Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2014.12.17/ үдээс өмнө хуралдаж Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулав.
Танилцуулганд Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон төсөвтзохих өөртлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зардлыг бууруулан тооцох зарчмыг баримталсан байна.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлтэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэрээр 2014 онд тодотголын төсөлд тусгасан шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав.
Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжилахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.