2012.02.27

Ж.Энхбаяр: Улстөрийн шалтгаанаар нэг ч хүн халаагүй

 

УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Батлан хамгаалахын сайд, төр ард түмнийхээ эсрэг ажиллалаа хэмээн Ардчилсан намын бүлэг үзсэн. Энэ нь ямар учиртай юм бэ. Таниас албан мэдээлэл авмаар байна?
-Батлан хамгаалах яамны жолоочоос эхлээд туслах, зөвлөх, дарга, цэрэг гэлтгүй бүгд цэргийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг юм. Энэ салбарыг тэргүүлж байгаа сайд нь л ганц энгийн хүн шүү дээ. Цэргийнхэн тушаалаар ажилладаг учраас энэ салбарыг улс төрөөс хол байлгах ёстой. Салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангах асуудал ярьсан. Энэ бол миний хийх ёстой ажил, үүрэг гэж бодож байна. Түүнээс өөр ноцтой зүйл яриагүй.

-Таныг хууль бусаар төрийн албан хаагчдыг ажлаас нь халж байна гэсэн мэдэгдэл хийсэн?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд, миний бие өнөөдрийг хүртэл улстөрийн шалтгаанаар нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй. Ажлаас халах, шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой. Үүнийг Зэвсэгт хүчин жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, цэргийн албанаас бүрэн чөлөөл гэдэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад нь шилжүүлсэн. Хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцааны үүднээс биед нь ноцтой гэмтэл учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Ийм л зүйл болсон.

-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?

-Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг гэдгийг дээр хэлсэн. Энэ хүрээнд зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд хуулийн өндөр мэргэжилтэй хүн. Тиймээс хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэшсэн байдалд таарна гэж үзсэн учраас сэлгээ хийсэн, халаагүй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.