“Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
БСШУ-ны сайд А.Гантөмөр
2014.12.18

“Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон «Зөв монгол хүүхэд» хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг хянах зорилгоор БСШУ- ын сайд А.Гантөмөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тавдугаар сургуулийн хэмжээнд 2012 оноос эхлэн «Ном» хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд сурагчдыг бага ангиас эхлэн номтой харьцаж сургах, ариг гамтай хэрэглэхэд сургах, ангийн номын сантай болох зэрэг зорилтуудыг тавьж  ажилласан байна.

«Ном» хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд анги болгон номын сантай болж, сурагчид хичээлийн болон хичээлийн бус цагаар хүссэн номоо унших бүрэн боломж нээгдсэн аж. Энэ үеэр «Зөв монгол хүүхэд» хөтөлбөрийн үндсэн чиглэл болох «Ном», «Авьяас» хөтөлбөрийн хүрээнд сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн байв.

Мөн хүүхдийг багаас нь амьдрах ухаанд суралцуулах зорилгоор технологийн хичээлийн хөтөлбөрт гар урлалын хичээлүүдийг түлхүү оруулж өгсөн тухайгаа тавдугаар сургуулийн удирдлагууд онцолж байсан юм. Монголын уламжлалт зан заншил, соёлын элэментүүдийг таниулах зорилгоор эсгий урлалын хичээлийг энэ жилээс сургалтын хөтөлбөрт шинээр оруулсан байна.

БСШУ-ны сайд А.Гантөмөр үзэсгэлэнг үзэж сонирхох үеэр сурагчдын хийсэн гар урлалын бүтээлүүдийг анхаарч үзэж байсан юм. Учир нь монгол ёс, нүүдэлчдийн уламжлалт зан заншилыг таниулахад чиглэгдсэн уг ажил нь сурагчдад монгол ахуйг таних мэдлэг олгож чадсаныг бүтээлүүдээс харж болохоор байв.

Тавдугаар сургуулийн багш ажилчид улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хүүхдийн боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд байнга оролцдог бөгөөд үүний үр дүнд сурагчдын идэвхи оролцоо сайжирч сурлагын чанар ахиж байгааг онцолж байлаа. Монгол улс БНСУ-ын засгийн газрын хэлэлцээрийн дагуу явагдсан багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНСУ- ын хоёр багш зургаан сарын хугацаатай тавдугаар сургуульд ажилласан байна. Бага ангийн хүүхдүүдтэй ажилласан багш Ким Ён Сүн монгол хүүхдүүд сэтгэлгээний онцлог болоод ур чадвар, гарын эв дүйн хувьд солонгос хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байна гэж ярьж байсан юм.

Ким Ён Сүн багш бага ангийн сурагчдад цаасан наамал, анхан шатны солонгос хэлний хичээл заасан аж

Ким Ён Сүн багш бага ангийн сурагчдад цаасан наамал, анхан шатны солонгос хэлний хичээл заасан аж. Ганц тавдугаар сургууль гэлтгүй нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад тулгарч байгаа анги дүүргэлтийн асуудал энэ үеэр мөн хөндөгдсөн юм. Улсаас тогтоож өгсөн стандартын дагуу нэг ангид 35 хүүхэд суралцах бололцоо бүрдэж өгөхгүй байгааг сургуулийн удирдлагууд онцолж байсан юм.

Энэ үеэр БСШУ-ны сайд А.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-«Зөв монгол хүүхэд» хөтөлбөрийн үр дүнгийн талаархи таны бодол. Дутагдалтай талууд байна уу?

Эхнээсээ   хөтөлбөр маань бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан боловсон хүчнийг бэлдэх зорилготой байсан. Үр дүн нь ч маш сайн байгаа. Цаашдаа анхаарах зарим асуудлууд байна. Тухайлбал нэгдүгээр ангийн хүүхдүүдийн багш нарын асуудал, гэрийн даалгаврыг яах вэ гэх мэт.

Эцэг эхчүүдийн зүгээс нэгдүгээр ангийн хүүхдийн даалгавар ихдээд байна гэсэн гомдол ирдэг. Нөгөө талд нь багш, сурган хүмүүжүүлэгчид бид чадах чинээгээрээ даалгавраа бууруулж байгаа гэсэн хариу өгөөд байдаг. Хамгийн гол нь сургуулиудын зүгээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн мэдэгдэхүйц сайн байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь бид нарт их сайхан урам зориг өгч байна.

Хүүхэд бүрийн авьяасыг нээх боломжтой юм байна шүү гэдгийг тэд олж харж байгаа нь хамгийн том ололт. Нэгэнт олж харсан учраас цаашид түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажилллах боломжтой болно. Бид хөтөлбөрийг санаачилсан ч гэлээ цаашид хэрэгжүүлэх хүмүүс илүү анхаарна гэдэгт итгэлтэй байна.

-Уг хөтөлбөрийг улам боловсронгуй  болгож ажиллахын тулд цаашид юу хийх шаардлагатай вэ?

-Монгол   хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлж зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд багшийн хөгжлийг тасралтгүй бий болгох хэрэгтэй. Эрт дээр үеэсээ бид багшийг хүндэтгэх, дээдлэх уламжлалтай байсан. Харамсалтай нь энэ уламжлал өнгөрсөн жилүүдэд алдагдсан. Тэр уламжлалыг сэргээхийн тулд багш нарынхаа нэр хүндийг сэргээх, шийдвэр гаргах эрх мэдэлтэй болгох ажлуудыг санаачилж хийнэ.

Дээрээс нь сургуулийн захирлуудад санхүүгийн эрх чөлөө олгож байж сургалтын чанар, боловсон хүчний чанар сайжирна. Тэгэхээр үүнтэй зэрэгцээд санхүүгийн асуудлыг давхар шийдэж өгөх хэрэгтэй. Хичээлийн хэрэгсэл анги дүүргэлтийн асуудал дээр анхаарч ажиллах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Жишээ нь энэ сургуульд алдартай багш нар олон байдаг юм байна. Үүнийг дагаад гарч ирэх асуудал нь эцэг эхчүүд нөгөө сайн багшийн ангид хүүхдээ өгөх гээд очер дараалал үүсгээд байх талтай. Мэдээж залуу багш нар дотор ч чадвартай сайн багш байгаа. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийнхөө таньж мэддэг сайн багшийн ангид оруулах гэсэн хүсэлтэй байдгаас болж зарим талаараа хүндрэл учирч байгаа тохиолдолууд байна.

Бүр 40-48 хүүхэдтэй анги хүртэл байгаа гэсэн. Тийм учраас цаашид олон хүүхэдтэй ангийг яах вэ гэсэн асуудал аяндаа ургаад гараад ирлээ. Нэгдүгээрт багш боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгөх, хоёрдугаарт сурагчдын хичээлийн хэрэгслээр бүрэн хангах, гуравдугаарт эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.