Л.Гантөмөр: Ногоон дарь эхийн асуудлаар шүүхэд хандана
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2014.12.16

Л.Гантөмөр: Ногоон дарь эхийн асуудлаар шүүхэд хандана

Өнгөрөгч пүрэв гарагт Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын арвандолдугаар зууны үед туурвисан “Ногоон дарь эх”-ийг Францын нэгэн компани дуудлага худалдаанд оруулсан билээ.

Монгол Улсын үнэт өвийг худалдан борлуулахаа түр азнах, гарал үүслийг нь тогтоох асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг манайхаас тавьсан ч тус компани шаардлагыг үл хэрэгсэн дуудлага худалдааг зохион байгуулж 4.3 сая ам.доллараар зарж борлуулсан билээ.

Тэгвэл уг асуудлаар манай улсаас ажлын хэсэг байгуулан, энэхүү компанитай шүүх дээр уулзахаар франц хэлтэй өмгөөлөгч хөлслөн авсан байна. Энэ талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр мэдээлэл өгчээ.

Тэрбээр, “Ер нь бол Занабазарын бүтээл дэлхийн хамгийн сонгодог бүтээл болчихоод байна. Тиймдээ ч үнэ цэнэтэй байлгахыг бид хүсч байгаа. Үнэ цэнэтэй бүтээл нь эх орондоо байвал илүү их гайхамшигтай.

Хулгайгаар алга болсон бүтээлээ олж авах талаар төр засаг нь ажил хийж л таарна. Тэр ажлуудыг хийе л гэсэн. Саяын дуудлага худалдаа Францад болсон учраас Франц хэлтэй хуульч авна.

Хуулийнхан, палеонтологи, урлаг судлал, шашныхан ч энд баг болж ажиллах ёстой. Энэ баг зарагдсан гэгдэх бүтээлийнхээ гарал үүслийг тодорхойлох, яаж худалдагдсаныг тодруулах гээд олон ажил бий. Ямар үр дүнд хүрч байгааг цаг тухайд нь нийгэмд мэдээлээд явна. Энэ талаар Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр нартай зөвшилцлөө” хэмээн хариулт өгчээ.

Энэ талаарх мэдээллийг тухайн цаг үе бүрт олон нийтэд мэдээлээд явна гэсэн юм. Өмнөх сайдын хувьд Үлэг гүрвэлийн үнэлж баршгүй ховор олдворуудыг эх орондоо авчирсан бол Л.Гантөмөр сайд бурхан шашны олдворуудаа эх оронд нь авчрах бололтой