Гэр хорооллын 40 мянга гаруй айлыг цахилгаанжуулжээ
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар үйлдвэр, компаниудын ажил байдалтай танилцах ажлын хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниар зочиллоо.
Станцад үйлдвэрлэгдэж, дамжуулах сүлжээгээр урсан ирж буй цахилгаан эрчим хүч гэх хүний амьдралын суурь хэрэгцээ болсон бүтээгдэхүүнийг эцсийн шат дамжлагаас хэрэглэгчдэд түгээж, зохицуулалттай хангах үүрэгтэй тус компани үйлчилгээгээ сайжруулахаар өөрчлөлт, шинэчлэлтийг эрчимтэй хийж байгаа аж.
Мөн тулгамдаж буй хүндрэлийг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа автоматжуулах олон ажил хийсэн тухайгаа салбарын сайдууддаа танилцуулав. Тухайлбал, мэргэжлийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх 70047004 дуудлагын төв, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээний систем, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг
тоолуурын систем, гадуур ажиллах хүчний хяналт, зааварчилгааны цахим систем, техникийн нөхцөл олголтын цахим системүүдийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.
Түүнчлэн хэрэглэгчдийг гэрэл цахилгаанаар хангах, шугам тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх чиглэлээр улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийж 2008-2014 онуудад нийслэлийн гэр хорооллын дөчин мянга гаруй айл өрхийг шинээр цахилгаанжуулжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэхэд анхаарч, шинэ холболтыг төлбөртэй болгох, эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах, үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлж тооцох, хамгаалалтын зурвасыг газрын татвараас чөлөөлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ.