Мэндчилгээ
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.12.31

Мэндчилгээ

Монгол улсын үнэт эрдэнэ-иргэн Танд айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлэн мэндчилье.

Улиран одож буй 2014 он таны амьдралд амжилт бүтээлийн дээдийг дагуулсан азтай, одтой жил байсан гэдэгт итгэлтэй байна. 
    Өнгөрөн одож буй 2014 оныг Монгол улсын Засгийн газар "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Монгол гэр бүлийн хөгжил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон ажил санаачлан зохион байгууллаа.     Мөн бид 2014 онд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсэнийг дуулгахад таатай байна. 
    Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, иргэн таны эрүүл мэндийн үйлчилгээгээ түргэн шуурхай, чанартай хүртэх боломжийг бүрдүүлэх "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай"  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүллээ.  
    2014 онд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэдтэй эхчүүд болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр ажиллаж байгаад тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан хугацааг нөхөн тооцохоор болов. 
     Мөн “Нийгмийн халамж, даатгалын тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллаа. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ сард 115000 төгөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 52800 төгрөг болсон. 
    Харин нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг  20,0 мянга төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
    Хүн амын бүлгийн онцгой хэсэг болсон хөгжлийг бэрхшээлтэй иргэдийн хөгжил, эрх хамгаалалыг бий болгох "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Эрхийг бодит болгоё- Инчеоны стратеги"-ийн бодлогын баримт бичгийг албан ёсоор хүлээн авч, хэрэгжүүлж эхэллээ.   
    Бид өвөг дээдэс, ёс уламжлалаа мартаж болохгүйн адил ахмад настан, буурлуудаа ч анхаарах ёстой. Энэ хүрээнд  "Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг  2014-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө болон ахмад үеийхээ сургаалийг сонсох, ажил хөдөлмөртөө дэмжлэг болгох зорилгоор “Монголын ахмад  мэргэжилтнүүдийн  Үндэсний  сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгуулж Ахмад мэргэжилтнүүдийг зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.    
    Ийнхүү өнгөрөн одож буй 2014 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам санаачлан хийж, хэрэгжүүлсэн олон ажлыг дурдаж болно. 
Улиран одож буй хуучин он Танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он Танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай. 
Та бүхэнд Шинэ оны мэнд хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
        САЙД                                                      С.ЭРДЭНЭ