Ц.Жадамбаа: Сангийн яамнаас гүйлгээ хийгдэж эхлэхээр мэдээллүүд орно
Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2015.01.07

Ц.Жадамбаа: Сангийн яамнаас гүйлгээ хийгдэж эхлэхээр мэдээллүүд орно

Энэ оны эхнээс үйлчилж эхлээд буй Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт. Эхний долоо хоногийн байдлаар ямар түвшинд явж байна, уншигчид нэгдсэн цахим хуудас руу орж үзчихээд олигтой мэдээлэл ороогүй байна, нээлттэй болоогүй л байна шүү дээ хэмээн эргэлзэж буйгаа хэлсэн байсан. Үүнд тайлбар хийгээч?

-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах нэгдсэн цахим хуудас 2014 оны арванхоёрдугаар сарын 25-нд нээгдсэн. Үндсэндээ бол зарласныхаа дагуу бид амжилттай оруулсан. Он гарах мөчид 890 байгууллага хэрэглэгч болсон байсан.

Он гараад өнгөрөгч 5-ны өдрөөс хойш үндсэндээ маш ачаалалтай ажиллаж байна. Мэдээллийн тухайд Сангийн яамнаас гүйлгээ хийгдэж эхлэхээр мэдээллүүд орно. Мэдээллээ оруулах эсэх тухай асуудал бол төсвийн захирагч нарын хуулиар хүлээсэн үүрэг учраас хуулиндаа захирагдана.

Өнөөдрийн байдлаар ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй учир байгууллагууд мэдээлэл хараахан оруулаагүй байна. Цөөн тооны байгууллага 2014 оны төсвийн гүйцэтгэлээ оруулсан байна. Хуулийг дагаж журам гарсан. Одоо бид хууль болон журмаа барин ажиллаж байна.

-Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хуулиар бол 2016 оны 6-р сараас өмнө нээгдсэн байхаар тусгаж өгсөн. Гэвч Засгийн газар оны эхнээс л хуудас ажиллаж эхэллээ хэмээн зарласан. Түргэдээгүй биз, бэлтгэл ажил хангагдсан уу?

Түргэдсэн эсэх тухайд хариулт өгч мэдэхгүй юм. Хуулинд заасан хугацаанд л хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд ажиллаж байна. МТШХХГ-ын зүгээс хийх ёстой ажлаа л хугацаанд нь амжилттай гүйцэтгэлээ.

Одоо бид шинээр гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна. Шинэ тутам учир төсвийн бүх байгууллагаас лавлах, тодруулах асуудал гарч байна. Тусгай баг гарган 24 цагаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Цаашид хуулинд заасан 2016 онд орох нэгдсэн цахим хуудасны асуудал үе шаттай хийгдэх байх. Энэ асуудал хуулиараа Сангийн яамны хариуцсан ажил байгаа.

-Төрийн байгууллагынхан, уг хуудсанд мэдээлэл оруулах үүрэг бүхий хүмүүс бүрэн бэлтгэгдэж чадсан уу, чадахгүй мэдэхгүй зүйл гарахгүй биз. Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ хуулийн талаар мэдээгүй, сонсоогүй гээд хэрэгжүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж анхааруулсан даа.

Хуулийг бүгд л дагаж мөрдөхөөр чармайн ажиллаж байна. Би дээр хэлсэнчлэн шинэ тутам учир асуух, тодруулах, системтэй ажиллаж сурахад хүндрэлүүд гарч байна.

Гэхдээ төрийн албан хаагчид энэ бэрхшээлүүдийг асуудал гэж харахгүйгээр богино хугацаанд суралцаж байгаад баяртай байна. Юм бүхнийг муугаар харж чичилж суухаа болиод хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангахыг л харах нь чухал биз дээ. Ажил хийж байхад асуудал их байдаг тэр дундаа шинэ зүйл дээр.