Онцгой байдлын сургуулиас эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
2015.01.13

Онцгой байдлын сургуулиас эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд ХСИС-ийн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа П.Баттогтох, ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян,  хурандаа С.Залуухүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга асан комиссар Д.Хишигбаатар, “Ж.Жанчив сан”-гийн тэргүүн Г.Тамир, “Т.Лхамжав сан”-гийн тэргүүн З.Ундармаа болон ахмад ажилтнууд, багш, сонсогчид оролцлоо.

Тус хурлын үеэр Онцгой байдлын сургуулиас 2014 онд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ,  судалгааны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар тус сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Машбат танилцуулав.

Уг арга хэмжээний үеэр “Ж.Жанчив сан”-гийн шагналаар ОБС-ийн сонсогч А.Булганхангайг шагналаа. Сүхбаатарын одонт  бэлтгэл хурандаа агсан Ж.Жанчив НАХЯ-ны УЦСЕГ-ын Галын аюулаас хамгаалах газрын даргаар тасралтгүй 24 жил ажилласан ахмад ажилтан юм. Тус сан нь Монгол улсын гал түймэртэй тэмцэх байгууллагын ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, тэдний байгуулсан гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Гал түймэртэй тэмцэх газрын дэргэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Мөн “Т.Лхамжав сан”-гийн нэрэмжит шагналаар тус сургуулийн сонсогч Х.Жамьяансүрэнг  шагнасан юм. Бэлтгэл хурандаа Т.Лхамжав агсан улсад 40 гаруй жил ажиллах хугацаандаа нийслэл хот, хөдөө орон нутагт гарсан онц ноцтой 3800 гаруй гал түймрийг унтраах ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж, 120 гаруй хүний амь нас, олон зуун сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан галын байгууллагын баатар байсан аж.

Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооноос “Т.Лхамжав сан”-гийн үйл ажиллагаанд 600,000 төгрөгийг хандивлав.

Жил бүр уламжлал болгон тус байгууллагын ойг тохиолдуулан зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлын үеэр Галын аюулгүй байдлын зөвлөх инженер А.Сэр-Од, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн нэгдсэн лабораторийн дарга, хошууч Д.Баян-Эрдэнэ, техникийн ухааны доктор Г.Даваадорж болон багш, сонсогчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.