С.Бямбацогт: Өрийн таацыг нэмэхгүй гэдэг байр сууринаасаа ухрахгүй
УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.01.15

С.Бямбацогт: Өрийн таацыг нэмэхгүй гэдэг байр сууринаасаа ухрахгүй

УИХ дахь нам эвслийн бүлгүүд өчигдөр ээлжит бус хуралдаан хийсэн билээ. Тэгвэл өчигдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ардын намын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус намын бүлгийн дарга С.Бямбацогт, намын бүлгийн дэд дарга нар өгсөн юм. 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь өрийн таацыг нэмэгдүүлэх эсэх болон Төсвийн тодотгол болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд байсан аж. Ардын намын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг гурван удаа хэлэлцэж, төсөв мөнгөний бодлого, валютын урсгал төлбөрийн тэнцлийн алдагдал зэргийг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулсан аж. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалсан юм байна. 

Мөн төсөвтөө засвар хийгээд, бага зэрэг хасч танаад хямралаас гарна гэж байхгүй учраас Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв, мөн хямралын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алдаатай байна гэж үзжээ. МАН-ын бүлэг мөн дарга нарыг халамж тэтгэмжээсээ буюу унааны зардлаасаа танаж төсөвт оруулах хүсэлтээ гэдгээ илэрхийлсэн аж. 

Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид өмнөх байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн. Гэхдээ бид өрийг нэмэхгүй гэдэг байр сууриа хадгална. Одоо өрийн таац ДНБ-ий 58.3 хувь хүрсэн байгаа. Хуулиа зөрчсөн байгаа учраас үүнийг шалгаж, хариуцлага хүлээлгэх нэгэнд нь хариуцлага тооцно. 

Өрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Хэн хаанаас хэдэн төгрөг зээлсэн тэр нь хэнд очсон яаж зарцуулсныг тодорхой болгоно. Мөн Чингис бондын мөнгөнөөс хүртсэн компаниудын нэрийг тодорхой болгохыг шаардана” гэв. Ардын намын бүлэг халамжийн мөнгийг танахгүй харин ч цалин тэтгэврийг нэмэгдүүлэх байр сууринаасаа ухрахгүй гэв.