С.Бямбацогт: Н.Алтанхуягийн ЗГ хууль зөрчиж өр нэмсэнээ нууж ирсэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.01.19

С.Бямбацогт: Н.Алтанхуягийн ЗГ хууль зөрчиж өр нэмсэнээ нууж ирсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой Төсвийн тодотголын асуудлаар ярилцлаа. 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн босго энэ жилдээ 58.3 хувиар бичигдэх юм байна. Танай бүлгээс 2016 онд 55 түүний дараа жил 50 хувь болгоод 2018 онд 40 хувь болго гэсэн шаардлагыг тавьж байгаа юм уу? 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд Төсвийнхөө хуулинд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг заасан байдаг. Тухайн баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг хөндөхгүй гэж байгаа. Харин дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газраас өргөн барихдаа 60, 55, 50 хувь гэсэн үе шатуудаар бууруулъя гэсэн саналыг хэлж байгаа юм. Үүн дээр бид өрийн таазыг нэмэхийг дэмжихгүй.

Ганц өнөөдөр хүрсэн түвшнийг хүлээн зөвшөөрчихвөл цаашид Засгийн газарт хууль зөрчиж өр нэмэх цонх нь нээгдэх учраас өнөөдөр хүрсэн түвшнийг нь хүлээн зөвшөөрөөд цаашид үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчихгүй байдлаар ажиллах ёстой юм байна.

Энэ жил эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас зөвхөн 2015 ондоо Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас өөр арга алга. Цаашид эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал ойрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг зөрчихгүй бууруулах бодлогыг барих ёстой юм байна. 2018 оныг хүлээхгүйгээр бууруулах ёстой гэж үзэж байна. 

-Одоогоор манай улс яг хэдэн их наяд төгрөгийн өртэй байна. Дотор нь ангилбал ямар үзүүлэлт гарч байгаа юм. Хүү төлөх ачаалал хэр байгаа юм бэ? 

ДНБ-ийн харьцуулсан харьцаагаар өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцох юм бол 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг бууруулах нь өнөөдар хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ-ын хэр зэрэг санаачлагатай ажиллахаас шалтгаална.

Тэгэхээр цаашид аль болох бага улс төржиж, зөвшилцөж ажиллах шаардлага гарч байна. 2015 он улс орон болон ард түмний хувьд хүнд жил болох нь. Тэгэхээр хаа, хаанаа эв нэгдэлтэй байх нь чухал байна. Тиймээс манай нам үндэсний зөвшилцлийг эхлүүлж улс төрийн нам болон бүлгүүддээ уриалж байна. 

-Төсвийн алдагдал 5 хувьд хүрчих юм бол Төсөв нь мөнгөний бодлоготой уялдахгүй болно гэж “Төв банк”-аас мэдэгдсэн. Алдагдал ийм өндөр байвал ханшийн сулралыг барихад хэцүү гэж байгаа. Үүнийг танай бүлэг хэрхэн үзэж байгаа вэ? 

Сангийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Тэр ч үүднээс Төсвийн тухай хуулинд тодотгол хийгээд түүгээрээ төсвийн орлого зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулаад энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж үзэхгүй байна.

Тиймээс Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлүүдээр хямралыг давах томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Ийм шаардлагыг ч Засгийн газарт ч тавьж байгаа. Манай намын бүлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байгаа. 

-Өрийн хэмжээнд удахгүй авах гэж байгаа өр орсон байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тухайлбал, Хятадаас авах гэж буй 1 тэрбум юаны зээл орсон байна. Өрийн хэмжээн дээр 15,9 мөн 13.9 гэсэн хоёр их наядын зөрүү гараад байна шүү дээ. Энэ ямар учиртай тоо юм бэ?  

15.9 их наяд нь нэрлэсэн үнээрээ Монгол улсын өнөөдрийн зээлийн хэмжээ. 13.9 их наяд нь өнөөгийн үнэ цэнээрээ илэрхийлсэн хэмжээ. Үүнд Хятадын зээл ороогүй байгаа. УИХ-аар батлагдсан зээлүүд орсон. Батлагдаагүй цаашид авах зээлүүд ороогүй байгаа. 

-Ч.Улаан сайдыг ажил хүлээлгэж өгөхөд өрийн хэмжээ 49 хувьтай байсан. Гэтэл өнөөдрийн хэмжээ 58.3 хувьд хүрчихлээ. Энэ хооронд их зөрүү үүсээд байна. Яагаад ийм зөрүү гараад байна вэ? 

Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн хэмжээ хуульд заасан шалгуурыг давчихсан байсныг нууж ирсэн юм байна лээ. МАН Засагт хамтарсны дараагаар хууль зөрчсөнийг мэдсэн. Тиймээс 58.3 хувьд хүрснийг нь дэмжихээс өөр аргагүйд хүрээд байна.