С.Эрдэнэ: Монголын хүн амын насжилтийн таатай цаг үе 2025-2030 он хүртэл үргэлжилнэ
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.01.30

С.Эрдэнэ: Монголын хүн амын насжилтийн таатай цаг үе 2025-2030 он хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутан 180 хүүхдийг тодруулах бэлгэ дэмбэрэлтэй хэрнээ нарийн чимхлүүр ажил уржигдар Үндэсний статистикийн хороонд өрнөж ажлынхаа ард амжилттай гарчээ. Тун удахгүй гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах томоохон ажил явагдана. Энэ ажилд ХАХНХ-ын яам тэргүүлэх үүрэгтэй оролцох нь тодорхой. Хэдийгээр хавтгайрсан халамжийн бодлого үргэлжилсээр байна гэж шүүмжлэх иргэд байгаа ч 26 жилийн дараа сая иргэнээр бүл нэмсэн Монгол Улсын хувьд хүн амаа өсгөх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ цохон тэмдэглэсэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Өчигдөр /уржигдар/ болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах тухай шийдвэр гарсан гэсэн. Энэ асуудлыг хариуцсан сайдын хувьд та энэ талаар дэлгэрүүлэн танилцуулна уу? 

За. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. 

Үүний өмнө Засгийн газрын шийдвэр гарч аймаг, дүүрэг болгоноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг нэг хүүхдийг алдаршуулж 70 хүртэлх сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгохоор шийдвэрлээд байсныг манай иргэд сайн мэдэж байгаа. 

Энэ 30 хүүхдийн нэрийг алдаа мадаггүй нарийн тодруулах ажлыг Үндэсний статистикийн хороо, ХАХНХ-ын яаманд үүрэг болгосон. Тэр ч үүднээс Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд бүтэн өдөржин ажиллаж дээрх 30 хүүхдийн нэрийг тодруулсан байгаа. Одоо энэ нэрс нь тодорсон хүүхдүүдэд хоёрдугаар сарын 10-ны дотор бүх аймаг, дүүрэгт нь тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон шат шатны Засаг дарга нарын оролцоотойгоор шагнал, тэтгэмжийг гардуулан өгөхөөр бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Дээр нь тухайн өдөр мэндэлсэн үе чацуутан 150 хүүхдийн гурван сая төгрөгийн тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж бүх хүүхдийн нэр дээр данс нээн Сангийн яамнаас шууд тухайн аймаг, дүүрэгт нь шилжүүлж өгнө. Энэ ажил мөн хоёрдугаар сарын 10-ны дотор хийгдээд дуусна.

Мөн өнөөдөр /өчигдөр/ өглөө 10 цагт Гандан тэгчилэн хийдийн хамба лам Чойжамц болон удирдлагуудтай нь ярилцан Монгол Улсын гурван сая дахь иргэн болон чацуутнууд, нийт Монголын үр хүүхдүүддээ зориулан нас, буяны ном уншуулж, хийморь сүлдийг нь даатгалаа. Манай Гандан хийдийн бүх лам энэ сайхан буянтай ажилд оролцож Монголын үр сад маш олон болох хийморь сүлдийг нь хөгжөөлөө. 

-Сайд аа ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэх ажил ямар түвшинд явж байгаа вэ? 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл явж байгаа. Анх Албан журмын даатгалын тухай хууль гэж ороод хэлэлцүүлгийн явцад албан журмын гэж нэрлэхэд нь зохимжгүй юм гээд тэр үгийг нь хассан. Эрүүл мэндийн даатгалын тухай энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт маш том өөрчлөлт, реформ хийгдэх эрх зүйн боломж гарч ирнэ.

Энэ хуулийн гол онцлог нь Эрүүл мэндийн үйлчилгээг зах зээлийн системд шилжүүлж, хүн амд чанартай, түргэн шуурхай үйлчилгээг бүх түвшинд үзүүлдэг болоход л оршиж байгаа юм. 

Энэ хууль хүчин төгөлдөр болсноор даатгуулагч болгон эрүүл мэндийн цахим карттай болно. Цахим картаар хоёр төрлийн үйлчилгээ авах боломжтой. Нэгдүгээрт даат­­гуулагч бүрийн нарийвчилсан мэдээллийг агуулсан файл нээнэ. Хоёдугаарт ямар эмчилгээ, үйлчилгээ авсны төлбөрийг тэр картаараа хийгээд явах юм. 

Дээр нь тухайн даатгуулагч өөрөө эмчилгээ, үйлчилгээгээ сонгодог эрхтэй болно. Одоо бол тухайлсан аймаг, дүүрэг, өрхийн эмнэлгээс бусад газарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авъя гэхээр үздэггүй, үйлчилдэггүй, хөшүүн хойрго ханддаг гээд ихээхэн гажуудал байгаа. 

Эрүүл мэндийн цахим карттай болсноор Монгол Улсын иргэн эрүүл мэндийн карт уншдаг, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн аль ч байгууллагаар шууд үйлчлүүлэх эрхтэй болно. Нөгөө талаар энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тодорхой шударга, эрүүл өрсөлдөөн үүсэх боломжтой болох юм. Хэн илүү чанартай сайн эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ, хэн илүү тав тухтай орчин бүрдүүлж чадсан нь даатгуулагчийг өөртөө татаж, ашиг орлого нь нэмэгдэх нь зах зээлийн хууль шүү дээ. 

Эмнэлгүүдийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ явах учир жинхэнэ амьд, шударга, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг иргэд хүртэх боломжтой болно. Өнөөдөр Эрүүл мэндийн сал­барт тогтол­цооны шинэчлэл хийж чадахгүй байгаа учир тэнд ерөөсөө ахиц, дэвшил гарахгүй байгаа юм. Энэ хууль батлагдснаар олон асуудал богино хугацаанд шийдэгдээд явчих боломжтой. 

-Монгол Улс хэзээ иргэн нэг бүртээ Норвеги улс шиг төрийн бодлогоор хүрч, найдвартай ирээдүйтэй, хөгшин настай болсон ч амьдралын баталгаатай байх ирээдүй рүү хандсан цогц бодлоготой болох бол? 

Монгол Улсын хүн амын хөгжлийн бодлого нь төрийн бодлогод албан ёсоор тусдаггүй, энэ чухал асуудлыг үндсэндээ ТББ-ууд л авч явсаар ирсэн нь саяхныг хүртэл үргэлжилсэн. Харин 2012 онд шинэчлэлийн Засгийн газар анхлан ХАХНХ-ын яамыг байгуулснаар хүн амын хөгжил, хүн амын бүлгүүд рүү чиглэсэн төрийн тогтолцоо, үүрэг хариуцлагыг хуульчилж өгсөн юм.

ХАХНХ-ын яам байгуулагдснаар Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг өргөн барьсан нь одоо хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Энэхүү цогц бодлого батлагдан гарч ирвэл үүнийг дагаад 10 гаруй хууль эрхзүйн актууд батлагдана. Одоогоор Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд өргөн баригдчихсан явж байгаа. 

Монгол Улсын хүн амын хөгжлийн бодлого нь төрийн бодлогод албан ёсоор тусдаггүй
-Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг хүүхэд залуучууд­­ын орон, ирээ­дүйтэй залуу орон гэдэг байсан. Одоо тэр ойлголт хэвээрээ юу? 

Хэвээрээ гэж ойлгож болно. Монголын хүн амын насжилтийн нэн таатай цаг үе одоо тохиож байгаа юм. Энэ маань 2025-2030 он хүртэл үргэлжлэх прогнозтой байгаа. Энэ цаг үед Монгол Улсад төрөлт өндөр хэвээр үргэлжлэх болно. Яагаад гэвэл хүн амын нөхөн үржихүйн тааламжтай нөхцөл буюу идэр залуус хангалттай хэмжээгээр нөхөн гарч ирсээр байх юм.

Ийм цаг үед Монголын төрөөс хүн амаа өсгөх, хүүхэд, нийт ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, амьдралын нөхцөлийг нь чанаржуулах, дээшлүүлэх гээд маш олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой болж байгаа юм. 

Энэ чиглэлээр ч Монголын төр тодорхой үе шаттай зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Хэдийгээр одоохондоо нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч гэсэн хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 21 дунд сургуулийг яаралтай барьж, ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа.

Аймгийн төвүүдэд төрөх эмнэлэг, ахмадын сувилал, цэцэрлэгүүд ашиглалтад орсоор байна. Улсын төсөвт ч ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой тодорхой төсөв, хөрөнгө суусныг та бүхэн мэдэж байгаа байх. 

-Ерөнхий сайдын шууд нэвтрүүлгээр хэлсэн үгнээс хэдийгээр эргүүлэн татсан ч тодорхой халамжийн мөнгөний асуудлыг ард нийтийн санал асуулгаар дахин оруулж ирэх юм байна гэж ойлгосон. Та ХАХНХ-ын сайдын хувьд хавтгайрсан гэгддэг халамжийн бодлогыг аль талаас нь харж байна? 

Нэг хэсэг нь халамжийг хавгайрууллаа л гэж байна. Нөгөө хэсэг нь ээж нарыг урдаа барьж жагсаж байгаад л энэ асуудлуудыг буцаалгачихаж байна. 

Тэгэхээр бид яг алинаар нь явбал зөв юм гэдгээ нарийн тодорхойлох хэрэгтэй байна. Энэ төвөгтэй асуудлыг Ерөнхий сайд маш тодорхой хэллээ шүү дээ. Ард түмнээс асууж байж олонхийнх саналаар энэ асуудлыг шийдье гэлээ. Одоо бүгдээрээ хэдхэн популист нөхрийн амаар ийш, тийшээ савлаж гүйлдэхээ болъё л доо. Жишээ нь Алдарт эхийн одонгийн мөнгийг “1957 оноос өгөөд ирсэн юмыг болиулах гэж байна” гээд баахан шуугиуллаа. 

Алдарт эхийн одонгийн мөнгийг “1957 оноос өгөөд ирсэн юмыг болиулах гэж байна” гээд баахан шуугиуллаа. 

Анх энэ мөнгө чинь төрөлтийг дэмжсэн, тухайн хүүхдийн материаллаг орчинг дэмжсэн мөнгө байсан юм л даа. Энэ мөнгийг хүүхэд нь 16 нас хүртэл олгодог байсан. Одоо тэгтэл Алдарт эхийн одонгийн мөнгөний нэр нь өөрчлөгдөөд, зорилго нь өөрчлөгдөөд зүгээр л тэтгэмж болоод хувирчихсан. Бидний барьж байгаа бодлого бол хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрэхээр нь л энэ мөнгийг зогсоодог болъё гэж байгаа юм.

Гэтэл УИХ-д байдаг хэдэн сайн нөхөр нийлж баахан ээж нарыг өмнөө барьж жинхэнэ популизм хийж хашхиралдаж байгаад л буцаалгачихсан. Ерөнхий сайд хэн нь жинхэнэ улс орны хөгжилд чөдөр тушаа болж, урагшлах хөгжлөөс хойш нь чангаагаад байгааг ч тодорхой хэлсэн шүү дээ.

Одоо бүгдээрээ аливаа асуудалд ойлголцлоо нэгтгэж, яавал Монгол хүн эх орондоо сайн сайхан амьдарч болмоор байна, яавал бид богино хугацаанд асуудлуудаа шийдээд урагшлах боломжтой байна гэдгээ л бүх нийтээрээ ярилцаж, ойлголцоод явдаг болмоор байна. 

Түүнээс биш цээжээ дэлдсэн, хий хоосон хашхирсан хэдхэн хүний амыг дагаад жагсаж, цуглаад байх нь цаг алдахаас өөр асуудлыг шийдэх зам биш юм.