Д.Баасанхүү: Авто замын салбарт өргүй компани бараг байхгүй
Авто замын зураг төсөл, хяналт, зөвлөх үйлчилгээний "Ар Си Эс Си" компаний захирал Д.Баасанхүүтэй авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад ямар бэрхшээл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэж болох талаар асууж сонирхлоо.
- Авто замын компаниуд энэ зах зээл дээр ажиллахад эрх зүйн талаасаа ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
Миний хувьд Улаанбаатарын замтай холбоотой ажлыг 40 орчим жил хийсэн хүн. Хараад байхад авто замын талаархи төрийн бодлого маань тогтворгүй байна уу даа гэсэн бодол төрж байна. Ороо бусгаа шинжтэй, мэргэжлийн бус хүмүүс авто замыг удирдах гээд байдаг. Сая ЗТЯ-ыг байгуулахад “Авто замын тээврийн бодлогыг зохицуулах газар” гэж байгуулсан. Энэ нэрийг би огт ойлгохгүй байна. Авто замын тээврийн бодлого гэж ер нь юу юм бэ? Бодвол хуурай замаа хэлээд байгаа бололтой. Бусад оронд хуурай зам, усан зам, агаарын зам гэсэн ойлголт байдаг.
Зураг төсөл дээр нэг ойлгомжгүй юм бий. Авто замын зураг төслийг тусгай багаар баталгаажуулж зөвшөөрөл өгдөг. Гэвч энэ баг нь ЗТЯ-нд биш, Барилгын яаман дээр байх жишээтэй. Тэнд чинь авто замаас холдчихсон хүмүүс ажилладаг шүү дээ.
Түүнчлэн замын салбарт барилгатай адил баталгаат хугацаа гэсэн зүйлийг хуульчилж өгөөгүй. Тэгэхээр хуулиа шинэчилж энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт замын арчилгаа, засварын ажлыг хэн хариуцахыг тодорхой болгомоор байна. Яам нь мэдэх юм уу, аймаг нь мэдэх юм уу, эсвэл төв нь мэдэх юм уу, нэг бол бүр хувьчлах юм уу гэх зэргээр.
Нэг зовлонтой асуудал нь хэдэн арван тооны хүнд даацын машинууд сум орон нутаг руу шатахуун тээвэрлэдэг. Ийм машин явахаар бидний тавьсан нөгөө нимгэн хучилт чинь яаж тэсэх вэ дээ. Үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Хүнд даацын машинд зориулсан зам тавья гэхээр мөнгө байдаггүй. Тэгэхээр мөнгөний боломж, чанар хоёроо харгалзсан дундын юм үгүйлэгдэж байна.
1998 онд баталсан Авто замын тухай хууль тэр үедээ сайн хууль байсан ч одоо шаардлага хангахгүй байна. 2005 онд намайг яаманд газрын даргаар ажиллаж байхад хуулийг шинэчлэх тухай яригдаж байсан ч тэрнээс хойш 9 жил өнгөрчихөөд байхад шийдэгдээгүй л байна.
- Авто замын ажлыг гүйцэтгэхэд компаниудад захиалагч, хяналтын байгууллагатай харилцахад ямар нэгэн үйл ойлголцол гардаг уу?
Авто зам барьдаг компани олширсон. Тэр болгон ажил олддоггүй учраас захиалагчийн хэлсэн үнийг нь хянаж үзэлгүй, зураг төсөлтэйгээ ч танилцахгүй шууд ажлаа авчихдаг. Ноднин, уржнангаас нэг км замыг 530 орчим сая төгрөгөөр хийгээд байна. Замаа маш хурдан барих хэрэгтэй болдог. Хоёр гурван жил сунжирвал ямар ч ашиггүй. Тэгэхээр эхлээд замынхаа үнийг бодитой тогтоож өгмөөр байна. Хангайд зам барих нэг өөр, говьд барих нэг өөр гэх мэт замын өртөг харилцан адилгүй. Гэтэл ноднингоос эхлээд зураг төсөлд юу заасныг тооцохгүй ямар ч замыг ижилхэн өртөгөөр барина гээд заачихсан. Говьд зам барихад ашигтай гарч байхад, Хөвсгөл зэрэг газар зам барихад бараг 800 сая төгрөг болдог. Битумаа гаднаас авдаг учраас нэмэр дээр нэрмээс болж долларын ханш тэнгэрт хадсан. Зам барьсан биш гай болов гэгч л болж байна. Авто замд өргүй компани бараг байхгүй.
- Гэхдээ тухайн компани эрсдлийг тооцож ажил авах ёстой биз дээ?
Бага ажил дээр олон компани нэг нэгнээсээ өрсөх гээд дараа нь асуудалд ордог. Ажлаа авчихсан хойноо зураг төслөө хардаг гээд боддоо. Дараа нь нэмэлт хөрөнгө авах гэж бөөн юм болдог. Танил талгүй нь хохироод л үлддэг. 2015 онд олон компани дампуурна. Түрүүчээсээ дампуурч байгаа байх.
- Дэлхийн жишгээр замын засвар, арчилгааг ямар байдлаар хийдэг вэ?
Засварыг өдөр тутмын, дунд, их засвар гэж ангилдаг. Бидний хийх ёстой гол ажил нь өдөр тутмын засвар. Хятад улсад л гэхэд замын хөвөөнд бороо ороод жаахан нүх гарвал тэр дор нь бөглөдөг. Харин манайд бол байлгасаар байгаад ангал болгочихдог. Байж байж том том техник авчирч их зардал гаргадаг.
Замынхаа үнийг бодитой тогтоож өгмөөр байна.
7-8 жил болоод асфальтан хучилт нимгэрээд эхэлдэг. Энэ үед нь дунд засвар хийж нимгэн өнгөлөх ёстой. Барууны орнуудад 3 жил болоод нэг өнгөлдөг. Өнгөлөөд байхаар эцэстээ эвдрэхийн аргагүй зузаан болдог. Ийм тогтолцоо манайд алга. Зарим зам ангиудаа татан буулгачихсан. 10-аад жилийн өмнө барьсан зам явахад хэцүү болж байна.
2000-оод оны дунд үед замын 1 метр кв замыг засахад 13 цент материал хэрэгтэй гэсэн тооцоо байсан бөгөөд 30-40 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Одоо бол доод тал 50-60 тэрбум хэрэгтэй. Тэгэхээр саяхан баталсан 25 тэрбум хаанаа ч хүрэхгүй.
- Авто замын компаниудыг жилийн дөрвөн улиралд ажилтай байлгах ямар арга байж болох вэ?
Социализмын үед өвөл нь далангийн шороогоо асгачихаар өөрөө аяндаа дагтаршдаг байлаа. 1990 оноос өвөл ажиллахаа больсон. Өнөөгийн нөхцөлд өвөл хийцүүдээ хийж болох ч хөдөөгийн замын хувьд чанартай л хийхгүй бол хэрэггүй. Япончууд Хэрлэнгийн гүүрийг барихдаа өвөл нь ажилласан шүү дээ. Хэрэв тэгж чанартай ажиллавал хамаа алга.
Өвөл нь ажилтай байх өөр нэг арга бол авто замыг угсармалжуулах хэрэгтэй байна. Өвөл нь хийцүүдээ хийчихээд дулаан орохоор зүгээр угсарчихдаг практик дэлхийд бий.