Х.Тэмүүжин: Намайг өөрөөсөө болж унасан л гэдэг юм, би харамсдаггүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа
-Жилийн өмнө өргөн барьж байсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинэ сайд буцаан татаж Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар оруулаад ирлээ. Хуулийн төслүүдэд юу өөрчилснийг хамгийн анхааралтай ажиглаж байгаа хүн нь та байх. Өөрчилсөн зүйл заалт юу байна вэ?
Өмнөх Засгийн газар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өргөн бариад бараг жил болсон байна. Шинэ Засгийн газар өмнө нь өргөн баригдсан Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг оны эхээр татаж аваад сая буцаагаад өргөн барилаа.
Гэмт хэргийн тухай хуулийн төслийн нэрийг Эрүүгийн хууль гэж өөрчлөн оруулж ирж. Зөрчлийн болон Эрүүгийн хууль гэж хоёр хууль харилцааныхаа хувьд нэг шугаман дээр харилцан уялдаатай байна гэдэг нь хуулийн салбарын шинэтгэлийн суурь. Энэ суурийг шинэ Засгийн газар ямар ч байсан хэвээр хадгалаад суурь шинэтгэл нь цаашаа явах ёстой гэдэг байдлаар оруулж ирсэн байна.
Одоо үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын болон Эрүүгийн хууль харилцан уялдаагүй, зохицуулж буй харилцаанууд нь зэрэгцэн оршсон шинжтэй, ижил бүрэлдэхүүнтэй үйлдлүүдийг захиргааны зөрчил болон эрүүгийн гэмт хэрэг гэж давхардуулан хуульчилсан, нэг үйлдэлд хоёр өөр хариуцлага хүлээлгэхээр байдаг. Хариуцлага тэр дундаа ял, шийтгэл оногдуулах зорилготой хуулиуд өөр хоорондоо зөрчилдсөн, давхардсан, хариуцлагын хэсэг нь нэг мөр ойлгогдохгүй байгаа нөхцөлд хуулийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хувийн үзэмжээр асуудлыг шийдэх боломжийг олгодог. Энэ нь авлига үүснэ, хэн нэгнийг хэлмэгдүүлэнэ гэсэн үг. Хуулийн нэрээр орлого олдог бүтэц амь орно гэсэн үг. Нөгөө талаар хүний эрх үнэ цэнэгүй болно гэсэн үг.
Тэгэхээр хэн нэгэн гэмт хэрэг, зөрчил нь мэдэгдэхгүй үйлдэлд холбогдлоо гэхэд хуулийн нэрээр ажиллаж байгаа хүн Эрүүгийн хуулийн зүйл заалтаар айлгаж, сүрдүүлээд, асуудалд холбогдсон хүн нь аль байдгаа барьж гүйгээд, эцэст нь тэнд хууль бус тохироо хийгдэж авдгаа авч, өгдгөө өгсөн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийг бариад торгосон болоод гаргачихна. Эсвэл хэргийг нь шийдвэрлэхгүй удаашруулж байгаад хөнгөн, хүндэвтэр хэргийн ангилал руу нь шилжүүлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгочихно.
Иймэрхүү байдлаар хуулийн байгууллага хууль гэхээсээ илүү хувь хүний дур зоргоор хувийн ашиг хонжоо олоод явах үзэгдэл нийтлэг байгаа. Энийг өөрчлөх гол шинэтгэл ижил бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, захиргааны зөрчил гэж байж болохгүй гэх үзэл баримтлалаар боловсруулсан Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай гэсэн хоёр хууль юм. Гэмт хэргийн тухай хууль нь Эрүүгийн хууль нэрээр буцаж орж ирлээ.
-Буцаж гэдэг нь таны өргөн барьсан Гэмт хэргийн тухай хууль бараг өөрчлөгдөөгүй Эрүүгийн хууль болж орж ирлээ гэсэн үг үү?
Үндсэн концепц нь эвдэгдэлгүй орж ирлээ гэсэн үг. Гэхдээ тодорхой асуудлууд дээр өөрчлөлт орсон байна аа. Гэмт хэргийн тухай хууль гэж байсныг Эрүүгийн хууль болгож янзлаад, хуучин хэрэглэж байсан нэр томъёонуудаа буцаан хэрэглэсэн нь дэвшилттэй байсан зарим алхмаасаа ухрахад хүргэсэн байна лээ.
Тухайлбал, эрүүгийн хариуцлага гэдэг ерөнхий ойлголтыг буцаагаад хэрэглэсэн байна. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд албадлагын “арга хэмжээ”, “ял” гэсэн хоёр механизмыг салгаж тус тусад нь нэршүүлсэн байсан. Учир нь үүнийг ялгахгүйгээр ерөнхий байдлаар “эрүүгийн хариуцлага” гэж хэрэглэхээр практикт багагүй зөрчлүүд, гэхдээ ноцтой үр дагавартай байгаад байсан. Тухайлбал, ял ногдуулна гэдэг бол гэмт хэрэг хийснийг нь нотлоод, цээрлэл үзүүлж байгаа хариуцлагын хэлбэр.
Албадлагын арга хэмжээ гэдэг бол гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх, эсхүл хүний гэмт зан үйл, гэмт хэрэг гарч болзогшүй нөхцөлийг өөрчлөх зорилготой нөлөөллийн механизм. Энэ хоёрыг нэгтгээд “эрүүгийн хариуцлага” гэж нэг ухагдахуун болгочихоор ялгаатай хэрэглэх боломжгүй болчихно.
Ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно. Албадлагын арга хэмжээг хүндрүүлэх, хөнгөрүүлэх биш, үр нөлөөг нь хараад албадлагын ямар арга хэмжээг сонгон хэрэглэх вэ л гэдэг асуудал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр ийм нөхцөл байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж байгаа.
Ялаас бол чөлөөлж болно. Харин албадлагын арга хэмжээнээс чөлөөлж болохгүй. Жишээ нь, хулгай хийсэн 16 настай хүүхдийг насанд хүрээгүй гэдгээр ялаас чөлөөлж болох ч албадлагын арга хэмжээнээс чөлөөлж болохгүй.
Хүүхдийг гэмт хэрэгт уруу татаад байгаа хүмүүс, гэмт хэрэг үйлдэхэд хүргээд байгаа орчноос нь холдуулах, сургалтад хамруулах гэх мэт ажлаа төр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна гэх нэрийн дор хийхгүй орхиж болохгүй.
Дээр нь хүний эрхийн зарчим, шударга ёсны талаас нь харвал нэг ноцтой үр дагавар байгаа. Ял, албадлагын арга хэмжээ хоёрыг “эрүүгийн хариуцлага” гэчихээр албадлагын арга хэмжээ хүлээсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн болчихоод, эцэстэй энэ нь ял эдэлсэн мэт болчихоод байгаа юм.
Тэгээд бусад хуульд “эрүүгийн хариуцлага хүлээсэн бол” гэсэн нөхцөл тавиад хүний эрхийг хязгаарлачихаар гэм буруугаа шүүхээр нотлуулж ял шийтгүүлээгүй мөртлөө албадлагын арга хэмжээ авагдсан хүн “эрүүгийн хариуцлага” гэх хэт ерөнхий энэ ойлголтоос болж энгийн амьдралдаа сөрөг нөлөөлөх хар толботой үлдээд байгаа. Монгол Улсын маш олон хуульд ийм байгаа.
Энэ бол жижиг зүйл биш, хандлагын том ялгаа шүү. Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс сая оруулж ирдэг Эрүүгийн хуулийн төсөл гурав дахин нимгэн байгаа биз. Учир юу гэвэл, “эрүүгийн хариуцлага”, “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэдэг ерөнхий, ялгамжтай хэрэглэх боломжгүй, хүний эрхийг хохироосон, дордуулсан шинжтэй хэрэглэгддэг зохицуулалтыг өөрчлөхийн тулд дагаж өөрчлөхөөр санал болгосон хуулиуд нь тийм зузаан байсан юм.
-Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор оруулж ирсэн гэсэн үү?
Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулах биш, зөрчлийн хэмжээнд үнэлж торгууль ногдуулдаг байхаар оруулсан байсан. Сая шинээр өргөн барьсан Эрүүгийн хуульд гүтгэхийг гэмт хэрэгт тооцохоор ороод ирсэн байна лээ. Шүүх дээр явж байгаа процессыг харахад иргэд хоорондоо гүтгэх гэмт хэргээр бараг маргалддаггүй.
Ихэнх тохиолдолд ямар нэгэн албан тушаалтан олон нийтийн хэлэлцүүлэгт өртөөд, эсвэл иргэд хардаад шүүмжилсэнтэй холбоотойгоор намайг гүтгэлээ гэдэг гомдлыг шүүхэд гаргаж байгаа. Хамгийн хурц бөгөөд тодорхой илэрч байгаа нь энэ хэсэг.
Эндээс харахаар гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэх нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх, мэдэх эрхийг үгүйсгэдэг, албан тушаалтнуудын иргэнийхээ эсрэг тэмцдэг, хэвлэлийн эрх чөлөөг боомилдог хууль ёсны арга хэрэгсэл нь болоод байна.
Нэгэнт ардчиллыг, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн дээр нь татвар төлөгч иргэд өөрийн сонгосон төрийг хянаж, хардах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хэвлэн нийтлэх эрхийг Үндсэн хуулиараа тунхагласан бол гэмт хэрэг гэхээсээ илүү зөрчил гэж үзэх нь зөв юм.
Үнэхээр хүн гүтгэсэн, худал мэдээлэл тараасан байх юм бол зөрчлийн хэмжээнд гэм буруугаа шийдүүлээд торгуулиа төлөөд, иргэний эрх зүйн арга хэрэгслээр хохирол барагдуулаад явах нь шударга. Харин шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй.
Гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх бол харин шүүхэд худал мэдүүлэх гэх зүйл заалтаараа хариуцлага хүлээж шийдвэрлэдэг байх ёстой. Үүнээс бусад тохиолдолд намайг гүтгэлээ гэж төрийн албан тушаалтан үзэж байгаа бол зөрүүлээд тайлбар хийдэг үүрэгтэй, ил тод ажиллах зарчимтай л байх ёстой.
Ардчиллын энэ соёлыг Монголд оруулж ирэхийн тулд тээг болоод байгаа Эрүүгийн хуульд байгаа гүтгэх гэдгийг гэмт хэргийн зүйлчлэлээс хасах ёстой гэж үзсэн юм. Даанч буцаад оруулж ирсэнд харамсаж байгаа.
-Яагаад?
АН өөрийн сонгуулийн амлалт, өнгөрсөн 25 жил хамгаалж ирсэн үнэт зүйлээсээ ухарч болохгүй. Нэгэнт бид үг хэлэх эрх чөлөөг үнэт зүйлээ болгоод, үүний төлөө зүтгэнэ гэж хэлчихээд яг үйл хэрэг дээрээ бодлогоо алдаад, өөр зүйл хийгээд байж болохгүй.
Үнэт зүйл гэснээс, гэм буруугүйн зарчим гэж Эрүүгийн хуулийн чухал зарчим бий. Өмнөх Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй” гэсэн заалт байсан.
Гэтэл Эрүүгийн хуулийн шинэ төсөлд хасагдаж орж ирсэн байна лээ. Хүн дотроо дайн хүсч, хэнийг ч алах юмсан гэж бодож болно. Бодсоных нь төлөө яллаж, шийтгэж болохгүй. Харин үүнийгээ үйлдэл болговол, бусдад болон олон нийтэд хохирол учруулаад эхэлбэл буруутгаж, ял оноож болно.
Энэ бол ардчиллыг социализмаас ялгаж, 2012 онд бидний сонгогчиддоо амласан шинэ нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, ардчилал, зах зээл, хувийн өмч, иргэний нийгмээ хамгаалж, шударга ёсны тогтолцоогоо бэхжүүлж чадах Эрүүгийн хууль тогтоомжтой болно гэсэн амлалтын маань нэг хэсэг.
Даанч үүнийг шинэ төслөөс хасчихаж. Уг нь бид энэ амлалтынхаа төлөө эрх зүйн шинэтгэлийг эхлүүлээд, хуулийн төслүүдээ өргөн барьсан байсан юм.
-АН, МАН хоёр засагт хамтарлаа. Үр дүн гарч байна уу?
Ний нуугүй хэлэхэд, бид чинь уулын буга хараад унасан бухаа голоод хаясан л хүмүүс шүү дээ. Бодлого зорилтоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр дотроо зөрчилдөөд, зөрчлөөсөө болоод засгаа унагасан. Засгаа унагааснаасаа болоод Ардын намд хадаг яндараа барьж гүйгээд, ард иргэддээ эдийн засгийн суурь асуудлаа шийднэ, том төслүүдээ явуулж, хүндэрлээс гарна, тэгэхийн тулд хамтарлаа гэж хэлсэн л хүмүүс шүү дээ.
Гэтэл энэ улс төрийн орчин, УИХ маань зорьсон зорилтуудаа хэрэгжүүлэх, шийдвэр гаргах хэмжээний ойлголцолтой байж чадаж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй л байна. Ерөнхий сайд бол эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж маш тодорхой хэлсэн. Эдийн засгийн таагүй нөхцөлийг давж туулна, уналтыг зогсооно, нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээ зөв оношилж байгаад шийдээд босох алхмуудаа хийнэ гэсэн том зорилт тавьсан.
-Энэ зорилтод шаардлагатай шийдлүүд юу юм бэ?
Хамгийн эхний ээлжинд мөнгө олдог том төслүүдээ явуулж, эдийн засгийнхаа хүрдийг хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт л хэрэгтэй байна. Эдийн засагт мөнгө орохгүй бол дараагийн зорилтууд хэрэгжихгүй.
Улс төржөөд, хэн нь илүү эх оронч вэ гэж цээжээ дэлдсэнээрээ улс оронд мөнгө олоод ирдэг байсан бол өдийд амьдрал өөр байх байсан биз.
Өнгөрсөн долоон жилийг бид нарийн, өргөн төмөр зам, танай манай нам, миний чиний хүн, дарга цэрэг, гадна дотны луйварчид гэж талцаж хэрэлдсээр байгаад сүүлдээ Орос, Хятадын талыг баримтлагчид гэх хэмжээнд дайсагнах дээрээ тулж байх шив.
Шашны, хэл соёлын ялгаа, зөрчил бараг байхгүй нэг үндэстнийг ийм хэмжээнд хүртэл хагаралдуулдаг бас л муйхар улс төр, мунхаг харалган бодол шүү.
Одоо эрүүл саруулаар ярилцсан нь дээр байх аа. Асуудал намдаа ч биш хувь хүмүүс, том албан тушаалтнууддаа л байна. Эдийн засгаа босгоё л гэж байгаа бол хөрөнгө оруулагчдаа зоригтойхон дэмжсэн нь дээр.
Наашаа хөрөнгө оруулаач ээ гээд байгаа мөртлөө эндээ барьж, шийтгээд, хөрөнгө оруулалтыг нь тонож дээрэмдээд, хийрхэж улс төржөөд байх юм уу. Хэн ч сайн дураараа дээрэмдүүлэхийн тулд мөнгөө бариад ирэхгүй.
Тэгэхээр бид бодох л ёстой. Энэ зорилтуудыг биелүүлнэ гээд засагт орсон олонхи болсон нөхдүүд тууштай, зоригтой зогсрх хэрэгтэй. Албан тушаал авах, дарга, сайд болохдоо ёстой уургын морь шиг давхилдчихаад, шийдэл олж, шийдвэр гаргах болохоор ургаа хад шиг дүлэгнээд, түгжилдээд сууж болохгүй. 2016 оны сонгуулиа бодоод хүмүүст таалагдах гэж жүжиг тоглох ч хэрэггүй. Жүжиг тоглоод байгаа театар чинь шатаад дуусах нь.
Монгол мөнгөтэй байж л тусгаар улс байна. Мөнгөтэй байж боловсрол, эрүүл мэнд рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадна. Мөн хүнийхээ аз жаргалын төвшин иргэнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж чадна. Тэгэхээр хамгийн түрүүнд бид мөнгө олох ёстой.
Харин мөнгө олох арга дээрээ ойлголцох, нэгдэх хэрэгтэй. Монголд мөнгө олох гарын таван хуруунд багтах л цөөн хэдэн арга бий. Уул уурхайгаасаа эхний ээлжинд мөнгө олно. Энэ бол бодит байдал. Тиймээс уул уурхайн том төслөө яаж явуулах вэ. Уул уурхайгаас олох мөнгөөрөө дараагийн мөнгө олох салбараа хэрхэн дэмжих вэ.
Энд нэг зарчим барих ёстой. Олсон мөнгөө эргээд уул уурхай руу хийж болохгүй. Энд гаднын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хэрвээ олсон мөнгөө уул уурхай руу эргээд хийвэл эдийн засгаа солонгоруулах дараагийн ажлаа хийж чадахгүй.
Тиймээс уул уурхайд төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах биш энэ салбартаа гаднын хөрөнгө оруулалт яаж татаж, түүнээсээ яаж орлого олох, ахиухан татвар авахаа л бодох ёстой.
-Ер нь бол та бүхний бүрэн эрхийн хугацаа дууслаа шүү дээ.
Ухаалгаар улс оронд хэрэгтэй алхам, ажил хийх хугацаа улам бүр богиносч байна. Сонгууль дөхөх тутам энэ боломж улам бүр алга болно. Бид ний нуугүй хэлэхэд улс төргүйгээр яг ажил хийж болох байсан 1.5 жилийг улстөржсөөр байгаад алдчихсан.
2013 оны хавар Ерөнхийлөгчийн сонгууль дууслаа, 2013 оны намрын чуулган, 2014 оны хавар, намрын чуулган, 2015 оны хаврын чуулган, энэ бол сонгуулийн дөрвөн жилийн хуваарь дотор хамгийн улстөржихгүйгээр том, бодитой зүйлүүд, ажил хэрэгч санаачилгуудаа гүйцэлдүүлж болох хугацаа байсан.
Гэтэл 2013 оны намар, 2014 оны хавар, намрын чуулган Засгийн газрыг, сайдыг огцруулах, давхар дээлийг тайлах гэх мэт зөвхөн сандал ширээний хэрүүл хийсээр байгаад дуусгасан.
Үлдсэн ганц чуулган нь энэ хавар эхэлнэ. Даанч дахиад хэрүүл эхэлж байна. Хүссэн хүсээгүй дараагийн намар, хавар бол зүгээр л сонгууль. Манай улстөрчдийн нэг буруу хандлага нь мөнгө олох, баялаг бүтээх тэр төсөл хөтөлбөрүүдийг эх оронч царайлж нураагаад байгаа мөртлөө нөгөө талдаа мөнгө үрэх ухаалаг бус санаачилгуудыг байнга өдөөж, гаргаж ирж байна.
Үнэхээр хорлонтой ажлын арга барил. Мөнгө олох уу. Олохгүй. Гэхдээ байгаа мөнгөө утга учиргүй үрнэ. Ийм уралдаан сонгууль дөхөхөөр улам бүр гаардаг. Сонгуулиас хол байхдаа уг нь энэ уралдаан бага байдаг юм.
Харамсалтай нь, АН улс төрийнхөө нөхцөл байдал дээр зөв удирдлага, зохион байгуулалт хийж чадаагүйгээс боломжоо алдаад, өнөөдөр “та нар засаглаж чаддаггүй” гэдгээрээ хэлүүлээд л сууж байна. Өөрөө өөртөө дүгнэлт хийх л хэрэгтэй. Үнэт зүйл, зарчим дээрээ нэг байр суурьтай байж, бодлогын хувьд зоригтой алхмуудаа хийж чадав уу, дүлэгнэснээсээ, шийдвэр гаргаагүйгээсээ болоод хэдий хэр алдаа гаргав. Бодох л ёстой.
Урт нэртэй хууль болон гаднын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиуд хөрөнгө оруулалтын орчныг таагүй болгочихсон. Дээр нь Оюутолгой, Тавантолгой, төмөр замтай холбоотой хэрүүлүүд хөрөнгө оруулалтыг үргээчихсэн.
Хуулийн байгууллагууд нь гадна, дотоногүй бизнес эрхэлэгчдийг айлгачихсан. Улс төрийн хамгаалалттай тул яаж ч байсан яах вэ гэх хандлага хуулийнханд нь давамгайлчихсан. Энэ мэтээс айгаад баялаг бүтээгчид мөнгөө бизнес рүүгээ хийхгүй, зүгээр хадгалах сонирхолтой болчихсон.
Энэ бүгдийг өөрчилж гудсан дор байгаа мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд өнгөрсөн хавар Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хууль гарах ёстой гэсэн санаачилга гаргасан. Тэгэж байж айдастай байгаа бизнес эрхлэгчид айдасгүйгээр хөрөнгөө гаргаж эдийн засаг руу оруулна, сүүдрийн эдийн засаг багасна, хууль ёсны ажлын байр хадгалагдаж үлдэнэ, иргэдийн гар дээр өөрсдийнх нь оролцоотой орлого бий болно гэж итгэсэн.
-Танай намынханд зориулсан хууль юм биш үү?
Эдийн засгийн ил тод байдал болон Өршөөлийн хуулийн төсөл дотор ул төрчдөд зориулсан заалт байхгүй. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөнө гэсэн заалт байхгүй.
-Гэхдээ л бүгдээрээ бизнестэй шүү дээ?
Хэрэв үнэхээр эргэлзэж байгаа бол энэ дотор нэг заалт нэмж болно. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-аас байгуулагддаг болон Засгийн газрын харьяа агентлагийн дарга, шүүгч, прокурор аймаг нийслэлийн Засаг даргад энэ хууль үйлчлэхгүй гэдэг заалт л хийчих.
Эргэлзээ болоод хардалт байгаа бол үүнийг л хийчих хэрэгтэй. Энд дурдагдсан албан тушаалтнуудад хамаатай хардалтаас болоод мянга мянган баялаг бүтээгчдийг хохироогоод байж болохгүй биз дээ.
Энэ санаачилгыг гаргаад хийх ёстой байтал дүлэгнээд хуулиа батлахгүй хоёр жил болчихлоо. Тэгэхээр татвар төлөгчид маань нэгэнт Эдийн засгийн өршөөлийн хууль гарах юм чинь гээд хойш суучихаар татвар төлөлт удаашраад зогсчихож байна. Хүндрэл дээр дахиад нэмээд хүндрэл.
Шалтгаан нь шийдвэр гаргалгүй хүлээлт үүсгэсэнтэй холбоотой. Хоёр жил баялаг бүтээгчдээ дэмжсэн ч юм байхгүй, төсвийн орлогоо нэмэгдүүлсэн ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ төсвөө хямраачихлаа. Нэг бол гаргана, эсвэл гаргахгүй гэдгээ шийдэх ёстой. Шийдвэр гаргахгүй байгаа байдал нь өөрөө бүр их таагүй хүндрэлийг үүсгэж байна.
-Эдийн засгийн өршөөлийг далимдуулаад эрүүгийн өршөөл үзүүлж болдог юм уу?
Эдийн засгийн өршөөл бол хөрөнгийг ил болгож, санхүү, нягтлан бодох бүртгэлийг шинэчилж, захиргааны хариуцлага болон торгууль алдангиас нь өршөөж байгаа юм. Эрүүгийн өршөөл нь ялаас өршөөж байгаа. Энэ хоёр цугтаа л явна. Торгууль, алдангийг нь чөлөөлж, захиргааны хариуцлагаас өршөөсөн мөртлөө ялаас чөлөөлөхгүй бол ямар ч тэнэг компанийн захирал тайлан тооцоогоо гаргаж өгөхгүй.
Яагаад гэвэл энэ нь тарвага хошгоруулахтай адил бүх юмаа ил болго гэж хэлчихээд хуулийн байгууллагын ширээн дээр баялаг бүтээгчдийг задланд оруулахтай яг адилхан процесс болно. Гол нь баялаг бүтээгчдэд зориулж энэ хуулийг гаргаж байгаа.
Иргэд, олон нийт Эрүүгийн өршөөл үзүүлж байгаа хууль дотор авлига, албан тушаалын хэрэг явж байна уу гэдгийг сайн харж, хянах ёстой. Өмнөх Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль дээр нэмж “том” Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн.
Сая шинэ Засгийн газар зөвхөн тодорхой хэдэн заалтаар өршөөнө гээд Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хоёр төсөл дээр аль алинд нь авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхөөр орж ирээгүй.
-Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хууль томоороо батлагдахгүй юм уу?
Бараг хоёр жил хагасын өмнө “Шударга ёс” эвслийн бүлгийн зарим гишүүд Өршөөлийн хууль оруулж ирсэн. Өнгөрсөн оны хавар Засгийн газар Өршөөлийн хуулийн төслийг давхар өргөн барьсан. Олон нийтийн дунд шоронд байгаа олон хүн Өршөөлийн энэ хуульд хамрагдах юм байна гэсэн хүлээлт үүссэн.
Одоо байгаа Эрүүгийн хууль маань шоронжуулсан хууль учраас шоронд орох шаардлагагүй цөөнгүй хүн тэнд байгаа. Энэ хүлээлтээс зөрөөд зөвхөн Эдийн засгийн тодорхой гэмт хэргийг л өршөөнө гээд хууль ороод ирэхээр “Энэ бол компанийн эздэд зориулсан хууль байна.
Иргэддээ зориулсан хуулиа яагаад гаргахгүй байгаа юм” гэдэг шүүмжлэл гарч, энэ нь улс төрийн сэдэв болоод явж байна. Би хувь хүнийхээ хувьд, энэ чуулганаар биш юм гэхэд ирэх хаврын чуулганаар “том” Өршөөлийн хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Хуулийг хэн санаачилсан нь чухал биш. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр мөнгөгүй, танилгүй, залуу хүмүүс л шоронд ихэвчлэн сууж байгаа.
-Засаг бужигнах нь бужигнасан. Харин таныг яагаад сайдаас чинь унагаасан гэж боддог вэ. Унагасан гол хүчин зүйл нь юу байв, дүгнэлт хийсэн биз дээ?
Яах вэ, фракцуудын зөрчил гэхээсээ хувь лидерүүдийн зөрчил их байх шиг байна. Зарим нэг хүмүүс хуулийн салбарт их хэмжээний эрх мэдэлтэй, хяналттай байх хүсэлтэй ч байна. Би хувьдаа, хувь хүмүүсийн хэрүүлээс илүү хуулийн салбарын шинэчлэл яваасай гэж бодсон. Тэмүүжин ямар нэгэн албан тушаал дээр байх бол зорилго биш. Засгийн газар өөрчлөгдсөн ч хуулийн салбарын шинэтгэл үргэлжилнэ гэж найдсан.
Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын нэр яригдаж байх тухай тухайн үед нь ч хэлсэн. Надад та хоёрын Засгийн газарт орж ажиллах сонирхол үнэндээ алга. Эхлүүлсэн ажлаа үр дүнтэй дуусгах л хүсэл байна. Үргэлжлүүлээд яваарай гэж. Эхлүүлсэн ажил маань хэр зэрэг явахыг харъя. Хуулийн шинэтгэлийг хүний эрх, шударга ёс, хариуцлагын тогтолцооны шинэчлэл гэж харахаасаа илүүтэйгээр хүч, эрх мэдэл, дараа дараагийн зорилтод хүрэх арга хэрэгсэл гэж хардаг хэсэг байна аа байна.
Тийм хэсгийнхэнд энэ салбарт Х.Тэмүүжин байх нь таатай байгаагүй бололтой. Хаврын болсон үйл явдлаас харахад. Улстөрийн салхи заримдаа буруу эргэж, өөр тийшээ үлээнээ. Салхи хаашаа үлээх биш, хаанаас үлээж байгааг л харах хэрэгтэй.
Цаг хугацаа өөрчлөгдөнө. Надад нас байна, бодлого байна, тийм зүйл хийх юмсан гэсэн зорилго байна. Ядаж зарчим дээрээ үнэнч үлдэх нүүр байна. Ийм учраас адгаж тэмцэх нь сонин биш. Гэхдээ явж байгаа зарчим, бодлоготой зөрж байгаа хэнтэй ч хатуу тулах зоригтой л байх хэрэгтэй.
Хувь заяаны эргүүлэг л юм даа, Увсын хоёр хүний голд бодлогоо хавчуулж, хуучинсаг арга барилд цаг хугацаа алдаж байгаад харамсах юм. Бизнес, иргэний нийгмийн салбарт, олон зүйл дээр янз бүрийн хүчин зүйлүүд нөлөөлдөг л байх. Хуулийн салбарт нутгийн фактор нөлөөтэй байж болохгүй гэж би үздэг.
-Даш.Ганболд гуайг сайд байхад нь эрүүгийн элементүүд биед нь халдаж байсан. Ц.Нямдорж гишүүнийг сайд байхад нь Хятадын тагнуул нэр зүүлгэсэн. Тань дээр Сарангэрэл гэдэг эмэгтэй гаргаад ирлээ. Хүссэн ч, хүсээгүй ч Хууль зүйн сайдыг унагахын тулд түрүүн хэлсэн нийгмийн хэсгээс иймэрхүү дайралт ирдэг юм биш үү?
Хуулийн салбарт манлайлж, ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол халуун чулуу л барина. Халуун чулуу барьж байгаа хүнийхээ бодлого, үйл ажиллагааны ард, сонгогчиддоо амласан амлалтадаа тууштай зогсож чадах тийм баг, нам, улс төрийн хүчин байна уу гэдэг асуудал шүү дээ. Нямдорж гэдэг хүн эрийн сайнд Хууль зүйн сайдыг ийм удаан хугацаанд хийгээгүй.
Түүний ард арай гайгүй сахилга баттай нам л байсан болов уу даа гэж харж байна. АН-ын үе үеийн Хууль зүйн сайд нарын ард хэн байв аа гэх асуултыг бас өөртөө тавьж байна. Харамсалтай нь, АН-ыг засаглаж байх үед халуун чулуу барьж байгаа тэр хүмүүсийнхээ ард АН нягтарч хамт байж чадаагүй, харин ч эсрэгээрээ нам дотроосоо нэг хэсэг нь тэднийгээ балбадаг.
Энэ бол эмэгнэл. Нэг онигоо бодит байдал болчихоод байгаа. “АН засаглаж байх үед МАН-ын PR-ын зардал багасдаг” гэж. Энэ л бидний сул тал, бидний алдаа. Тиймээс АН энэ алдаагаа, сул талаа засах ёстой. Яагаад АН өөрөө байгуулсан Засгийн газраа өөрөө татаж унагаадгийн. Бид энэ алдаагаа үргэлжлүүлэх биш, зогсоох ёстой. Засгийн газарт алдаа байгаа бол зас.
Тэгээд бодлогоо дэмжээд эцсийг нь үз. Үр дүн гарч байж, бидний явсан зам зөв байлаа гэдгийг харна шүү дээ. Гэтэл бид үр дүнгээ гаргахын төлөө зүтгэхгүйгээр нөгөө фракц, хувь хүнийхээ араншингаас болж хоорондоо зодолдож бодлогоо дуусгаж амжилгүй, хэрэгжилтийг нь хангалгүй, үр дүнгээ харалгүйгээр наана нь унагаад байна.
АН-ын зөв, дэвшилттэй явсан олон ажил, үйл ажиллагаа бидний дотоод зөрчил, зодоонд дарагдаж үр дүн нь өөр хэн нэгэнд хаяглагддаг. 1996-2000 онд АН-ын хийсэн дэвшилттэй алхам олон байсан. Тэр ажлуудын үр дүн 2000-2004 онд гарсан. Гэхдээ АН тэр ажлаа сурталчлах, таниулах, түүнийгээ сайн гүйцэтгэлтэй дуусгахдаа санаа зовохгүйгээр хэн дарга, хэн цэрэг байх уу, хэний фракцид юу харьяалагдах уу гэдгээсээ зодолдсон.
Тэр зодоондоо нам нь, лидерүүд нь нурж унаад л харин бодлогынх нь үр дүн өөр эзэнтэй л болсон. Одоо бид яг тийм зам руугаа орчих гээд л байна. АН алдаа гаргасан уу. Зарим зүйл дээр алдсан байж магадгүй. Гэхдээ дйилэнх нь АН алдаа биш шүү. Андуурав аа. Харин үүнийг нь алдаа болгож өөр дээрээ наасан нь үнэн.
Эдийн засгийн өнөөгийн уналт юунаас болов, бодитойгоор дүгнэх л ёстой. Байнга баян байх юм шиг галзуураад л халамжийг хэт хавтгайруулж, тэлсэн. Хүүхдийн мөнгө, сая, сая таван зуу, оюутны 70 мянга гээд бүх олсон мөнгөө, дээр нь зээл аваад зүгээр л тараачихсан улс. Баялаг бүтээх, буцаагаад мөнгөө олох арга хэрэгсэлдээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр харин ч тэднийгээ өрөнд оруулчихсан.
Энэ цамаан, харалган бодлогоороо хөрөнгө оруулалтаа хөөж, баялаг бүтээгчидээ айдаст автуулж, уул уурхайн том төслүүдээ улс төрийн хэрүүлийн алим болгож хувиргасан. Өөрөө өөртөө ял өгч байгаа юм шиг л дөнгө болгож хүзүүндээ зүүсэн. Энэ бүх процесс хэний оролцоотой явсан бэ. Энэ популистуудыг нэрлэвэл АН-д ч байгаа, МАН-д ч байгаа.
Аль нэгийг нь 100 хувь буруутгахгүй. Гэхдээ энэ алдаатай бодлогуудын эзэд нь энэ алдааг засах гэж оролдсон тэр хэсгээ улс төрийн гишгүүр болгож дэвслээд байгаа нь харамсалтай. Тэгсэн мөртлөө засна гэсэн зорилго руугаа явахгүй бол өмнөхөө нулимсны хэрэг ч гарахгүй, бүр эмгэнэлтэй зүйл болно.
Аль нэгийг нь 100 хувь буруутгахгүй.
Манай намын хувьд өөрсдийн давуу тал гэж магтдаг ч, үнэн хэрэгтээ хамаг юмаа олны өмнө ил гаргаж, хэрүүл тэмцэл хийж өөрөө өөрсөд рүүгээ шүлсээрээ нулимж, нулимчихаад дараа нь эргээд харахад шүлсэнд буудагдаагүй нэг ч хүн байхгүй бөөнөөрөө, намаараа унадаг муу дадалтай.
Гэтэл энэ бүх юмны нөгөө талд нөгөө хэсэг нөхдүүд хагас мишээлттэй, дуугүй урдаас хараад маргааш болох ялалтаа мөрөөдөөд сууна. Ингээд харахаар улс төрийн стратеги, арга барилынхаа хувьд АН алдсаар л байна.
-Уг нь шинэчлэлийг хамгийн зоригтой хийдэг танай нам гэж үү?
Зоригтой алхам хийдэг нь яах аргагүй АН-ын мөн чанар л даа. Гэхдээ үүнийгээ бид тохиолдлын байдлаар, эсхүл эмх замбаараагүй зохион байгуулалтгүй хийх биш, стратегитай, бодлоготой хийхгүй бол энэ нь эцсийн дүндээ хожил нь хэнд очоод байна гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Энд улс орны хожлоос гадна улс төрийн хожлын тухай ярьж байна.
Улс төрийн хожил гэснээс үнэнийг хэлэхэд, бодлогоо цогцоор нь харж, хэрэгжүүлэхээс илүүтэй салбараа хувьчилж авахыг улс төрийн хожил гэж боддог хэсэг байна. Салбаруудыг фракцуудад, төрийн институцүүдийг улс төрийн лидерүүдэд хувааж өгөх нь хамгийн буруу бодлого, улсын хувьд том аюул.
Салбар болгон дээр энэ салбар минийх шүү, албан тушаал дээр миний хүн байна шүү өмчлөх гэж оролдсон лидер, фракцууд салбар, салбарт хяналтаа тогтоох гэсэн намуудын өрсөлдөөн Монголыг нэг бодлоготой явуулах боломжийг үгүй хийж байгаа.
-Одоо тэгээд яах ёстой вэ?
Нэг зарчим байх ёстой. Батчимэг гишүүний гаргаад байгаа санаачилга. Гүйцэтгэх эрх мэдлийг парламентийн улс төрөөс ангид байлгах. Өөрөөр хэлбэл, сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-аас салгаж, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал болгох.
-Засгийн газрыг УИХ-ын халааснаас гаргая гэж үү?
Тийм. УИХ Ерөнхий сайдтайгаа л бүх зүйлээ ярь. Ерөнхий сайдаа томил, Ерөнхий сайддаа итгэ, бас огцруул. Харин Ерөнхий сайд танхимаа захир. Гол зарчим нь ердөө л энэ. Энэ бол сонгодог парламентийн зарчим шүү дээ. Энэ зарчмыг хийхгүй бол гүйцэтгэх эрх мэдэлд эзэн олон байна. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч мэдээд байгаа юм уу,
Ерөнхий сайд мэдээд байгаа юм уу, сүүлдээ УИХ-ын дарга ч мэдээд байгаа юм уу, мэдэхгүй. Бүр сүүлдээ УИХ-ын хэдэн гишүүний гарын үсэгтэй байна тэр бүлэглэл нь сайдтай болно гэдэг дээрээ тулах нь байна. Нэгдсэн бодлогоор хөгжье гэвэл хүчтэй Ерөнхий сайд гэдэг энэ концепц явахаас өөр арга байхгүй. Нөгөө талдаа хүчтэй Ерөнхий сайд байх концепцийг хэрэгжүүлж байгаа бол парламентийн хяналт гэдэг механизмаа сайжруулах хэрэгтэй.
Парламент гүйцэтгэх эрх мэдэлд оролцож, албан тушаалтан томилж биш% хяналтаа сайжруулж, сонсгол зохион байгуулах замаар л эрх мэдэл хуваарилалтын хяналт тэнцэлийн зарчим дээрээ үлдэнэ. Энэ чиглэл рүү явахын тулд шаардлагатай бол Үндсэн хуулийг ч өөрчлөх хэрэгтэй байх.
-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг хүртэл гарсан байгаа шүү дээ?
Хамгийн гол нь концепцоо тодорхой болгох ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй маш олон хүн байгаа. Гэхдээ ямар үзэл баримтлалаар, ямар зарчмаар, ямар филисофиор өөрчлөх талаараа ухаалаг ойлголцол хийх ёстой. Тэгэхгүйгээр сэтгэл хөөрлөөр Үндсэн хуулиа өөрчилье гэж бөөгнөрөх юм бол Үндсэн хуулиа бүр дордуулчихаж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон.
-Таныг онолын хүн гэж яриад байдаг. Танд энэ ажлыг хийхэд практик дутсан уу?
Уучлаарай, энэ бол намайг шүүмжлэх гэж ядаж байгаа ядарсан хүмүүсийн нэг арга нь. Практик, хувийн туршлага гэдэг бол хоёр өөр зүйл. Хүн прокуророор ажиллаад хувийн туршлага цуглуулдаг. Түүнээс биш практикийг бүрэн мэдэрдэг гэсэн үг биш. Практик гэдэг чинь өөрөө судлагддаг зүйл. Маш олон хувийн туршлагуудыг нэгтгээд энд хуулийн ямар практик оршин тогнож байна гэдгийг судалдаг.
Түүнээс биш, тэр дотор ажиллаж байгаа нэг хүн судалгаа хийхгүйгээр дан ганц өөрийнхөө хувийн туршлагыг хуулийн практик гэж үзэж болохгүй. Онол гэдэг бол асуудлыг судалж, шийдвэрлэхэд тусладаг арга зүй, бас мэдлэг. Онол, практик хоёр тусдаа байдаг гэдэг буруу ойлголтоосоо бид салах ёстой. Практик дээр байгаа асуудлуудыг шийдэхийн тулд бий болгож байгаа хамгийн хялбар аргачлал бол онол шүү дээ.
Бид нийгэмд тулгарч байгаа асуудлыг онолгүйгээр шийднэ гэж байхгүй. Жишээ нь, хүний эрх ярихгүйгээр арчдилал эрх чөлөөний талаар яриад утгагүй л байхгүй юу. Хүнийг шүүмжлэх өнгө аяс юу ч байж болно. Гэхдээ бодит байдлаас тасарч болохгүй. Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловруулахад дөрвөн удаа давхардсан тоогоор 200 байгууллагаас хэдэн мянган санал авсан байдаг.
Шүүгч, прокурор, эрдэмтэд гээд 20 гаруй хүнтэй ажлын хэсэг ажилласан. Дээр нь хууль зүйн яам, Хууль зүйн хүрээлэнгээс судалгааны баг гарч ажиллаж, дэмжлэг үзүүлсэн. Бодлого боловсруулах гэдэг бол олон талын оролцоотой үйл явц байгааТодорхой сэдвээр зэрэг хамгаалаад, бүтээл хэвлүүлээд, хичжжл зөөдөн баймал тэр зүйл нь алга болчихоор тэр хүн дуртай байхгүй нь ойлгомжтой.
Би амьдралд болсон нэг тохиолдол хэлье. Нэг удаагийн хэлэлцүүлэгт талийгаач С.Жанцан багш оролцож байгаад хувьдаа маш прагматик шийдвэр гаргаж байгаагаа хэлж байсан юм. Тэгэхэд “Аан ийм юм болж байгаа юм уу.
Тэгвэл би хуучин номуудаа хурдан зарах хэрэгтэй юм байна” гэсэн. Гэхдээ С.Жанцан багш дараа нь Гэмт хэргийн тухай хуулийн төслийн бараг зүйл заалт болгон дээр хэл найруулгын, зохицуулалтын саналаа бүтээлчээр бичиж ирүүлсэн байсан.
Хуулийн төслүүд дээр олон удаа хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь авч байхад нэг ч үг, өгүүлбэр нэмэрлээгүй, бүтээлч санал ирүүлээгүй хүмүүс хэвлэлээр шүүмжлээд байсан. Одоо дахиад Эрүүгийн хууль УИХ-д орж ирлээ, хэлэлцүүлгүүд өрнөнө. Тэр үед энэ хүмүүс бүтээлчээр л оролцоосой.
“Энэ ёстой болохгүй хууль байна” гэж ярьдаг хүнтэй уулзаад “За яг аль нь болохгүй байна. Та хэл л дээ” гэхээр тоймтой юм юу ч хэлдэггүй. Зүгээр л ерөнхий шүүмжлэл өрнүүлдэг. “Бичилт нь муу байна. Хэл найруулга нь болохгүй байна” гэдэг, та санал байна уу, яаж өөрчлөх үү гэхээр таг болчихдог.
Би улстөрчөөс гадна судлаач хүн. Судлаач хүний нэг давуу тал нь ерөнхий шүүмжлэл хэлдэггүй. Энэ ийм учраас байх ёстой зүйл, ийм учраас болохгүй байна гэхдээ ийм үндэслэлтэй гэж шүүмжилдэг, бодитой санал дэвшүүлдэг. “Надад таалагдахгүй байна гэж” хэн ч хэлж чадна.
Харин яагаад таалагдахгүй байгаа үндэслэлээ хэлээд сайжуулахын тулд тэгэх ёстой гээд саналаа бичээд, нотолгоогоо хавсаргах бол өөр. Хуулиас онолыг, шинжлэх ухааныг, судалгааг салгаж болохгүй. Хууль амьдрал хоёр сүлэлдэж явах ёстой. Хуулиар амьдрал өөрчлөгдөж, амьдрал нь хуулийг шинэчилж байдаг.
Хуулиар амьдрал өөрчлөгдөж, амьдрал нь хуулийг шинэчилж байдаг
-Сайдаар ажиллах хугацаандаа үүнийг хийсэн дээ. Харин үүнийг чадсангүй гэж хэлэх юм юу байсан бэ?
Хууль зүйн салбарын шинэтгэл үнэхээр том дүр зурагтай байсан л даа. Хүрээний хувьд хууль тогтоомжийг өөрчилнө, үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт дэд бүтцийг өөрчлөх ёстой. Дараа нь боловсон хүчний шинэтгэл хийгдэнэ гэж явж байсан. Үүнээс гадна хэд хэдэн чухал сэдэв хөндөж байсан. Нэг дэх нь, эрүүгийн эрх зүй буюу шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэл байсан юм.
Хоёр дахь том багц шинэтгэл гэвэл, цэрэгжсэн зохион байгуулалттай хүчний байгууллагыг иргэнд үйлчилдэг, хууль сахиулах байгууллага болгож өөрчлөн зохион байгуулах асуудал.
Гурав дахь нь, иргэний нийгэмтэй холбоотой асуудал байсан. Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын ажил эрхлэлт, төрийн бус байгууллага, шашин, соёл урлаг, боловсрол гэх мэтчилэн иргэний нийгмийн зохион байгуулалттай холбоотой шинэтгэл байсан л даа. Үүнийгээ эхлүүлж амжаагүй.
Ажлын хэсэг байгуулаад хуулийнх нь концепцуудыг гаргаад үлдээсэн. Шилжилтийн нийгэмд иргэний нийгмийн суурь шинэтгэлийг хийнэ гэдэг том дэвшил л дээ.
-Өөр?
Дөрөв дэх нь, Арбитртай холбоотой, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой. Эдийн засгийн таатай орчин бүрэлхэд энэ чиглэлийн хуулийн салбар чухал нөлөөтэй. Энэ чиглэлээр Арбитрын тухай хууль боловсруулсан. Цөөн үгээр тайлбарлахад, иргэд гэрээ, худалдааны асуудалаар төрийн шүүхэд очихоос илүүтэй өөрийнхөө сонгосон шүүх, итгэсэн процессоор маргаанаа шийдүүлнэ гэсэн үг.
Энэ шинэтгэл төрийн айлгаж, хүчээр тулгасан хяналтыг иргэнд тусалсан, дэмжсэн хяналт болгож өөрчлөх, хахир хүйтэн шүүхийн үйлчилгээнээс өрсөлдөөнт шүүхийн үйлчилгээнд шилжих зорилготой. Дараагийн сайд үүнийг яаж хийхийг би хэлж мэдэхгүй байна. Хууль бол эдийн засгийг өсгөх нэг том хэрэгсэл.
Маргаан шийдвэрлэх үр ашигтай тогтолцоо гэдэг бол эдийн засгийг өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх гол нөхцөл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувьд гаргаж өрсөлдөөнд оруулая гэсэн бодлого байсан. Одоо тэр бүхэн тэндээ үлдлээ.
Тав дах нь, авлига хүнд суртлаас ангид байлгахын тулд төрийн үйл ажиллагааг нийтлэг дүрэмтэй болгох бодлого. Энэ шинэтгэлийн хүрээнд Захиргааны үйл ажилгааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэх зэрэг захиргааны эрх зүйтэй холбоотой хууль тогтоомжуудыг боловсруулах батлуулах ажил байгаа.
Бид энэ чиглэлийн хуулиудаа 2, 3 ч удаа Засгийн газарт оруулсан ч дэмжээгүй. Тийм учраас Ерөнхийлөгч рүү шилжүүлээд Захиргааны ерөнхий хууль УИХ-д өргөн баригдсан. Энэ хуулийн дараа аль болох хурдан Захиргааны процессын хуулийг шинэчлэн оруулж ирэх ёстой. Ажлын хэсэг ажилаад явж байх ёстой.
Хэзээ УИХ-д орж ирэхийг мэдэхгүй байна. Уг нь санаа оноо нь бүгд суучихсан, төлөвлөчихсөн байсан. Энэ маш чухал шинэчлэл л дээ. Төрийн албаны хүнд суртлыг арилгана. Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулна. Ил тод байдлыг нэмэгдүүлнэ. Төрийн захиргааг хариуцлагатай болгож албан хаагчдыг мэрэгшүүлж, бэхжүүлнэ.
Төрийн захиргааг хариуцлагатай болгож албан хаагчдыг мэрэгшүүлж, бэхжүүлнэ.
-Зургаа дахь нь?
Зургаа дахь шинэчлэлийн асуудал бол Хууль зүйн дэд бүтэц, хууль тогтомжийг боловсруулах, судлах, бэлтгэхтэй холбоотой шинэтгэл. Хуулийн тухай хуулийн төсөл гэж боловсруулсан. Сая Засгийн газар УИХ-д оруулаад ирсэн.
Үүнийг дагаад хуулийн судалгааны байгууллагуудыг шинэчлэхтэй холбоотой, хуулийн дэд бүтэцтэй холбоотой шинэтгэл бас байгаа. Хуулийн сургууль, хичээлийн агуулга, стандарттай холбоотой шинэтгэлүүд бас хийгдэх ёстой.
-Таны энэ санаачилж хэрэгжүүлж байсан ажлууд хэдэн хувьтай явж байсан бэ?
Янз янз л даа. Зарим нь 90 хувьтай байхад зарим нь 50, 40, 10 хувьтай явж байсан. Жишээ нь, Процессын хууль 80 хувьтай байсан. Галт тэргийг хөдөлгөх нь хөдөлгөчихсөн. Гэхдээ бас галт тэргийг зогсоож болдог гэдгийг бид харж байна.
Хуулиудыг татаж авч болж байна. Надад ийм том зургаар өрөгдсөн газрын зургийг дээрээс харж чадах хүн энэ бүхнийг үргэлжлүүлээсэй. Хамгийн гол нь би бүгдийг мэднэ гэхээс илүү асуудлыг дотроос нь хараасай.
Дандаа мэргэжлийн хүмүүс ажлын хэсэгт нь ороод ажиллаж байгаа. Хуулийн төслүүд дээр олон талын оролцоотой явж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо их байсан. Энэ оролцоог битгий алга болгоосой гэж хүсч байна.
-Хуулийн шинэтгэлээ Америкаас хууллаа гээд их шүүмжлүүлсэн дээ, та?
Энэ хуулийг огт уншаагүй. Хуулийн салбарын шинэтгэлийг ямар концепцоор явж байгааг ерөөсөө судлаагүй хүмүүс л тэгж ярьж байгаа. Гаднын хууль, Америкийн хуулийг хуулаад аваад ирсэн гэж ярьдаг. АНУ-д Зөрчлийн хууль, Гэмт хэргийн хууль гэж байдаг юм уу.
Манайх Ром-Германы эрх зүйн тогтолцоо гэж хэлдэг эх газрын систем бүхий улс. Бидэнд Америкаас материаллаг хууль хуулах ямар ч боломж байхгүй. Энэ хуулийг Германы Макс Бланкын их сургуулиас гаргасан эрүүгийн чиглэлийн загвар хууль дээр түшиглэж хийсэн. Тийм учраас эхлээд хуулиа уншиж үзэх хэрэгтэй.
Концепц нь юу юм гэдгийг харах хэрэгтэй. Тэр дундаа манайх шиг хууль тогтоох онолоор эрх зүйн эх сурвалж нь бүтдэг улсад америк загварыг оруулж ирэх ямар ч боломжгүй. Ганцхан тохиолдолд буюу процессын хууль дээр л орж ирнэ. Тэр дундаа шүүхийн хэлэлцүүлэгт орж ирнэ. Монгол Улс энэ холимог маягаар шүүхийн хэлэлцүүлэг хийх зарчмыг аль эрт оруулаад ирчихсэн.
Шүүхийг мэтгэлцээний зарчмаар явуулахыг хүлээн зөвшөөрсөн улс байхгүй юу. Тийм учраас тэнд л холимог систем явах боломжтой. Өөрөөр хэлбэл, элемент нь орж ирэхээс тогтолцоо нь орж ирнэ гэж байхгүй. Яагаад гэвэл манай шүүх зөвхөн парламентаас тогтоосон хуулийг барьж хэрэг маргааныг шийддэг. америк загвар бол өмнө нь гарсан шүүхийн шийдвэр барьж хэрэг шийддэг улс. Хаана нь тэр америк загвар нь ороод ирсэн юм бэ, тэр загвараа гаргаж ирээд ил тод хэлэх ёстой.
тэр загвараа гаргаж ирээд ил тод хэлэх ёстой.
Жилийн өмнө л би энийг хэлж байсан. Хоосон шүүмжлэхээ болио. Уншаагүй байж гаднаас нь хараад энэ ийм л байж таараа гэж таамаг дэвшүүлж шүүмжилж болохгүй. Намайг Хууль зүйн сайд болж байхад өмнө нь хэрэгжиж байсан бүх төсөл хөтөлбөрүүдийн хугацаа нь дуусаад хаагдаж байсан.
Өөрөөр хэлбэл, бид гаднын мөнгөөр хууль хийдэг цаг төгсч байсан гэсэн үг. Би тэгэхэд “хэрэв тэр төсөл хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжиж байсан бол бид мөнгөний гачигдалгүйгээрээ хуулийн төслүүдээ боловсруулах байлаа” гэж хэлж байсан. Ний нуугүй хэлэхэд эдгээр хуулийг боловсруулахад оролцсон шүүгч, прокуроруудад, хуульч, судлаачдад нэг ч төгрөг өгч чадаагүй.
Өмнө нь, хууль боловсруулж байна гээд өчнөөн мөнгө авдаг л байсан байх. Зарим нь хардаад хэний мөнгөөр хууль боловсруулсан гэж асуугаад л байна лээ. Гэтэл бид төсвийнхөө жаахан мөнгөөр л дотоодынхоо нөөцөөр хийсэн дээ. Ялгаа нь ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, бид Монголын амьдралд гарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх тэр зүйлүүдийг л хийсэн. Шүүмжилж болно.
Гэхдээ яг энэ хэсгийг нь хуулсан байна гээд текстийг нь гаргаад ир л дээ. Судлаачийнхаа хувьд би иймэрхүү маргаанд дуртай. Гэтэл намайг шүүмжлэгчдийн хэн нь ч надтай энэ сэдвээр маргаагүй. Зүгээр л улс төрөө хийж байгаа.
Зүгээр л улс төрөө хийж байгаа.
-Та шинэтгэлийг явуулахдаа хүнээр нь оролдоод буруудчихсан юм биш үү. Харвьяа агентлаг болон тэнд ажиллаж байсан хүмүүсээс ил далд янз бүрийн л дайралт ирсэн дээ.
Түрүүн хэлсэнчлэн хууль тогтоомж, боловсон хүчин, бүтэц өөрчлөх гээд гурван том шинэтгэл явсан. Энэ шинэчлэл, хуулийн концепц, философийг нь ойлгохгүй хүмүүс хэрэгжилт дээр нь нугаслачихна шүү дээ. Яг тийм л зүйл болсон.
Өөрөө өөрчлөлтийг ойлгохгүй, хүсэхгүй байгаа хүн ажлыг “Би хүсэхгүй байна” гэдэг үндэслэлээр зогсоож болохгүй. Гэтэл энэ чинь нэг хүнд биш, гурван сая хүнд зориулсан, тэдний эрх ашгийг хамгаалах хууль байхгүй юу. Тэд төрийн үйлчилгээ авах ёстой, эрхээ хамгаалуулах ёстой.
Тэгэхээр би сонголт хийх ёстой болж таарна даа. Чи бод л доо. Гурван сая хүнийг “түй” гэж нулимаад сайн найзыгаа, андыгаа, намынхаа нөхрийг албан тушаалтай байлгах уу, эсвэл амласан амлалтдаа хүрч гурван сая хүнийхээ эрх ашгийг бодоод “Уучлаарай та ажлаа хийж чадахгүй байна аа. Та эндээс холдсон нь дээр” гэж хэлэх үү. Ийм л сонголтын өмнө зогссон.
Хэрэв би энэ сонголтыг хийж чадахгүй бол “Шинэтгэл хийнэ” гэж худлаа хэлэх хэрэггүй шүү дээ. Хэрэв тэр сонголт нь надад буцаагаад эрсдэл авчирч байгаа бол би тэр эрсдлээ даах л ёстой. Тийм учраас хийх ёстой алхмаа л би хийсэн. Болсон үйл явдал ердөө л тэр. Би үүндээ харамсдаггүй.
Болсон үйл явдал ердөө л тэр. Би үүндээ харамсдаггүй.
Өөрийнхөө санаачилсан шинэтгэлийн ажлыг тэнд нэг хүнээр нугаслуулчихаад сонгогчдынхоо өмнө юу гэж хэлээд зогсч байх билээ. Би лав тэгж чадахгүй. Магадгүй миний хувь хүний характертай энэ холбоотой байх. Надад маш олон хүн шүүмжлэлтэй хандаж хэлсэн.
Тэд надад “Ний нуугүй хэлэхэд чи өөрөөсөө болж унасан шүү” гэж хэлдэг юм. Тэднийхээр бол би тал засах хүндээ тал засаад, хадаг барих хүндээ хадаг бариад явах ёстой байсан л гэдэг юм. Одоо яахав дээ. Ийм л юм болчихсон. Хамгийн гол нь би 2012 оны сонгуулиар сонгогчиддоо юу гэж ярилаа. Түүнийхээ төлөө л явах ёстой.