Х.Амгаланбаатар: Дарга болоод инээхээ мартчихжээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.01.23

Х.Амгаланбаатар: Дарга болоод инээхээ мартчихжээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-Амгаланбаатар гэдэг нэрийг танд хэн өгсөн бэ. Ямар утга учиртай гэж тайлбарлаж байсан бэ ?

Манайх Улаанбаатар хотод орж ирээд Амгаланбаатарт анх буурь засаж, би III амаржих газарт мэндэлж, аав минь надад энэ нэрийг өгсөн түүхтэй. Гэхдээ, намайг .гурван настай байхад манайх Сүхбаатар руу эргээд нүүчихсэн юм.

-Одоо хийж байгаа ажлаа сонгоход тань хамгийн их нөлөөлсөн хүн, эсвэл хүчин зүйл юу байв ?

Их урт зам туулж энэ ажлын албанд ирсэн дээ. Анх хуульч болохьыг хүсэж, МУИС-д шалгалт өгсөн. Уг нь сурлага сайтай хүүхэд байсан ч МУИС-ийн хуулийн ангийн 10 хуваарийн зургааг нь алтан медальтай хүүхдүүд авч, үлдсэн дөрвийнх нь төлөө хөдөө, хотын хүүхдүүд өрсөлддөг байсан болоод ч тэр үү, тэнцээгүй.

Энэ чиглэлээр ажиллахын тулд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сургуульд орох л боломж байсан болохоор, түүний тулд цэрэгт явсан. Харамсалтай нь би хилийн цэрэгт биш ардын армид алба хаасан болохоор энэ сургуульд элсэх боломж олдоогүй. Цэргээс ирээд янз бүрийн ажил хийсэн.

Нисэхийн шалган нэвтрүүлэхэд ажилд орж, хилийн цэргийнхээ дүрэмт хувцсыг өмсөж, мөрөөдлөө гүйцээж дөрвөн жил ажиллаад Үйлдвэрчний эвлэлийн дээд сургууль байгуулагдахад анхны элсэлтээр нь англи хэл сурах зорилготой орж байлаа. Төгсөөд л энэ салбарт хүчин зүтгэж, одоо 18 дахь жилдээ ажиллаж байна.

Танд шаардлагатай бүхнийг бэлдэж өгье, хариуд нь энд хийж байгаа ажлаа орхиод гэр бүлийнхэнтэйгээ нам гүм газар амьдраач гэдэг санал тавибал та хүлээж авах уу ?

Ийм боломж тохиовол дуртай явах болно. Орос кинон дээр гардаг тосгоны энгийн амьдрал их сайхан харагддаг шүү дээ. Одоо нийгмийн бухимдал, утаа униараас залхсан хүн болгон л ингэж амьдрах сонголт хийх байх.

-Амидай нарынхаа ажил үүргийг нэг удаа орлох эрхтэй болбол хийж чадах уу ?

Тохируулаад нэг загвар өмсчихөж мэдэх юм. Бас ажил хэрэгч дүрд тоглочих байх. Харин барилдаж бол чадахгүй.

-Амьдралдаа аз туршсан алхам хэр олон удаа хийж байсан бэ ?

Миний ажил аз турших эрхгүй. Олон хүний итгэл дааж яваа болохоор буруу зүйлд уриалж, өөрийнхөө муйхар шийдвэрээр зүтгэж болохгүй. Гарц байгааг харж байж л тэгж уриалах ёстой. Харин өдий хүртэл олон удаа сонгуульт албанд өрсөлдөж яваа маань хувь хүнийхээ хувьд аз сорьсон шийдвэр байсан болов уу.

-Та эмэгтэй хүнд цэцэг өгөхдөө өөрт таалагдсанаа сонгодог уу, эсвэл тухайн хүний дуртай цэцгийг мэдэж өгөхийг хүсдэг үү. Хамгийн сүүлд хэнд цэцэг бэлэглэсэн бэ ?

Баглаатай цэцгээс илүү таримал цэцэг л авах дуртай. Гэхдээ энд, тэнд үйл ажиллагаанд уригдаж өөрөө их цэцэг авдаг болжээ. Түүнийгээ бол гэртээ аваад очно. Харин манай хүн таримал цэцгэнд илүү дуртай.

-Та ямар үед сэтгэл хангалуун, тайван амьдарч чадах вэ ?

Ажил бүтэмжтэй бол сэтгэл тайван байдаг. Сая 20-иод хоног хөдөлмөр, нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээр хийж, цалин тэтгэвэрийн талаар шийдтэй хариулт авах гэж явлаа.

Эдийн засгийн хямралыг олон нийт хүлээн зөвшөөрчихсөн болохоор нэг хэсэг нь биднийг “Битгий шантааж хий, боль” гэж шүүмжилсэн. Гэхдээ л Засгийн газар ард түмнийхээ талд шийдвэр гаргах ёстой.

Таны хамгийн хайртай хүн хэн бэ ?

Гэр бүлийнхэндээ, ээждээ хайртай.

Өөрчлөх боломж нь байгаа ч хийж, амжуулж чадаагүй зүйл байна уу ?

Монгол хүний үнэлэмжийг л өндөр болгохыг хүсдэг. Манай гишүүд бидэнд итгээд, .үүнийг өөрчлөх боломжтой гээд л дэмжиж байгаа. Гэхдээ би бүх шийдвэрийг гаргаж, эргэлт хийх мэдэлгүй. Одоогийн бидний авч байгаа цалин тэтгэмжийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Харин монгол хун цалингаа аваад нүүр улайхааргүй амьдрах ёстой.

Таны хэн хамгийн их инээлгэдэг вэ ?

2004 оноос хойш би бараг инээхээ больж л дээ. Өмнө нь байнга л инээж явдаг байсан гэж намайг мэддэг хүмүүс хэлж, шүүмжилдэг юм. Хийж байгаа ажил маань ч инээх боломж тэр бүр олгохгүй юм. Дарга гэдэг сэтэр зүүчихээд, зовлон яриад ирсэн хүний өмнөөс инээгээд суугаад байлтай биш дээ.

Харин миний бага хүү намайг инээлгэдэг юм. Бага байхдаа л унтаад сэрэхээрээ уйлдаггүй, инээсээр босож ирдэг байсан юм. Одоо 13 настай. Хийж байгаа үйлдэл, байгаа байдал нь л намайг илгээдэг.