Өргөдлийн мөрөөр замнагч
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.01.12

Өргөдлийн мөрөөр замнагч

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдүүлэхийн тулд хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газарт “заргалддаг” сэтгэлтэй нэг гишүүн УИХ-д байдаг гэнэ.

Түүнийг О.Баасанхүү хэмээн нэрийднэ. Эрхэм гишүүн Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн ч дэмжлэг авч барахгүй яваа юм. Байнгын хорооны хуралдаан дээр түүнийг дарга болгох асуудлаар хоёр ч удаа санал хураахад 50:50 харьцаагаар тэнцэж “унасан”. Нэр дэвшүүлсэн “Шударга ёс” эвсэл арга буюу завсарлага аваад, одоо хэрхэн дэмжүүлэх арга чарга хайж байгаа.

Тэгвэл О.Баасанхүү гишүүн өөрийнхөө тухай “Өнгөрсөн онд надад 50 гаруй өргөдөл ирсэн. Үүний 98 хувийг нь би шийдүүлж өгсөн. Би чинь иргэний өргөдлийг шийдүүлэхийн тулд ОХУ-ын Горный Алтай муж хүртэл явдаг хүн шүү дээ” гэлээ. Асуудлыг нь шийдүүлэхээр Баян-Өлгий аймагт давхиад очтол “хэргийн эзэн” нь ОХУ-д суудаг болж таарсан юм байх.

Ийм их “хөөцөлдлөгөөтэй” гишүүнийг яагаад “мэргэшсэн” Байнгын хорооных нь даргаар тавьж болохгүй байх билээ. Гэтэл тэр өөрийг нь дэмжихгүй байгаа хүмүүсийн талаар “АН, МАН-ыг хамгийн их шүүмжилдэг ганц хүн нь би.

Намайг Өргөдлийн байнгын хорооны дарга болгочихвол их сайн ажиллах ашиг сонирхлын зөрчилтэй учраас тэд дургүйцэж байна” гэсэн юм.