Н.Алгаа: Газар дор байхдаа ямар ч зүйл үнэ цэнэгүй байдаг
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зарим ойлгомжгүй байдал нэгталдаа гарах шиг боллоо. Энэ талаар та өөрийн болон ассоциацынхаа байр суурийгхуваалцана уу?
Энэ хууль 2009 онд батлагдсан боловч хэрэгжилт нь хангагдахгүй явсаар өдий хүрсэн. Үүнд ердөө хоёр шалтгаан байсан юм. Юуны өмнө байгалийн нөхөн сэргээлтийн мөнгийг буцаан олгож чадахгүй байсан. Нөгөө талаар том хэмжээнд компаничлаад хийчихсэн болохоор эргийн хамгаалалтын бүс буюу солбицол тогтоох явц хангалтгүй явагдаж байлаа.
Одоо дээрх хуульд өөрчлөлт оруулснаар ямартай ч өмнө нь олгочихсон байсан газруудаа өндөр шаардлага хяналтын дор ашиглуулж, нөхөн сэргээлт хийлгэе. Түүнээс хойш тухайн бүс нутагт зөвшөөрөл олгохгүй гэсэн байдлаар шийдлээ.
Алт үйлдвэрлэгчдийн холбооныхны тооцоолсноор энэ бүс нутагт 130 орчим тонн алтны нөөц байгаа юм билээ. Улирлын чанартай боловч хонь мал, хүнс ногоо гээд бичил ханган нийлүүлэлт хийх, хэдэн хүн ажлын байртай болох, алт олборлож эхэлснээр улс, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого бүрдүүлэх гээд эерэг сайн талууд гарна.
-Иймэрхүү эерэг талууд байх боловч бас элдэв сөрөг үзэгдэл гарахгүй гэх баталгаа бий юү?
Урт нэртэй хуулийн зарим заалт дотор хайгуулын лицензийг хамруулсан явдал байдаг юм. Тэднийг тусгайлан авч үзсэнгүй, ингээд өөрөө мэдэг гэсэн юм болов уу даа. Гэхдээ хуулийн өөрчлөлт шинэчлэлийн үзэл баримтлалыг буруутгаад байх юм алга.
Хуулийн үйлчлэл дотор Монгол Улсын газар нутгийн 30 орчим хувь нь хамрагдаж байгаа юм. Усны эх бүрдэх газар гэхээр Алтай, Хангайн уулсаас эх авсан гол мөрөн, горхи булаг урсч өнгөрөх бүхий л нутаг орчихож байгаа хэрэг. Цаашдаа хуулийн хэрэгжилт хангагдсаны дараа ч юмуу явцын дунд эргэж харах зүйл гарах л байх.
-Дээрх хуулийг өөрчилсөн явдлыг Гацууртын ордын ашиглалт олборлолттой холбож ойлгох, тайлбарлах хэсэг ч бас байна. Жирийн иргэд байтугай мэдээлэлд ойр хүмүүс, шинжлэн судалдаг байгууллагынхан ч Ноён уултай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, эсрэг тэсрэг юм яриад байх юм. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
Уул уурхайч салбар. түүний дотор алт үйлдвэрлэгчдийн тухайд нэгэнт нөөцийг нь тогтоочихсон орд, бэлэн төсөл, хөрөнгө оруулалт байвал эрдэс баялгаа ашиглаад явъя, нөхөн сэргээлтээ ёсоор нь хийе гэсэн байр суурьтай байдаг. Гацууртын ордын олборлолт Урт нэртэй хуулийн зүйлчлэлд багтаад зогсчихсон байсан. Гэтэл энэ хууль нь стратегийн ач холбогдолтой ордод хамаарахгүй гэсэн заалт дотор нь явж байгаа. Тэгэхээр Урт нэртэй хуулийн хэрэгжиж дуусах хугацааг хүлээх эсвэл стратегийн ангилалд багтаах гэсэн хоёр сонголт Гацууртын ордын өмнө тулгарсан.
Төсөл хэрэгжүүлэгчид хоёр дахь замыг сонгож, стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтааснаар ажил эхлэх боломж нээгдэж байх шиг байна. Нөгөө талаас саяхан Иргэний танхимд болсон уулзалт хэлэлцүүлэг дээр мэргэжлийн хүмүүс, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын төлөөлөл Гацууртын ордын ашиглалтын талбай дээр Хүннүгийн үеийн булш бунхан байхгүй гэдгийг зураглал дээр баталгаатай үзүүлж харуулж, хэлж баталсан шүү дээ.
Бид тэдэнд итгэхээс өөр яах юм бэ. Ер нь ашиглалтын талбайд саад болохгүй ч гэсэн ойр хавьд нь байгаа булш хиргэсүүрийг зохих байгууллагаар нь малталт хийлгэж гаргаж ирснээр нийтэд үзүүлж харуулбал жинхэнэ үнэ цэнтэй болох юм биш үү гэж бодох юм.
Оюутолгойд ийм ажлыг хийгээд одоо багахан хэмжээний музейтэй болсон байсан Манжийн хааны үед мэдэж байсан Хүннүгийн гэх энэ булшийг Гацууртын ордын ашиглалт олборлолттой холбогдон бид байтугай дэлхий дахин сая үзэж харж, илрүүлж байна. Ингэж л аливаа юм үнэ цэнтэй болно шүү дээ. Үүнд мэдээж мэргэжлийн хүмүүсийн санал бодол, судалгаа шинжилгээ голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой.
Бид ч шинжлэх ухаанд итгэж үнэмшиж сурмаар байгаа юм.Уул уурхай иргэдэд хэр ойрхон байгаа тухай онлайн хэлэлцүүлгийг бид нэг удаа зохион байгуулахад нэг геологич .домгийн шинжтэй сургийн мэдлэг болон популизмаас салж байж л манайх хөгжинө гэж хэлсэн. Энэ маш зөв санаа шиг надад санагдсан.
Түүнээс биш эртний түүх домогт өгүүлэхдээ гэдэг юм уу бөө мөргөл, онгод сахиус гэж дөвчигнөх, бурхны шашны сургаал гээд төвд номыг нүдээ аньж байгаад унших энэ тэр бол төдий л ач холбогдолгүй байх'. Социализмын үед чөтгөр алга болсон гэсэн шог яриа байдаг ч энэ нь ард олон соён гэгээрч, шинжлэх ухаанд итгэдэг болсныг хэлээд байгаа юм шүү дээ.
-Сар гаруйн өмнөөс хайгуулын лиценз хүссэн өргөдлийн дугаар олголтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Өвлийн хүйтэнд гадаа даарч зогсохгүй, чадалтай залуучуудад дарагдчихгүй амар болж гэж олон хүн нааштай хүлээж авсан. Гэтэл сүүлийн үед бас л шүүмжлэлд өртөх болсон байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
Дөрвөн жил орчим таг зогссон хайгуулын компаниуд ажилтай болж эрдэс баялгийн эрэл хайлт эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнгөрсөн оны долдугаар сард баталсан хууль зургаан сарын дараа хэрэгжиж эхэлж байгааг хурдтай явж байна гэж хэлэхэд хэцүү. Аравдугаар сард өргөдөл хүлээж авахаар зарлаад дахин хойшлуулахад 300 орчим компани 250 сая төгрөг төлчихсөн байсан гээд бодохоор асар их хүлээлт үүсгэж, ажилтай орлоготой болох гэсэн хайгуулын компаниудын урмыг хугалж байна. Нэгдүгээр сарын 20-доос хойш компаниудад хайгуулын лиценз хүссэн өргөдлийн дугаарыг нь тарааж эхэлсэн.
Гэхдээ Ашигт малтмалын газраас дээрх дугаар олгож, солбицлыг тогтоодог программ хангамжийн ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулсан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна программын гүйцэтгэл нь хангалтгүй байна.
Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай нэг компани тодорхой солбицол дээр зургаан удаа хүсэлтээ гаргахад өргөдлийг буцаасан мөртөө дараагийн компани ганцхан удаа ороод л тэр газрыг нь авчихсан байна гээд гомдлоо гаргаад явж байна.
Үүнээс гадна нэгэнт онлайн хэлбэрт оруулсан юм бод ажлын дөрөв хоногт солбицлыг тогтооно гэж удаагаад байх хэрэг юу байна. Энэ бүхнээс харахад цаана нь хүний хүчин зүйл байна гэж хардах үндэслэлтэй санагдаад байгаа юм.
-Манайд ийм шударга бус явдал хаа сайгүй байх юм. Хан ресурс компани Засгийн газрыг 100 сая ам.долларын төлбөрт унагачихлаа. Одоо хүртэл хэл ам болж байдаг 106 лицензийн асуудал юу болж байгаа вэ. Шийдэгдэх боломж байна уу?
Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон байж болзошгүй гээд 106 лицензийг эрүүгийн хэргийн анхны шатны процесст шууд хүчингүй болгосон л доо. Хууль эрх зүйд шударга эзэмшигч гэх нэг ойлголт бий.
Жишээ нь, би танд нэг сайхан морь зараад орхисон чинь нөгөөх нь хулгайнх байгаад жинхэнэ эзэн нь гараад ирж гэж бодъё. Энэ тохиолдолд эзэнд морийг хууль ёсоор олгож, надаас мөнгө гаргуулж таны хохирлыг барагдуулна. Тухайн нөхцөлд та шударга эзэмшигч болж байгаа хэрэг.
Дээрх 106 лицензийн дотор саяын ярьсан шиг шударга эзэмшигч маш олон байгаа нь тодорхой. Гэтэл бүгдийг хүчингүй болгоод хаячихаж байгаа нь хүний эрх, хүний өмчид халдаж байгаа бүдүүлэг явдал юм. "Хан ресурс"-ийн асуудал ч үүний бодит жишээ.
Тэгэхээр хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийг дээдлэн хамгаалах учиртай төр, шүүх үүргээгүйцэтгэхгүй харин ч хамтран хуруу гараа дүрж байна. Тэр нь гадна дотных байх нь хамаагүй болж байгаад бүр ч их харамсаж байна.