Үүл баатрын амлалт, бидний мөрөөдөл
Улаанбаатар хотын захирагч,Улсын баатар Э.Бат-Үүл
2015.03.11

Үүл баатрын амлалт, бидний мөрөөдөл

Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл даргыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас эхлээд МАН-ын нэлээн идэвхтэй залуу гишүүд ч ихэд дэмжиж, зарим нэг нь “Дараагийн Ерөнхийлөгчид Э.Бат-Үүлээс өөр хүн ерөөсөө харагдахгүй байна” хэмээн шулуухан мэдэгдээд байгаа.

Тэгвэл Улаанбаатарчууд ер нь Монголын нийгмийн ихэнх хэсэг “Сүүлийн 10 жил хийгдээгүй аварга бүтээн байгуулалтыг Үүл баатар хоёрхон жилд амжуулж, Улаанбаатарыг дахин цоо шинээр сүндэрлүүллээ” хэмээн тун ам сайтай байгаа. 

Үнэхээр ч таван сарын дараа гурав дахь жилдээ орох Э.Бат-Үүл даргын засаглалын хугацаанд Улаанбаатар хот дахин шинэ төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцны томоохон хорооллууд шил, шилээ даран сүндэрлэсээр л байгаа. Нисэх, Баянхошуу, Амгалан гээд цоо шинэ оршин суултын бүсүүдэд орчин үеийн тохилог хорооллууд яралзан босч байгаа нь дөрөв, тавхан жилийн өмнө бол ёстой л “Үлгэрийн далай” байсан билээ. Э.Бат-Үүл баатар 2012 оны УИХ-ын сонгуулиас бүр өмнө “Би УИХ-д нэр дэвшин өрсөлдөхгүй. 

Нийслэлд ялалт байгуулж, хотын дарга болоод Улаанбаатарыг дахин шинээр төлөвлөж, цоо шинэ бүтээн байгуулалт өрнүүлнэ” гэж ярьж эхлэхэд нь олон хүн “Бат-Үүлийн Улаанбаатарыг цоо шинэ болготол бидний нас хүрэхгүй. Бас нэг буурал мянгуужин гараад ирлээ” хэмээн огтхон ч итгэхгүй байсан. Тэгтэл өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд буурал баатар үнэхээр сүүлийн 10-20 жил хийгдээгүй өөрчлөлтийг хийчихэж дөнгөлөө.

Ажлынхаа эхний үр дүнг үзсэн баатар ч “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ээ. Эртхэн хэлж зарим хүний санааг амраая. Надад ганцхан том зорилго байгаа нь Улаанбаатараа метротой болгож, түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд тайван амьдармаар байна” гэж ойрын таван жилийнхээ ажлыг товчхон тайлбарлаж, ёстой л зарим хүмүүсийн санааг амрааж, даралтыг дахин хөдөлгөхөөргүй болоод байгаа. 

Өнөөдөр Азийн улсуудын нийслэлээс метротойг нь бус метрогүйг нь хайсан нь хялбар. Бээжин, Сингапур, Гонгконг, Сөүл, Токио, Дели, Бангкок гээд л хөвөрч өгнө. Гэтэл нийт хүн амынх нь тал нь шахуу амьдарч байгаа Улаанбаатар хот дөрвөн уулынхаа дунд улам л шахцалдаж, газар дээрээ машин тэрэг, хүн ам нь багталцахгүй боллоо. Өнөөдөр Баянхошууны эцсээс Амгалан орохын тулд автобусаар нэг талдаа хоёр цаг таг түгжирч, уур бухимдалдаа хахаж цацсаар бууцгааж байгаа. 

Саяхан УИХ-ын даргын Японд хийсэн айчлалаар Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсны буянаар тэдний хуучин машинууд татваргүй болчихоор хэдэн мянгаар нь сүнгэнүүлээд зөөж эхэлнэ. Тэр үед өнөөдөр мөлхөж байгаа Улаанбаатарын замын хөдөлгөөн таг зогсох нигууртай. Товчхондоо Улаанбаатарын гудамжинд автомашины гинжин холбоо үүсч, хөдөлгөөн нь яг зогсоно гэсэн үг. Харин энэ таг зогсолтоос тойрох цорын ганц шийдэл нь мэдээж метро.

Япон гэхэд л нэг саяас дээш хүн амтай хотууддаа метро ашигладаг. Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр автомашинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртэлх хувиар буурч, зам тээврийн осол багасахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх талаар сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа. 

Мөн авто замын хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурч, автомашины хурд 25 хувиар нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах зэрэг олон давуу талыг дагуулахыг ч Э.Бат-Үүл баатрын нэгэн орлогч Н.Гантөмөр дарга учирлаж суусан. Товчхондоо нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метро нэвтрүүлэх зорилт тавин,

Японы ЖАЙКА байгууллагын төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн 2012 онд эхлүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилт хувилбар болсон метрог Улаанбаатарт бий болгоход долоон жил хангалттай гэж төслийн багийнхан үзэж байсан гэнэ. Түүнчлэн 2010 онд 1.1 сая байсан Улаанбаатарын хүн ам 2030 онд 1.7 саяд хүрч, 1.5 дахин нэмэгдэнэ.

Үүгээр зогсохгүй зам тээврийн эрэлт, хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Төслийн багийнхан судалгааны ажлын тайлан болон урьдчилсан ТЭЗҮ-ийг 2013 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн байна. Ингээд мөн оны зургадугаар сард “Улаанбаатар метро”-г тэмдэгжүүлэх ёслол болсон билээ. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалт. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид олимп зохион байгуулах тухай ярьж чадна” хэмээж байсан. ЖАЙКА-гийн төслийн багийнхан Толгойтоос Амгалан хүртэл нийт 14 өртөөтэй, өртөөний зайг 800-1500 метр байхаар төлөвлөж. Мөн автобус нэг цаг гаруй явах энэ 17.7 км замыг метро 20-30 минут туулна гэсэн.

Түүнчлэн метро нь автобуснаас тав дахин их буюу цагт 20 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Метро хоорондын хугацаа таван минут бөгөөд нэг удаа зорчиход 500-600 төгрөгийн үнэтэй байхаар тооцоолсноо дуулгасан. 2020 онд Улаанбаатарт метрогоор зорчигчдын тоо 300 мянга, 2030 онд 500 мянгад хүрч, оргил цагтаа 18.000 зорчигч тээвэрлэх төлвийг ч төслийн багийнхан гаргасан байсан. Тэрчлэн Саппорогийн тойрог нь метроны өртөөний хамгийн ачаалал ихтэй хэсэг байхыг тайлбарласан.

Харин метроны замыг газар доогуур болон замын дээгүүр гүүр хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6.6 км зайд газар доогуур, хотын хоёр захаар газраас өргөгдсөн гүүр хэлбэрээр явж, авто замаас бүрэн тусгаарлагдсан байхаар тооцсон байна. Газар доогуур метроны зам тавих нь өртөг өндөртэй ч авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй, өвөл ч зам тавих боломжтой гэдгээрээ онцлогтой.

Метро барих ажил эхэлснээр 156 мянган шинэ ажлын байр бий болох гэнэ. Улаанбаатар хот метротой болоход нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Японы Засгийн газраас метро хийх төсөлд зориулан 600 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Метротой уялдуулан газар доогуур автомашины зогсоолууд болон томоохон үйлчилгээний төв бүхий цогцолбор барихаар төлөвлөөд байгаа. 

Ингэснээр эдийн засагт шууд бусаар олон үр өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой аж. Давхруудын талбайн ам метрийн үнийг 850 ам.доллар гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болох юм. Улсад төвлөрүүлэх татвар ч нэмэгдэнэ. Түүнчлэн өртөө орчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц баригдана. Энэ бүхнийг Э.Бат-Үүл баатар амлаж байна. Харин Улаанбаатарчууд бид мөрөөдөж, хүлээж байна. Баатрын амлалт, бидний мөрөөдөл биелэх цаг явж эхэлжээ.