Н.Алгаа: Мэргэжлийн хүмүүсийн үгийг мэргэжлийн бус хүмүүс үгүйсгэх нь өөрөө популизм
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Уул уурхайн салбар жил бүхэн л янз бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарынхаа хэтийн хөгжлийн талаар ярилцдаг. Саяхан Уул уурхайн салбарын ил тод байдал, өрсөлдөх чадварын талаар хэлэлцүүлэг болсон. Гэвч уул уурхайн салбар хууль эрх зүйн орчноо төгс болгож чадаагүйгээс хөгжих нь удааширч байна гэж дүгнэх хүмүүс олон бий. Таны хувьд энэ салбарын хэтийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
Монголд маш их боломж байгаа. Ямар утгаар хэлж байна вэ гэхээр зах зээл нь байна. Ирээдүйд ашигт малтмалын томоохон ордууд нээгдэх боломж, газар нутгийн талаас, ардчилсан нээлттэй нийгэм гэдэг талаасаа ч тэр боломж байгаа. Монгол Улс хоёр мөчлөгийн дунд явлаа. 1990-ээд оны үед болсон мөчлөгийг анзаараагүй. Яагаад гэвэл, хувийн хөрөнгө оруулалт байгаагүй.
Харин одоо явагдаж байгаа мөчлөг бүх оролцогчдод том сургамж болсон. Бид юуг алдав, ямар алдаагаа засах ёстой вэ гэдгээ эргээд ярьж байна. Хандлагаа өөрчлөх ёстой. Улс төр, популизм, элдвийн тээг садаанаас болоод урагшаа явах ёстой олон зүйл зогссон байсан.Миний хувьд энэ салбарын хөгжлийг эерэгээр төсөөлж байна. Эрдэмтэд нь санал нэг байгаа. Бид уул уурхайгаа түшиглэж хөгжих юм байна гэдгийг олон эрдэмтэд нийтлэлээрээ хэллээ.
Компаниуд болон манай ассоциаци эрхзүйн орчноо тодорхой болгохыг яам болон хууль тогтоох байгууллагаас хүсч байгаа. Татварын хувь хэмжээ зохистой, өрсөлдөх чадвартай, хүнд суртал бага байвал гадаад дотоод хөрөнгө оруулагчид ажлаа хэвийн хийнэ. Энэ хэрээр экспортын орлого нэмэгдэж, тэр хэмжээгээр ажлын байр хадгалагдана.
-Энэ салбарынхны ярих ёстой асуудал боловсон хүчний асуудал байдаг. Аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчин алга гэж ярьж байна. Газрын тосны салбарт ажиллах хүч байхгүй юм чинь гаднаас л оруулж ирнэ биз дээ гэх хандлага ч их байна. Энэ талаар ямар бодлого баримтлах ёстой бол?
Өөр төвшний хөгжил, том төсөл яваад ирэхээр тоног төхөөрөмж дээр ажиллах оператор, дээд дунд шатны ажиллах хүчин шаардлагатай болдог. Шинэ зүйл дээр шүү. Манай сургуулиудын сургалт энэ бүхнээс хоцроод байгаа тал бий. Нөгөө талаар эрэлтээ мэдрэхгүй байна.
Дээд боловсрол хоцрогдсон тогтолцооноосоо сална гэж ажиллаж эхэлсэн. Дээд боловсролын тогтолцооны шинэчлэл, МСҮТ-ийн тогтолцооны шинэчлэл бас явж байгаа. Энэ нь эргээд ажил олгогчдын эрэлтэд нийцсэн чадамжтай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглэсэн хэрэг юм. Боловсон хүчний асуудлыг шийдээд явж байгаа гэж хэлмээр байна.
-Уул уурхайн салбар маш олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэр хэрээр үр дүн гарах учиртай. Гэтэл уриалга гаргадаг эргээд үр дүн гарсан уу гээд харахаар хангалтгүй байдаг шүү дээ?
Би чамтай адил боддог байсан. Уриалга нь улиг боллоо гэж шүүмжилдэг байсан. Гэхдээ одоо бол бодлоо өөрчилсөн. Оролцогч талуудын ойлголт дэндүү зөрүүтэй байна. Хэлэлцэж, ярилцаж байж л шийдэхгүй бол буруутныг хайгаад явж болохгүй. Тиймээс хэлэлцүүлгийг олноор хийх ёстой юм байна. Өртөг зардал багатайгаар энэ салбарынхан уулзаж, ойлголтоо нэгтгэхгүй бол урагшаа явахгүй.
Үр ашгийг нь бодох ёстой. Хэлэлцүүлэг олон байх тусмаа нэг сэдвийг сонгодог болмоор байгаа юм. Хагас өдөр, нэг өдөр жилд нэг удаа цуглаад үр дүн гарахгүй л дээ. Бичил уулзалтууд олон хийж, ойлголтоо нэгтгэж байж өөр өөрсдийн эрх ашгаа хамгаална, зовлон бэрхшээлээ ойлголцоно. Уулзалт хэлэлцүүлгүүд баярын парад шиг биш ажил хэрэгч болох ёстой.
-Уулзалтаас гарах үр дүн гэхдээ чухал биз дээ?
Манайхан шууд үр дүн нэхээд байдаг. Хурал болохоор л ямар үр дүн гарав гэж нэхдэг. Хурал олон болж байна гэдэг нь өөрөө үр дүн. Бид ойлголцлын зөрүүгээ нэгтгэж зөвшилцөл рүү дөхөж байгаа нь үр дүн. Хандлагаа өөрчилж байгаа нь үр дүн.
-Эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчны өөрчлөлт хэр мэдрэгдэж байна вэ?
Мэдрэгдэлгүй яахав. 2025 он хүртэл бодлоготой боллоо. Ашигт малтмалын тухай хуульд тусгасан Эрдэс баялгийн бодлогын зөвлөл ажлаа эхэлчихлээ. Энэ чинь өөрөө тогтвортой байдлыг бий болгох арга хэрэгсэл. Өнөөдөр алдагдсан итгэлийг эргүүлж олж авах л одоо шийдэх асуудал боллоо. Хөрөнгө оруулагчдын итгэл суларсан байна. Итгэлийг бий болгохын тулд ажиллах ёстой л доо.
-Тавантолгойн хөрөнгө оруулагчдын асуудал маргаантай сэдвийн нэг хэвээр байна. Төмөр замын асуудал илүүтэй маргаан дагуулж байх шиг?
Ажлын хэсгийг М.Энхсайхан сайд ажиллаж байгаа. М.Энхсайхан сайд Төмөр замын тухай хуульд ингэж байгаа. Төрөөс баримтлах бодлогод ингэж тусгасан. Хуулийг л зөв ойлгож тайлбарлах асуудал байна. Хуулийг бүхлээр нь биш нэг заалтаар тайлбарлах нь буруу. Төмөр зам, концессийн асуудлаар ойлголт байхгүй байна. Гэхдээ асуудлыг хараад хуульд боломж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Төр мөнгийг нь гаргаж, төмөр зам барихгүй бол хэн барих вэ. Бариулчихаад төрд шилжүүлэх юм уу.
Энэ бүхнийг Концессийн тухай хуулиар зохицуулчихсан. Өөр гарц байхгүй шүү дээ. Зөв мэдээллийг мэргэжлийн хүмүүс ярилцлага өгөөд, нийтлэл бичээд өгөөд байна. Популизм гэдэг чинь юу вэ гэхээр мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байгаа асуудал. Мэргэжлийн биш хүн мэргэжлийн асуудал ярихыг зогсоох ёстой. Мэргэжилтнүүд дотроо өөр өөр ойлголттой бол асуудлаа ойлголцох хэрэгтэй л дээ. Нэг мэдээллийг дагаад хуйлраад байж болохгүй гэж хэлмээр байна.
-Хөрөнгө оруулагчдын асуудал шийдэгдсэний дараа дотоодын компаниудад хувьцаа эзэмшихийг нь нээлттэй үлдээнэ гэж байна лээ?
Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын 10 хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаална гээд тусгачихсан. Тавантолгойн 20 хувийг ард түмэн эзэмшдэг. 1072 хувьцааг хүн бүхэн эзэмшиж байгаа. Брокерын пүүсүүд баталгаажуулчихсан. Одоо гаргахаар үнэ багатай байна. Цаашлаад арилжаанаас хувьцаа эзэмшигчдэд юу ч наалдахгүй. Үүнийг чинь үнэтэй болгохын тулд хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдэх л болоод байгаа юм.
-1072 хувьцааг ямар байдлаар олгохоор ярьж байна вэ?
Ганцхан л гарц байна. Тавантолгойг л хөдөлгө.
-Стратегийн ордуудаас төр хувь эзэмших бус тусгай төлбөр авах ёстой гэх хууль УИХ-аар дэмжигдлээ. Үүнийг зөв гэж харж байна уу?
Манайхтай нийлээд 19 төрийн бус байгууллага дэмжсэн. Мэргэжлийн холбоод ч бас дэмжсэн. Төр хувь эзэмшиж уул уурхайн эрсдэлтэй бизнест оролцох нь анхнаасаа буруу гэж бид ярьдаг. Тэрнээс холдох сонголт өглөө. Буруу зүйл байхгүй.
-Тавантолгойг сар шинээс өмнө шийднэ гэсэн, яагаад удаашраад байна вэ?
Ажлын хэсэг гол гол асуудлаа шийдсэн.
-Хөрөнгө оруулалтыг хэд гэж байна вэ?
Дөрвөн тэрбум. Сонгон шалгаруулалт явуулж байхад л тавигдсан зүйл.
-“Энержи Ресурс” хөрөнгө гаргах уу?
Хөрөнгө оруулагч тал нь Шиньхуа. “Энержи Ресурс” чинь төслийг хэрэгжүүлэгч компани. Олборлох нь Сумитомо. 30 хувийг хөрөнгө оруулагчид өөрсдөө гаргана. Илүү гаргаж чадахгүй гэсэн. Гаргах бололцоо байхгүй учраас 70 хувийг нь дэлхийн банк санхүүгийн байгууллагаас зээлээр л авна.
-“Энержи Ресурс” баяжуулах үйлдвэртэй. Тавантолгой дээр шинэ үйлдвэр барьсныгаа өргөтгөөд явах уу?
Тэгнэ. Тэр чинь л давуу тал нь. Гадаадын хөрөнгө оруулагчийг бус монголын компанийн сонгосон шалтгаан тэр. 15 саяыг боловсруулдаг үйлдвэр хажууд нь байгаа нь давуу тал болсон.
-Гацууртын ордоос төр 20 хувь эзэмших асуудал яригдсан. Яагаад 34 байж болохгүй байна вэ гэдэгт та ямар хариулт өгөх вэ?
Төр эзэмших нь аль ч тохиолдолд буруу жишиг гэдэг талаас нь хэлмээр байна. Стратегийн гээд оруулчихсан учраас 34 хувиас хэд байвал зүгээр вэ гэдгээ тооцоолоод шийдсэн. 20 гэдэг бол мэргэжлийн хүмүүсийн шийдвэр. Мэргэжлийн хүмүүсийн сонгосон тоог мэргэжлийн бус хүмүүс ярьж шийдэх нь өөрөө популизм гэж хэлээд байна шүү дээ. 20 хувийг эзэмшихгүй гэх маш ноцтой тоо баримт гаргаж ирэх ёстой.