Дэгспертийн дэндүү үнэн үг
Цамнаа Цанги
2015.03.13

Дэгспертийн дэндүү үнэн үг

Энэ удаа манай “Дэгсперт” буланд Цамнаа Цанги гуай зочилж байна. Энэ хүн бол цогтой тэмцэгч, цуцашгүй дайчин, гандан бууршгүй эрч хүчтэй нэгэн.

Тэрбээр цагдаагийн үхрийн ширэн хүрэмний энгэрийг ганц угзралтаар хүү татсан, талбайн зүүн урд үзүүрээс чулуу шидээд, ордны дөрвөн давхрын цонхыг яг оносон гэх зэрэг домогт дээд амжилтуудыг тогтоосон, яах аргагүй мэргэжлийн онцгой ур чадвартай синдромист хүн. Түүнтэй хаврын синдромын гүн ухаан, онол практикийн асуудлаар хөөрөлдсөн юм.

-Яриагаа онолын асуудлаас эхэлье. Хаврын синдромын гүн ухаан нь яг юу вэ?

-Хаврын синдром гэдэг бол өвчин гэж зарим эрдэмтэн эндүүрдэг. Хаврын синдром бол хайр! Хайр хайрын дундаас хамгийн тэнгэрлиг хайр юм.

-Огт ойлгосонгүй. Яагаад хайр гэж?

-Иймхэн юмны гаргалгааг ухахгүй, лавлаж асуугаад байдаг хаашаа хүүхэд вэ чи? Хаврын синдром гэдэг чинь эх орноо хайрлах хайр байхгүй юу! Бас өөр хайр ч тэнд байдаг. Хөдөлгөөний жагсаалын эгнээнд анх харц мөргөлдөж, хайр сэтгэлийн гал асаан, гэр бүл болсон өчнөөн сайхан хос бий.

-Синдромыг хэрхэн ангилдаг бол? Олон төрөл зүйл байдаг уу?

-Судлаачид хаврын синдромыг цамдром, торхдром, нумдром, буудром, ландром гэж ангилж үздэг. Манай нэгэн алдартай гэрэл зурагчны суут бүтээлд мөнхрөн үлдсэн Баасан эгчийн цог жавхлантай цовхролт бол цамдромын шилдэг үзүүлбэр.

Тодруулбал цовхорч дэвхэрч цамнах шинж тэмдгээр илэрсэн синдромыг цамдром гэж ангилаад байгаа юм. Манай галтай халуун синдромист Магнай нарын санаачилсан торх нүдэлтээс торхдром гэх нэгэн төрөл зүйл үүсэлтэй. Ордны цонх руу нум сумаар харвасан нь нумдром, буугаар айлгасан нь буудром болно.

-Ландром гэдэг нь “Ланд 200” жийптэй жагсаал болж таарах нь уу?

-Огт үгүй. Ландром бол синдром өвчний хамгийн хүнд хэлбэр. Шарын шашинд бол ландрам гэж ярьдаг даа. Амьдаараа босоо ороолон чөтгөр шуламд хувирч, олигархиудын сүнсийг зайлтал айлган дөвчигнөдөг гэсэн үг.

Бас нэгэн төрөл зүйл болох галтдромыг мартах дөхжээ. Өвсөн мануухайг галдан шатааж, муусайн ерөнхий сайдуудын хийморь сүлдийг нь зайлуулдаг арга технологи л доо.                

-Цагаан сар өнгөрөөд, цас ханзарчихлаа. Энэ жилийн хаврын синдром яагаад эхлэхгүй байна?

-Захиалагч нараас ажлын санал орж ирэхгүй байна л даа. Улс орон туждаа хямралтай болохоор нам хүчнүүд, бизнесийн бүлэглэлийн мөнгө санхүү хүнд байгаа.   

-Аан..?! Та нарыг мөнгөөр жагсаадаг гэдэг үнэн байх нь ээ?

-Ннн... /Ээрч түгдэрч байснаа, хөлсөө арчив/

-Та чинь яагаад таг болчихов оо?

-Уучлаарай, миний дүү. Саяын асуултаа хариулттай нь ярилцлагаасаа хасаад сэтгүүлдээ гаргачих, тэгэх үү? Ах нь бодлогогүй үг бурчихлаа. 

-Үгүй ээ, Цанги гуай. Сэтгүүлч хүн яриаг бодит үнэнээр нь буулгах ёстой.

-Хасаад өгөөч гэж гуйя, тэгэх үү? Наад үг чинь сэтгүүлд гараад ирвэл Цанги миний болоод манай хөдөлгөөний бизнесийн нэр хүнд унана. Ах нь олон нялх нойтон хүүхэд тэжээх гэж зүдэрч яваа ядарсан эр хүн. Ажилгүй болчихвол хэцүүднэ гэж мэд.

Цааш нь үргэлжлүүлээд чин үнэнээ ярихад манай хөдөлгөөнийхөн хэнээс ч төлбөр авч жагсаал хийж байгаагүй. Сэтгэлийнхээ дуудлагаар л жагсдаг юм шүү.

-Сэтгэлийн дуудлагаар жагсдаг юм бол яагаад синдром эхлэхгүй байна аа?

-Ннн... Юу л даа, хүү минь. Чин үнэнээ хэлэхэд хүн хүч хүрэлцэхгүй байна. Уянга, Батзандан гээд хамгийн шилдэг, хамгийн туршлагатай мэргэжил нэгтнүүд маань УИХ-ын гишүүн болоод саарал ордонд заларчихсан. Тэд өөрсдийнхөө эсрэг жагсалтай биш дээ. Цанги ах нь ганцаараа жагсахдаа тулаад, горьгүй байна аа.

-Баасан эгч яачихаа вэ?

-Синдромын хүчийг сулруулах, чин зоригт дайчдынх нь эгнээг цөм цохих, хорлон сүйтгэх ажиллагааг улстөрчдөөс явуулсанд нь мэргэжлийн хамгийн ур чадвартай синдромист болох манай Баасан өртчихсөн.

-Яана аа, Оросын Немцов шиг буудуулчихсан гэж үү? Огт сонсоогүй ш дээ!

-Үгүй ээ, буудуулаагүй. Дайснууд хорлоод, Баасанд хоёр өрөө байр өгчихсөн. Синдромист хүн дулаан байранд нэгэнтээ дасчихвал хүйтэн гудамж руу гарч, орилж чарлаж, дэвхэрч цовхорч чадахаа байчихдаг. Үүнийг судалж мэдээд, хорлон сүйтгэчихсэн хэрэг. 

-Та бүгдийн ариун үйл хэргийг залгамжлах шинэ залуу синдромистүүд төрж гарч ирэхгүй байгаа юм аа даа?

-Тийм. Төрөлхийн авьяастай, дайчин залуус огт төрөхгүй байгаа. Бид цаашдаа “Синдромын шинэ давалгаа, залуу үе” нэртэй телевизийн реалити шоу явуулж, залуучуудаа сургаж, шинэ синдромистүүдээ олон нийтэд таниулна гэж бодож байгаа.

-ТВ нэвтрүүлэг гээд завгүй учраас хаврын синдром хөдлөхгүй байж мэдэх нээ?

-Шинэлэг шийдэлтэй, хурц драма зөрчилтэй, хэвлэл мэдээлэл олон нийтийг байлдан дагуулж чадахуйц жагсаалын сценарийг ардын уран зохиолчдоор бэлэн бичүүлчихсэн. Төлөвлөлт төсөв нь гарчихсан. Даанч санхүүжилт алга.

-Ярилцсанд баярлалаа, Цанги гуай. Таны синдром далай мэт давалгаалан хөдлөх болтугай гэсэн билэгтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе дөө.

-Ерөөл бат оршиг ээ! Аманд нь шар тос түрхмээр дэмбэрэлтэй үг хэлдэг сайн хүү байна.

Егөөдсөн А.Амарсайхан