Ц.Оюундарь: Хууль зөрчихийг бүх нийтэд уриална гэдэг гэмт хэрэг
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарьтай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт хийхээр төлөвлөж байсан дуучин С.Жавхлан болон УИХ-ын зарим гишүүд, иргэний хөдөлгөөнийхнийн мэтгэлцээнийг хойшлуулсан. Үүнээс болоод сошиал ертөнцөөр Үндэсний олон нийтийн телевиз, радио эрх баригчдийн мэдлийнх юм байна гэсэн шуугиан дэгдлээ. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?
Үүнд хариулахын өмнө С.Жавхлан нар МҮОНРТ-ээс юу хүссэнийг ирүүлсэн албан бичгээс нь иш татан хэлэх нь зөв байх. Тэд албан бичигтээ “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын бүх гишүүдийг халз мэтгэлцээнд дуудаж байгаатай холбогдуулан “Төр буруутай юу, Түмэн олон буруутай юу?” сэдэвт төр түмний халз мэтгэлцээнийг явуулахаар санаачилаад байна.
Иймд 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 21:00-23:00 цагийн хооронд халз мэтгэлцээнийг шууд нэвтрүүлэх өдөр цагийг хөтөлбөртөө тусгаж өгнө үү” гэсэн байсан. Энэ бичгээс харахад тэд халз мэтгэлцээнийг санаачилан зохион байгуулж байгаа бөгөөд биднээс уг мэтгэлцээнийг шууд нэвтрүүлэх цагийг хөтөлбөртөө тусгахыг хүссэн байгаа биз?
-Тийм байна.
Би хүсэлтийнх нь дагуу хүссэн өдөрт нь цаг гаргаж, хөтөлбөртөө урьдчилан тусгаснаа илэрхийлсэн. Үнэхээр мэтгэлцээн болох юм бол нэвтрүүлгийг шууд явуулахад студи, хүн хүчээ бэлэн байлгасан. Гэхдээ тэд мэтгэлцээнийг санаачилж зохион байгуулж байгаагийн хувьд нэр заасан оролцогчдоо ирүүлэх үүрэгтэй учраас хариу албан бичигтээ “оролцогч талууд ирэхгүй тохиолдолд бид нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй тул олгосон цагаа цуцлах болно гэдгийг мэдэгдэж байна” гэдгийг онцлон сануулсан.
Гишүүдээс хэд гурван төлөөлөл ирсэн байсан учраас манай ОНТ-ийн захирал Д.Энхтуяа тэднийг студид оруулж, сүүлчийн мөч хүртэл оролцогч талууд ирэхийг хүлээсэн.Ингээд эфир эхлэхээс нэг минутын өмнө над руу утасдаад “Гурван гишүүн л ирлээ, яах уу” гэж асуусан. Би албан бичгээр өгсөн хариуныхаа дагуу оролцогч талуудыг тэд авчраагүй байна гэж үзэн, нэвтрүүлэгт олгосон цагаа цуцлах шийдвэр гаргаж, эфирийг зогсоосон.
Энэ бол аливаа албан байгууллага хоорондын энгийн харилцааны соёл, албан бичгээр нэг нэгэндээ юу хүсч, юу анхааруулж, яаж асуудлыг ойлголцож явахаа тогтоодог жирийн нэг жишиг.Оролцогч талууд ирэхгүй бол цагаа цуцлана гэдгээ урьдчилаад албан бичгээр хоёр өдрийн өмнө мэдэгдээд байхад түүнийг “Дээрээс команд өгч цуцлууллаа, улс төрийн даалгавраар болиуллаа” гэж өөрсдөө шууд дүгнэж, нийгмийн сүлжээгээр цацаж эхэлсэн.
Нэвтрүүлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө цаг цуцлах тухай сануулсаар байтал Ерөнхийлөгч эсвэл Их хурлын дарга утасдаад болиулсан юм шиг зарлаж, сүржигнэж байгааг нь хараад жинхэнэ “улстөржилт” гэдгийг С.Жавхлан тэргүүтэн өөрсдөө л үнэн төрхөөр нь хийж байна даа гэж би хувьдаа дүгнэсэн.
-Үүний дараа ТВ9 телевизийн шууд нэвтрүүлгээр таны утсыг олон нийтэд ил болгон зарлаж, утасдаж, мессэж бичихийг шууд уриалж байсан. Та ч өчигдөрхөн өөрийг чинь дарамталж, янз бүрийн айлган сүрдүүлэх маягтай мессэж илгээх болсон талаар фэйсбүүк хуудсандаа тавьсан байна лээ. Юу болсон юм бэ?
Тийм ээ, гуравдугаар сарын 12-ны оройноос эхлээд өнөөдрийг хүртэл гурав хоногийн турш миний утас руу зогсолтгүй 1000 гаруй дуудлага ирсэн. Элдэв муу үгээр дүүрсэн мөн тийм тооны зурвас /мессэж/ ирж байгаа. Ингэж айлгахаар дахиад цаг өгнө гэж бодож байгаа бол тун ч эндүү бодож байна гэдгийг үүнийг зохион байгуулагч С.Жавхлан тэргүүтэнд сануулах нь зөв байх. Учир нь МҮОНРТ өөрийн гэсэн хуультай, ямар ч хүн ерөнхий захиралаар ирсэн тэр л хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хөтөлбөрийн бодлогоо тодорхойлдог. Хууль дүрэм гэдэг сэтгэлийн хөдөлгөөнд автан биелүүлж, эс биелүүлж байдаг зүйл биш.
Олон түмнийг “хараал, зүхэл бичээд нэг хүн рүү дайр” гэж турхирна гэдэг чинь бодит занал. Надад болон миний гэр бүлд ямар нэг гэнэтийн аюул учирвал эрүүгийн хуулиар С.Жавхлан бурууг үүрэх болно. Энэ үйлдлээс нь үндэслээд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас сэдэвлэн хийсэн “Өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат киног би зориуд ирэх долоо хоногийн даваа гаригийн хөтөлбөрт оруулсан.
-С.Жавхлан нарын үйлдэл нь иргэдийг үймээн рүү турхирна гэж та болгоомжилж байгаа хэрэг үү?
Даваа гаригийн 21:30-д нэвтрэх уг кинонд ярьж байгаа сэтгэл судлаачдын дүгнэлтийг С.Жавхлангийн турхиралтад автан, миний дугаар руу залгаж буй хүмүүс маш сайн анхааран сонсоосой гэж хүсч байна. Учир нь нийгмийн сэтгэл зүйн онолоор “аливаа турхиралтад орж, нийтийн дунд орсон хувь хүн өөрийн ухамсарт байдлаа алдаж, өөрийн хийж буй хууль зөрчсөн буруу үйлдлээ зөвтгөх сэтгэл зүйтэй болчихдог.
Энэ сэтгэхүй нь түрэмгийллийг нэгтгэдэг гол хүчин зүйл” хэмээн тайлбарласан байдаг. Үүнчлэн таны бичиж байгаа хараал зүхэл өнөөдөр танд зөв юм шиг санагдаж, үүндээ улам хөглөгдөн элдэв түрэмгийлэлд уруу татагдвал хохирогч нь өөрөө болдог юм шүү гэдгийг эргэцүүлж сайн тунгаагаасай гэж хүсч байна.
Хууль зөрчихийг бүх нийтэд уриална гэдэг гэмт хэрэг!
-МҮОНРТ-д төлдөг мөнгөө төлөхгүй байхыг уриалах боллоо. Одоогоор яг ямар хэмжээний хураамж авч байгаа вэ. Бид ойлгохдоо төсвөөс санхүүждэг гэж ойлгодог. УИХ-ын дарга ч энэ оны төсвийг хэлэлцэх үеэр төсвийг нь танахаа мэдэгдэж байсан шүү дээ?
МҮОНРТ 2005 онд батлагдсан ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Бид сайн дураараа хүмүүсээс хураамж төвлөрүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Уг хуулийн 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үлхамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” гээд заачихсан. Үүний дагуу л бид хуулиар ноогдуулсан хураамжийг төвлөрүүлэн хураах ажлыг хэрхэн үр дүнтэй, зардал багатай хийх вэ гэдэг шийдлийг боловсруулж мөрддөг.
ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд батлахдаа тухайн үеийн хууль санаачилагчид олон улсын жишиг хандлагыг маш сайн судалж, ОНРТ-ийг санхүүгийн хувьд нэг эх үүсвэрээс хэт хараат байлгахгүйн тулд 3 төрлийн эх үүсвэрийг хуульчилж өгсөн байдгийн нэг нь нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу бидний нэрлэж заншсанаар хураамж юм. Тэгэхээр С.Жавхлан тэргүүтний болон түүний турхиралтанд орж, телевизийн хураамжаа төлөхгүй байхыг уриалж байгаа хүмүүс Монгол Улсын хуулийг нийтээр зөрчихийг уриалж байна гэсэн үг. Хууль зөрчихийг бүх нийтэд уриална гэдэг гэмт хэрэг!
-Хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байх нь ээ?
Төсвөөс санхүүждэг гэх өөрийн тань ойлголтын тухайд, дээр дурьдсан ОНРТ-ийн санхүүжилтийн гурван эх үүсвэрийн нэг нь хураамж, нөгөө нь улсын төсвийн дэмжлэг юм. Өнгөрөгч онд улсын төсвийн дэмжлэгийг 50 хувь хасахаас өмнө эдгээр гурван эх үүсвэрээс хамгийн жин дардаг нь улсын төсвийн дэмжлэг 60%, 2 дахь нь үзэгчдийн хураамж 30 орчим хувь, үлдсэн нь өдрийн нийт эфирийн цагийн 2 хүртэлх хувьд нэвтрүүлэх зар сурталчилгааны орлого байлаа. Харин төсвийн дэмжлэгийг 50 хувь хассаны дараа дээрх харьцаа 30-60-10 болж эрс өөрчлөгдсөн.
-Та ажлаа авсанаас хойш албан тушаалтнуудаас, ялангуяа гишүүни байсны хувьд АН-ын зүгээс заавар зөвлөгөө ирсэн үү. Хувийн зүйл биш болохоор эрх баригчдын зүгээс ямар нэгэн нөлөө үзүүлэх зүйл байдаг байх, тийм үү?
Би АН-д улс төрийн өндөр алба хашиж явсан хүн. Энэ ажилд орохын өмнө хуулийн дагуу улс төрийн албан тушаалаасаа болон намын гишүүнээсээ татгалзсан. Одоо надад өөрөө өөртөө л нөлөөлчихгүй бол өөр гадны нөлөө гэж хаанаас ч байхгүй. Өөрөө өөртөө нөлөөлөхөөс сэргийлэх гол зүйл бол ОНРТ-ийн хуулиа өдөр бүр хэрэглэх, ашиглах явдал. Үүнээс өөр хувь хүн, албан тушаалтнаас ирэх ямар ч заавар зөвлөгөө миний үйлдлийг хамгаалахгүй.
Нөгөө талаас би нийгмийн ухамсар нь төлөвшөөгүй жаахан хүүхэд биш. Би энэ нийгмийн хөгжилтэй зэрэгцэн өөрийгөө боловсруулж, хөгжиж, алдаж онож, ухамсар, үзэл бодол тогтсон, хашиж байгаа албан тушаалтайгаа холбоотой хууль эрх зүйн актуудыг судалж, түүгээр чиг баримжаа хийж явахгүй бол буруутна гэдгээ ойлгочихсон хашир иргэн. Иймд намайг хэн нэгний заавраар ажилладаг гэж өөрсдийнхөө хэмжээнд дүгнэх нь нэг талаар доромжлол, нөгөө талаар хэтийдсэн хардалт.
-Хэрэв мэтгэлцээнийг зохион байгуулах талууд харилцан тохиролцоод хоёр талаас оролцохоор болвол МҮОНТ-ээр шууд дамжуулж болно гэж та амлаж чадах уу?
Мэдээж чадна. Учир нь мэтгэлцээн гэдэг оролцогч талууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, мэтгэлцээний дүрмээ тохирч, болох цаг, хийх газраа товлож, түүндээ бэлдэж, үзэгчдээ хүндэтгэж хийгддэг телевиз, радиогийн тусгай нэгэн төрөл жанрын нэвтрүүлэг шүү дээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрөө ердөө жил хагасын өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд ирж оролцож л байсан. Ямар бэлтгэлтэй, ямар дэг журамтай, ямар зүй тогтлоор явагддаг билээ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байлтай.
Түүнээс биш мэтгэлцээн гэдэг нэг тал нь “мэтгэлцээнд ирэхийг шаардаж байна” гэсэн бичиг чулуудаад, нөгөө нь ирэхгүй болохоор ОНРТ рүү дайрч ороод намайг гаргаадах гэж увайгүй аашилдаг тийм замбараагүй, дүрэм журамгүй хийдэг зүйл огтхон ч биш. Иймд ОНРТ рүү мянга шаардлага хүргүүлж, миний утас руу мянга дарамталсан ч миний байр суурь хөдөлшгүй хэвээр байх болно. Харин дээр дурьдсанаар оролцогч талууд харилцан бие биенээ хүндэтгээд, дундын дэг журмаа боловсруулаад ирвэл мэдээж ОНРТ цаг, хүн хүч, студиэ бэлэн олгох болно.
-Ер нь байсгээд л МҮОНТР руу дайрдаг. Эфирээрээ гаргаж өгөхийг шаарддаг. Үнэхээр сөрөг хүчин, иргэдэд хаалттай болоод тэгээд байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
С.Жавхлан тэргүүтэй холбоодуудын Чингисийн талбай дээрх цуглаан, хэвлэлийн бага хурал гээд зохион байгуулсан үйл ажиллагаа бүрийг нь ОНРТ мэдээлийн хөтөлбөрүүдээрээ байнга сурвалжлан гаргаж байсан. Иймд тэдэнд хаалттай байсан гэвэл жинхэнэ гүтгэлэг болно. Энд сэтгэлгээний нэг том ангал байна. Ашиглах болохоороо “Олон нийтийнх юм чинь минийх гэсэн үг” гэж боддог, хаях болохоороо “Олон нийтийнх юм чинь хэний ч биш” гэж ханддаг. Эзэрхэх, эзэнгүйчлэх сэтгэхүй гэх үү дээ. Тэгсэн атлаа хувийн өмч рүү бол хэзээ ч дайрдаггүй.
Ингэж бодохоор өнгөрсөн 25 жилд хийгдсэн хувьчлалын үр дүнд хүмүүст хувийн өмчийг хүндэтгэх үзэл нэгэнт суучихсан нь том ололт гэж харагдаж байна. Монголд байгаа 60 гаруй телевизээс ганцхан ОНРТ рүү л тэд дайрч чадаж байна гэдэг хувийн өмчийг хүндэтгэж, нийтийн өмчид хайр найргүй хандаж байгаагийн тод жишээ. Нинжа нарын ухаад үлдээсэн газар нүд хальтрам байдгийн учир нь ердөө л энэ шүү дээ. Хэрэгтэй гэж үзвэл эзэрхэх гэдэг, хариуцлага хүлээх гэхээр эзэнгүй болчихдог энэ сэтгэхүйтэй л холбоотой үзэгдэл.
Дайн самуун болоход хамгийн түрүүнд радио, телевизийг нь эзлэн авдаг түүх байдаг. Энэ л жишгээр элдэв хөдөлгөөн санаачилагчид төв телевиз рүү хамгийн түрүүнд дайрдаг үзэгдэл хэзээд байсан, хойшид ч давтагдана.
-Энэ үйл явдлууд АН-ыг засаг барьж байх үеэс гэхээсээ илүүтэй МАН-ын үед их гардаг байсан. Эсвэл нам гэхээсээ удирдлагатай нь холбоотой юм уу?
Энд АН, МАН гэхээсээ, дээр дурьдсан сэтгэлгээний төлөвшлийн үйл явц л илүү нөлөөтэй болов уу. Нөгөө талаас ОНРТ-тэй байхын амин чухал хэрэгцээг тодруулаад байна уу гэж дүгнэж болно. Дайн самуун болоход хамгийн түрүүнд радио, телевизийг нь эзлэн авдаг түүх байдаг. Энэ л жишгээр элдэв хөдөлгөөн санаачилагчид төв телевиз рүү хамгийн түрүүнд дайрдаг үзэгдэл хэзээд байсан, хойшид ч давтагдана. Ийм ч учраас ОНРТ-ийг “онцгой объект” гэж үзэн цагдаагийн хамгаалалтад байлгадаг.
-Үндэсний телевизийн хураамж гэж цахилгааны мөнгөн дээр 1500 төгрөг нэмээд авчих юм. Үзсэн үзээгүйгүйгээс эс хамаараад. Гэтэл иргэд өнөөдөр голдуу кабелиар бүх сувгаа хүлээн авдаг болсон. Энийг кабелийн сувгуудтайгаа ярилцаад авч болдоггүй юм уу. Бид яагаад давхар мөнгө төлөх ёстой юм бэ?
Нэгдүгээрт 1500 төгрөг хураадаггүй. УБ хотын айл өрхөөс сард 1100, аймагт амьдардаг айл өрхөөс 850, сумд амьдардаг айл өрхөөс 650 төгрөгийг тус тус хураадаг. Дээр дурьдсан ОНРТ-ийн хуульд тухайн айл өрхийг кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран үйлчилгээний хөлсийг ноогдуулж байна гээд заачихсан. Үүнийг би зохиогоогүй, 2005 онд батлагдсан хуульд тэгж заасны дагуу хураамж төлөх төвлөрүүлэх үйл ажиллагаа явж ирсэн.
- МҮОНРТ-ээр сурталчилгааны шинж, чанартай мэдээлэл их явах юм гэдэг шүүмжийг бишгүй сонссон байх. Төсвөөс мөнгө, иргэдээс хураамж болгон авдаг мөнгө хүрэлцдэггүй хэрэг үү?
Сайн уран бүтээл хийхэд авъяастай хүмүүс хэрэгтэй, өндөр технологи хэрэгтэй. Энэ хоёр хоёулаа маш үнэтэй капитал. Бид өдөр бүр л “пээ холливудын тэр жүжигчин тийм кинонд тэдэн сая доллараар тоглосон байна” гээд л шаагидаг.
Тэд авъяасыг өндөр үнэлдэг учраас тэндээс сайн бүтээл төрж байна. Гэтэл Монголд авъяасыг шил архиар худалдан авах гэдэг. Үнэлэмж доогуур хүмүүст урам зориг төрөхгүй шүү дээ. Харамсалтай нь, ОНРТ-ийн хуульд заасан санхүүжилтийн 3 эх үүсвэрийг бүх түвшинд дандаа хасах танах тухай л ярьж ирснээс хэрхэн бэхжүүлэх үү, дэлхий нийтийн жишигт хүргэхийн тулд яах уу гэж сэтгэл зовнидог хүн маш цөөхөн.
Миний хувьд энэ буруу хандлагыг эрс өөрчилж, авъяасыг үнэлдэг, өндөр технологид хөрөнгө гаргаж чаддаг, ОНРТ-д оруулж буй санхүүжилт нь хангалттай, үлдээж буй бүтээл нь хэдэн зуунаар хойч үед энэ цаг үеийн түүх болж үлддэг байгаасай гэж үздэг учраас энэ байгууллагын ирээдүйд сэтгэл зовниж энд ирсэн. Би зорьсноо маш сайн төлөвлөж, алгуур алгуураар хийж эхэлж байна. Үр дүнд хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байна.
-Саяхан МҮОНРТ-ийнхэн хуралдаад цомотгол хийгээд цалингаа нэмэх үү, цалингаа бага хэвээр байлгаад цомотголоо болих уу гэдгийг ярилцаад сүүлийн хувилбарыг сонгосон гэсэн. Өнөөдөр танай уран бүтээлчид дунджаар хэдэн төгрөгийн цалинтай байгаа вэ?
Удирдагч хүн аливаа шийдвэр гаргахын өмнө заавал ул суурьтай судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байх хэрэгтэй гэж би үздэг. Ийм ч учраас миний хийхээр зорьж буй шинэчлэлт өөрчлөлтөнд ажилтнууд маань хэр бэлэн байгааг 4 үе шаттайгаар судалж, эцэст нь өөрийн чинь хэлсэн утга бүхий санал асуулгыг явуулсан. Ингэхийн өмнө байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг бас нийт ажилтнууддаа ил тодоор мэдээлсэн. Тэгээд санал асуулга явуулахад ажилтнууд өөрчлөлт шинэчлэлтэнд бэлэн биш байгаа нь харагдсан.
Хэдийгээр шинэчлэлтийн төлөвлөгөөг удирдагч гаргадаг ч, хэрэгжүүлэгч нь ажилтнууд байдаг учраас тэднийг үүндээ бэлтгэх, сургах хэрэгтэйг уг судалгааны үр дүн харуулсан. Тийм ч учраас өөрчлөлтийг алгуур алгуураар хийнэ гээд байгаа маань тэр. Цалингийн хувьд манай ажилтнууд хувийн телевизүүдийн дунджаас харьцангуй бага. Улсын төсвийн дэмжлэгийн мөнгө үндсэндээ 700 ажилтанд хуваагдаад таардаг.
MNB гэдэг бол радиогийн 4 суваг, телевизийн 2 суваг, цахим хуудас гэсэн 7 сувгаар тус бүр өдөрт 17 цаг, жилдээ нийт 31277 цагийн оюуны бүтээл үйлдвэрлэдэг том байгууллага. Гагцхүү телевизийн нэг сувгаа MNB гээд байгуулагынхаа нэрээр нэрлэчихсэн учраас бүх хүн тэр 700 хүнийг MNB гэсэн нэг л сувагт ажилладаг гээд бодчихдог.
Тэгээд бусад телевизүүд 100 хүнтэй ажиллаж байхад ОНТ 700 хүнтэй байна гээд шүүмжлээд байдаг. Энэ бол анхнаасаа нэршлийн /брэндинг/ том алдаа хийсний үр дагавар юм. Ийм ч учраас би энэ байгууллагад ре-брэндинг буюу нэршил ондоошлын шинэ загвар шаардлагатай гэж үзэн, энэ чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Бид үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнээ 7 сувагтаа хуваагаад, хүмүүсээ бас дундажлаад хуваахаар яг л бусад телевизүүдийн жишгээр нэг сувагт дунджаар 100 хүн л ажиллаж байгаа. Сая УИХ 2015 оны дэмжлэгээ 50 хувь бууруулахаар шийдсэн нь манай ажилтнуудын угаас бага цалинг 50 хувь хасах эсвэл тоог нь 50 хувь цөөрүүлэх гэсэн л шийдвэр байсан.
Намайг томилогдохоос өмнө гарсан энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүнд даалгавар надад тохоогдсон нь энэ байгууллагыг уран бүтээлийн сүм, сэтгүүл зүйн тэргүүлэгч болгохыг мөрөөдөж зорьж байсан зорилгод маань ихээхэн саад тотгор болж байна. Гэхдээ асуудал байна гэдэг түүнийг шийдэх гарц хайх эрэл хайгуулд хөтөлдөгөөрөө сайн талтай болохоор гарцаа гаргаад цаашаа урагшлана хэмээн зорьж зүтгэж байна даа.