Сурагчийн эрүүл мэндийг ганцхан багшид даатгаж болохгүй
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-д тусгай цагаар заадаг байсан эрүүл мэндийн хичээлийн сургалтыг өөрчлөх болсон нь маргаан дагуулаад байгаа. Манай редакци үүнээс өмнө Эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байсан. Энэ удаа БСШУ-ны сайдын зөвлөх, хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүхтэй ярилцлаа.
- Ямар учраас эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах болсон бэ?
Саяхныг хүртэл эрүүл мэндийн хичээлийг нэг цагаар ордог байсан. Одоо туршилтын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгайлсан цаг тавигдаагүй. Тэгэхээр сургалтын хөтөлбөрөөс хасчихлаа гэж хүмүүс яриад байгаа. Энэ тийм биш, зөвхөн хэлбэрийг нь өөрчилсөн хэрэг. Ингэсэн нь цаанаа учир шалтгаантай.
Засгийн газар “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн тулгын гурван чулуу нь нэгдүгээрт суралцах чадвар , хоёрдугаарт хүмүүжил төлөвшил, гуравдугаарт эрүүл мэнд.
Монгол хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг олон улсын байгуулагаад болон манайхны хийсэн олон судалгаанаас харж болно . Өсвөр насныхны жирэмслэлт, буруу хооллолт гээд олон асуудал дээр муу дүн гардаг. Эрүүл мэндийн төрийн болон ТББ-ын хийсэн дүгнэлтээр ч батлагддаг.
Эрүүл мэндийн хичээлийг 16 жил зааж, багш нараа чадах ядахаараа бэлдээд байхад яагаад ийм байна гэдэг асуулт гарч ирсэн. Сургуулийн захирал байтугай анги удирдсан багш нь хүртэл сурагчдынхаа эрүүл мэндэд төдийлөн сайн анхаарч чаддаггүй байсан
Судалгаанаас харахад эрэгтэй сурагчдын 30 хувь нь тамхи татдаг гэж хариулжээ.
Тиймээс Эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрүүл мэндийн багш гэсэн нэг хүнд даатгаад орхидогоо болих хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайн сургуульд ажилладаг бүх багшийн ажлын үзүүлэлтэд “та сурагчдын эрүүл мэндэд ямар хувь нэмэр оруулсан бэ” гэсэн шалгуур үзүүлэлтийг оруулсан. Хүүхдийн эрүүл мэндийг эрүүл орчин, эрүүл харилцаа, эрүүл бие гэсэн гурван үзүүлэлтээр авч үзэж байгаа. Тэр байтугай сургуулийн номын санч, үйлчлэгчид хүртэл сурагчийн эрүүл мэнд хамаатай. Тухайн сургуулийн ажлын эцсийн үр дүн сурагчдынх нь хэдэн хувь нь эрүүл чийрэг байгаагаар үнэлэгдэх учиртай.
Мөн биологийн хичээлийг хүн төвтэй болгож эрүүл мэндийн хичээлийн нилээд агуулга шингэсэн байгаа. Жишээ нь сурагчид уушигны талаар судалж байх үедээ яавал эрүүл уушигтай амьдрах вэ гэдгээ ч давхар судална гэсэн үг
Хөдөлгөөний эвсэл, дадал хэвшилтэй холбоотой асуудлыг биеийн тамирын хичээлээр шийднэгэсэн үг .
Одоо явагдаж буй туршилт бол эцсийн хувилбар биш гэдгийг онцолъё.
Өнөөдөр олон хүүхэд компьютер тоглож хараа нь муудаж байна. Тэгвэл энэ хор уршгийн талын мэдлэг мэдээлэл, зөв дадал хэвшлийн асуудалд мэдээлэл зүйн багш хувь нэмрээ оруулна . Энэ мэтээр эрүүл мэндийн хичээл маань улам өргөн агуулгатай болж байна.
Үүнээс гадна өөрт тулгамдсан, сонирхсон хэрэгцээтэй асуудлаа сонгон судлах үйл ажиллагааны 3 цагтай болсон байгаа. Бүх асуудлаа багшийн амаар хэлүүлээд, багш зааж бичүүлэх биш хүүхэд өөрөө багшийн чиглүүлэг дор судлах, мэдээдэл цуглуулах, боловсруулах, хэрэглэх аргад суралцаж байна.
Одоогоор орон нутгийн 24, нийслэлийн 40 лаборатори сургууль дээр энэ хөтөлбөрийг туршиж байна. Хичээлийн жил дуусахаар алдаа, оноо нь харагдаж эхний байдал харагдана.
Одоо явагдаж буй туршилт бол эцсийн хувилбар биш гэдгийг онцолъё. Ирэх намраас бүх сургуульд нэвтрүүлэхдээ хамгийн сайн үр дүнтэй гэсэн хувилбараа сонгоно .
- Эмнэлгийн мэргэжилтнүүд бусад хичээлд нэгтгэж болохгүй, заавал мэргэжлийн хүн заах сэдвүүд байгаа гэсэн байр суурьтай байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Тэр сэдвүүдийг сургуулийн эмч хариуцаж болно. Эрүүл мэндийн багш ч эмчийн мэргэжилгүй шүү дээ . Гэхдээ энд эрүүл мэндийн багш нарыг үгүйсгэж байгаа юм биш. Яавал хамгийн үр дүнтэй байх вэ гэдэг нь хамгийн чухал байгаа юм.
Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын үр дүнтэй саналыг бид хүлээж байна. Монгол хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн бодит байдал ямар байна гэдэг нь чухал болохоос та бидний маргаан, зөрчилдөөн сонин биш. Бид боловсролын тогтолцоогоор дамжуулаад хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулах арга замыг л хайж байна. Хоёр хананы наана, цаана суучихаад чиний буруу, миний зөв гээд улс төр хийгээд байвал бүтэхгүй. Манайхан шүүмжлэхдээ сайн. Гэтэл ямар гарц байна вэ гэхээр олигтой санал гаргадаггүй. Эрүүл мэндийн хичээлийг хасуулахгүй гэсэн ганцхан л юм яриад байх юм.
Яавал хамгийн үр дүнтэй байх вэ гэдэг дээр л энэ асуудлыг сонирхсон хүмүүстэй хамтарч ажилламаар байна. Бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ.
- Энэ асуудал дээр Боловсролын яам, Эрүүл мэнд, спортын яам хоёр яаж хамтарч ажиллаж байгаа вэ?
Хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллахаар болсон. Эрүүл мэндийн боловсрол хариуцсан хэлтсийн дарга нь бидэнтэй ирж уулзаад хамтарч ажиллах санал тавьж сургууль багш нарт мэдлэг, мэдээлэл дутагдвал тусалъя гэдгээ хэлсэн.