Барилгын салбарт хамтран ажиллахад бэлэн гэв
Монгол Улсын эдийн засагт 2014 онд бий болсон долоон хувийн өсөлтийн 80 хувийг барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлтөөр хангасан нь манай улсын эдийн засгийг 100 хувь уул уурхайн салбараас хамааралтай бус байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг харахад одоогийн байдлаар барилгын салбар зогсонги байдалд орсон нь зөвхөн энэ салбарынхны асуудал биш, цаашдын эдийн засгийн өсөлт, бууралтад нөлөөлнө гэж Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар онцолж буй.
Тэрээр уржигдар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Тэд энэ удаа Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт шаардлага хүргүүлж байгаа аж. Уг шаардлагад дурдсанаар барилгын салбар нь эдийн засгийн өсөлтөд голлон тэргүүлэх үүрэгтэй, олон арван ажлын байр хадгалж татварын орлогод ихээхэн хувь нэмэр оруулдаг.
Барилгын аж үйлдвэрлэлийг 2015 оны их ажлын эхлэлийн өмнө бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих, нэгэнт баригдсан барилгуудын худалдан авах зах зээлийг өргөжүүлж, эрэлтийг урамшуулахад чиглэсэн ажлыг яаралтай авахыг хүсч байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд олгох журамд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт уламжилж өгөхийг салбар хариуцсан сайд Д.Цогтбаатараас хүсч байгаа нь энэ юм. Барилгын салбарыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд зарим өөрчлөлтийг яаралтай хийвэл зохилтой байгааг дараах байдлаар тайлбарлаж байна.
Нэгдүгээрт, нэгэнт баригдаж улсын комисс хүлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 'хувийг 10 хувь болгон бууруулж 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх , мөн орон сууцны хэмжээг 80 метр квадратаар тоггоож байгааг 150 метр болгон нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн урьдчилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэн байршуулах хэрэгтэй байна гэсэн юм.