Цонх халхалсан барилгыг анх удаа буулгалаа
Нийслэл хотын хэмжээнд тулгамдаж байгаа олон асуудлын нэг бол эмх замбараагүй барилгажилт буюу хот төлөвлөлт. Нийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих явдал газар авсан.
Зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг нураах шийдвэр гардаг ч өнөөг хэр түүхэндээ нэг ч барилгыг нурааж байсангүй ээ. Нураана гэж хэсэг хугацаанд сүр дуулиатай яригдаж байгаад л намждаг байв. Харин өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэхь өдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр түүхэн гэмээр нэгэн үйл явдал болов.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлжээ. Энэ талаар өчигдөр үдээс хойш биднийг сурвалжлахаар очиход барилгын С корпусын хоёр давхарыг нураах ажил эд явагдаж байв. Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байжээ.
Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тэд зөвхөн өргөтгөлийн хоёр давхарыг нураах гэрээ байгуулжээ. Харин 12 давхар уг зочид буудлын үндсэн барилгыг ямар компани буулгах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна гэлээ.
-2011 ОНД БАРИЛГЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙЖЭЭ-
Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд энэхүү зочид буудлын зориулалтаар баригдсан барилгын 490 метр кв газрын зөвшөөрлийг олгож байжээ. 2004 онд уг газрыг хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг бол 2009 онд тухайн зочид буудлын ар талын орон сууцны оршин суугчдын гомдлын дагуу уг зөвшөөрлийг хүчингүй болгож, 2011 онд Захиргааны хэргийн шүүхээс уг барилгын ар талын хэсгийн С блокыг нураах шийдвэр гаргуулж байсан ч өнөөдрийг хүртэл энэхүү шийдвэр биелэлээ олоогүй байсан юм.
2009 онд тухайн үед хотын захирагчаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр энэхүү зөвшөөрлийг хүчингүй болгож, нураах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Засаг даргад үүрэг болгожээ. Мөн энэ дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 онд уг барилгыг нураах шийдвэр гаргаж байсан ч өдийг хүртэл нураагаагүй байсан юм.
Харин хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олжээ. Уг “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг “Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барисан байна. Энэ барилга нь техникийн давхартайгаа нийт 13 давхар бөгөөд “Инкон” хэмээх Оросын хөрөнгө оруулалттай компани А, С гэсэн хоёр хэсгийн ажлыг гүйцэтгэжээ.
- НАЙМАН ЖИЛ ХАРААГҮЙ НАРНЫ ГЭРЛЭЭ ОДОО Л ХАРАХ НЬ ЭЭ-
Уг гайтай барилгын балагаар хажуу талын 14-р байрны 10 гаруй айл найман жил нарны гэрэл хараагүй байна. Тэд үүнд барилгын компанийг буруутгаж 2009 оноос эхлэн шүүхэд гомдол гаргаж эхэлжээ. Тэдний олон жил зүтгэсэн энэ тэмцэл нүдэн дээр нь ажил хэрэг болж буйд оршин суугчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. 14-р байрны хоёр давхарын оршин суугчтай хэсэг ярилцлаа. Тэрээр мөн л найман жил нар үзэлгүй амьдарсан хэдэн айлуудыг нэг ажээ.
Барилгын өргөтгөл орон сууцнаас нэг метр хүрэхгүй зайд наалдуулж барьсан учир нар тусч агаар, салхи ордог талын цонхыг таглаад барилга барьчихсан болохоор тэдний байрны тагт хөгцөрч, хана тааз чийг даагаад, шавар нь хуурч ханзарсан байна. Үргэлж чийгтэй байсных тэрүү сүүлийн үед хөгз үнэртдэг болжээ. Тэрээр “Хүнтэйгээ байртайгаа найман жил хараагүй нараа харах боломжтой болж байгаа нь сайхан байна. Гэхдээ түүнээс илүү хууль дүрэм хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа нь сайшаалтай зүйл боллоо” гэсэн юм.
Барилгын хоёр давхар өргөтгөлийн хэсгийн дээд давхарыг 7 хоногийн дараа бүрэн нурааж дуусахаар төлөвлөжээ. Харин түүний дараа 12 давхар зочид буудлыг үндсэн барилгын ямар компани хэзээнээс эхэлж нурааж эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ үйлдэл нийтийн эзэмшил газарт, зөвшөөрөлгүй, дур зоргоороо барилга баридаг бүдүүн хүзүүтэй барилгын компаниудад том сануулга, сэрэмжлүүлэг болсон биз ээ.